Улсын онцгой комисс ирэх долдугаар сард багтаан нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна

2021-03-09 415 0
Монгол Улсад “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалт 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. Улсын онцгой комисс 14 хоног тандалт, судалгаа хийсний дараа дархлаажуулалтыг эрчимжүүлж, өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн юм. Хуваарийн дагуу өнөөдрөөс
1. Улаанбаатар цахилгаан түгээх
2. Тохижилт үйлчилгээний компани
3. Цэвэрлэх байгууламж
4. Хил хамгаалах
5. Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид хамрагдаж байна.
Иргэдийн орох, гарах урсгал тусдаа, яаралтай үед ажиллах эмнэлгийн тусламжийн баг бэлэн, дархлаажуулалт хийлгэсэн иргэнд сөрөг нөлөө илэрвэл эмчилгээ үзүүлэх өрөөг бэлджээ. Вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог учир иргэд заавал хоёр тун тариулах ёстой.
Дүүрэг бүрт 10-15, нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллахаас өнөөдөр 44 нь ажиллаж байна. Үлдсэн 40 гаруй цэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж маргаашнаас иргэдийг хүлээн авахаар болжээ. Мөн маргааш худалдаа, үйлчилгээний салбарынхан, гуравдугаар сарын 11-нээс боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид гэх мэтээр төлөвлөгөөний дагуу хамруулах юм.
Улсын онцгой комисс долдугаар сард багтаан нийт хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулалтад хамруулж дуусгахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ