М.Бөхбат: Н.Түвшинбаярын асуудлыг бүх талаас нь нягталж шалгаасай гэж бодож байна

2021-04-07 5078 6

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, олимпийн зэрэглэлийн шүүгч, гавьяат дасгалжуулагч Машбатын Бөхбаттай ярилцлаа.

-Олимп хаяанд ирсэн энэ чухал мөчид жүдо бөхийн хоёр тамирчин зодолдож, нэгийгээ гэмтээсэн асуудал монголчуудын бахархал, тэднийг гэсэн сайхан сэтгэл рүү ус цацлаа. Шуудхан хэлэхэд бүгд арамсч, жихүүцэж байна. Тэд хэдий шигшээ багт харъяалалгүй ч Монголын жүдочид хэмээх их айлаас өсч өндийсөн залуусын нэг. Та Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж явсан. Бас олимпийн зэрэглэлийн шүүгч. Болж буй үйл явцад ямар дүгнэлт өгөх вэ?

-Ийм зүйл болсонд гүнээ харамсаж байна. Надтай бодол нэгтэй олон хүн байгаа байх. Жүдо ямар сайхан спорт болохыг манай ард түмэн сайн мэдэхээс гадна зүрх сэтгэлээрээ дэмжсээр ирсэн. Саяхан болсон “Ихдуулга”-д баг тамирчид маань амжилттай оролцож, монголчууд хэрхэн баярлаж, бахдан хүлээн авлаа. Тийм биз дээ. Энэ спортод өндөр амжилт гаргахаас гадна ёс зүй, сахилга бат, хүндэтгэл гэж асар чухал зүйл бий. Гэвч энэ удаа нэр хүндтэй хоёр тамирчны маань нэг нь үхэл амьдралын заагт, нөгөө нь хэцүү нэртэд хүргэгдлээ. Бодох бүрт харамсал төрж байна. Хэвийн бус энэ үзэгдэлд миний бие олон түмнээсээ, жүдо бөхийн спортод элэгтэй, энэ спортыг дэмждэг нийт монголчуудаасаа уучлал гуйж, гүнээ харамсаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлье. Э.Энхбатынхаа гэр бүл, үр хүүхэд, аав, ээж, ах дүү садан, төрөл төрөгсдөөс нь уучлал гуйя.

-Чухам юунаас болж ийм харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл танд байна уу?

-Хэвлэлд гарч, цагдаагаас мэдээлснээс илүү мэдээлэл алга. Үнэнээ л хэлье. Би АНУ-д биеэ эмчлүүлж байна. Болсон явдлыг хэвлэл, мэдээллээс анх хараад гайхаж, одоо ч итгэж чадахгүй л байна. Н.Түвшинбаярын гаргасан амжилт бүр нэг хүнийх юм шиг харагддаг ч угтаа бол Монгол Улсын амжилт юм шүү дээ. Энэ амжилтын цаана уул ус, өсөж төрсөн нутгийн ахан дүүс, эцэг, эх, өвөг дээдэс, баг хамт олон, найз нөхөд, багш дасгалжуулагч, эмч массажист болон бэлтгэл хангагчид бүгд багтдаг. Ер нь бол багийн амжилт. Түүний үзүүлсэн энэ ховор амжилт бол нийт монголчуудын амжилт. Бидний түүх гэсэн үг. Тэгэхээр гаргасан амжилтыг нь цуцлуулах асуудал яагаад ч байж болохгүй зүйл. Бид өөрсдийн түүхээ үгүй хийжболохгүй. Харин хувь хүний тухайд, хариуцлага тооцох нь мэдээж байх ёстой зүй ёсны асуудал.

-Энэ асуудлын дараа олимпийн аварга Н.Түвшинбаяр жүдогийн татамид дахин гарах ёс зүйн асуудал сөхөгдөх болов уу?

-Ёс зүйн асуудлыг зүй ёсоор шаардах ёстой. Энэ дагуу жүдогийн хамт олон хариуцлага нэхэх нь зөв юм. Энэ бол цаг хугацааны асуудал. Бид өмнө нь тамирчин, багш, дасгалжуулагч, удирдлагуудад хариуцлага тооцож, шийтгэл ногдуулж байсан. Баг тамирчдын амжилтаас шалтгаалан өөрөө ч ажлаа хүлээлгэн өгсөн удаатай. Хариуцлага, шийтгэл бүрийг ил гаргаж мэдээлж байсангүй. Учир нь хувь хүний нууц гэдэг утгаар нь олонд зарлах нь таатай биш гэж үздэг.

-Өнгөрсөн хугацаанд холбооны зүгээс улсын начин Э.Энхбатын ар гэрийнхэнтэй холбогдож, хохирогчийн эрүүл мэндэд анхаарсан зүйл байна уу?

-Э.Энхбатыг хохирсон өдрөөс эхлэн олон хүн анхаарал тавьж, асууж сураглаж, амь наснаас хол байгаасай, хөл дээрээ босоосой гэж залбирч байна. Түргэн л эдгэрээсэй билээ. Биеийн байдал нь тогтворжоод ирвэл гаднын сайн эмнэлэгт эмчлүүлэхээр ярьж байгаа. Монголынхоо алтан гарт эмч нарт ч ихээхэн найдаж байна. Э.Энхбатынхаа гэр бүлээс ахин дахин уучлалт гуйж байгаагаа энэ ярилцлагаараа дамжуулж байна. Тэдэнд ямар хэцүү байгааг ойлгож байна. Монголын ард түмний сэтгэл зүрх шимширч байна. Бидэнд энэ хүн эрүүл болно гэдэг сайхан сэтгэл, ерөөл юу юунаас чухал.

-Олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын начин Э.Энхбат нар өмнө нь бэлтгэл, сургуулилалт, тэмцээн уралдааны үед таарамжгүй байдал үүсгэж байсан уу?

-Тийм байдал огт гаргаж байгаагүй. Гэхдээ тэднийг ийм байдалд оруулсан шалтгаан байх шиг байна. Мөн Н.Түвшинбаярт архинаас гадна элдэв сэтгэцэд нөлөөлөх бодис ууж байгаа зүйлд нь хийж өгсөн эсэхийг сайтар шалгах хэрэгтэй гэж бодож байна. Маш дотно найзууд иймдээ тултал асуудал үүсгэнэ гэдэг нь өөрөө эрүүл биш. Эрүүл ухаан нь алдагдсан байна гэсэн үг. Монголчууд үнэнд л дуртай ард түмэн.

-Хоёр дотнын найзууд ийм асуудал гаргасанд хөндлөнгийн нөлөө орсон гэж хэлж байна уу?

-Магадгүй учраас л сайн шалгах хэрэгтэй гэж бодож байна. Эргэн тойронд нь ямар ч хүмүүс байсан юм. Мөн Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах зорилгоор энэ хоёр залууг золиос болгосон байх вий. Саяхан болсон явдлуудыг эргэцүүлэхэд боксын тамирчин сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн асуудал гарлаа гээд шуугисан. Бас л эрүүл ухаанаас гарамгүй үйлдэл гаргасан бичлэгийг нь хүртэл цацаад байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсны төлөө олигархи бүлэгтэй тэмцэж байгааг ард түмэн мэдэж байгаа. Тэгэхээр нөгөө талаас нь хийсэн байж магад гэсэн хардлага байна. Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгч болоод халаа сэлгээ хийсэнгүй. Хүнд их итгэмтгий, гүндүүгүй цайлган хүн шүү дээ. Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, олимпийн аварга Э.Бадар-Ууган гэхчлэн хүмүүсийг улираан ажиллуулж байгаа.

-Ингэхэд Н.Түвшинбаяр аварга архи дарс тэгэж их хүртдэг хүн үү, энэ талаар та юу мэдэх вэ?

-Тэгэж их ууж согтуурч байхыг нь харж байсангүй. Аливаа баяр ёслолын арга хэмжээ, найр хурим гэх мэт үйл явдлуудад таарч байсан. Хэтрүүлж ууж хүн амьтан зодож элдэв асуудалд орж байсныг мэдэхгүй юм. Хүнийхээ хувьд их зөөлөн, цайлган хүү хөдөөнөөс анх ирж байсан, тэр зан нь олимпийн аварга боллоо, ийм тийм амжилт гаргалаа гээд өөрчлөгдөөгүй, ийм л залуу.

-Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцох боломжгүй болж байна. Тамирчдаас коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл байгаа?

-Энэ талаар манай холбоо албан ёсны хариулт өгсөн байна билээ. Миний бодол гэвэл, эрсдлээ тооцоолж гадагшаа явах хэрэгтэй байлаа. Мөн зарим тамирчин олимпийн наадамтай жилийн тэмцээн,  уралдаанд хувийн зардлаар оролцоно гэдэг байж болохгүй асуудал гэдгийг хэлье.

-Хэрэв та Жүдо бөхийн холбоондоо харьяалагдаж байсан бол Н.Түвшинбаярт ямар хариуцлага тооцох байв?

-Хариуцлага тооцох асуудал нь хууль хяналтын байгууллагын түвшинд ч нэг тийш болоогүй байхад бид яараад яах вэ. Энэ асуудал дээр шалгалт дөнгөж явуулж байна гэж ойлгосон. Миний бодлоор холбооны Удирдах зөвлөлөөс ёс зүйн шийтгэл ногдуулж таарна байх. Мэдээж тодорхой хугацаагаар барилдах эрхийг нь хасах болов уу. Бөх хүнд барилдах эрхийг нь хасна гэдэг сэтгэл санааны том шийтгэл болдог. Эцэст нь хэлэхэд, олимп, сонгууль, Оюутолгойн асуудал сөхөгдсөн эгзэгтэй цаг мөчид бидний бахархлыг идэж ууж байгаа зүйлд нь болохгүй зүйл хольж бидний “эсрэг” тавьсан уу, эсвэл Ерөнхийлөгчтэй хамгийн ойр хүнийг улс төрийн бай болгон ашигласан уу. Ерөнхийлөгчийн олигархуудтай хийж буй тэмцлийн эсрэг ойрын хүмүүсийг нь энэ мэтээр зориуд хальтруулж, харлуулах санаатай үйлдүүд явагдаад эхлэв үү гэдгийг эргэн тунгаах орон зай бидэнд үлдсэн байгаасай л гэж бодож байна даа.

Холбоотой мэдээ