Шинэ Засгийн газрын сайд нарыг томилох парламентын хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд асан Д.Цогтбаатар шинэ Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад хандан манай шүүх, прокурорын байгууллагын алдаа завхарлаас болж Монгол Улс олон улсын хоригт орох эрсдэл ойрхон байгааг анхаарууллаа.
Тэрбээр “Ерөнхий сайд, хууль зүйн сайдад эдгээр илтгэлийг өгнө. Би хуудас бүрээр нь тэмдэглэгээ хийсэн байгаа. Энэ бол Парист төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Венад төвтэй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Женевт тэвтэй Хүний эрхийн дээд комиссарын газар, Хүний эрхийн хороо, Европын холбоо, “Freedom house”, АНУ-ын ЭСЯ гээд маш олон байгууллагын судалгаа дүгнэлт юм. Эдгээрт манай улсын талаар нэг зүйлийг нэг үгээр, нэг амаар, нэг санаатайгаар тууштайгаар хэлсэн байна.
Монгол Улсын шүүх, прокурорын байгууллага ялзарсан, авлигатай, хараат бус байж чадахгүй байна гэдгийг эдгээр тайланд бүгд онцлон тэмдэглэсэн.
Ерөнхий сайд гарч ирэхдээ шударга ёсны төлөө тэмцэнэ гэж маш тодорхой хэлсэн. Саяхан Шүүхийн тухай хууль шинэчлэгдсэн. Засгийн газрын тухай хуулийн долдугаар зүйлд хуулийн хэрэгжилтийг Засгийн газар хариуцаж ажиллана гэж заасан байдаг. Тэгэхээр шударга ёсыг тогтооход миний сая хэлсэн институтууд дээр хуулийн хэрэгжилт сайжрахгүй бол Ерөнхий сайд таны шударга ёсны төлөөх тэмцэл үр дүнд хүрэхгүй, тунхаглал болж үлдэнэ. Тийм учраас эдгээр тайланг сайн уншиж, бүгдээрээ танилцаарай. Шалтгааныг нь маш тодорхой хэлсэн байна. Дэлхий биднийг ингэж харж, ийм дүн тавьж байна. Би энэ талаар эртхэн санууллаа шүү.
Урьд нь энийг хийхгүй бол болохгүй байна шүү гэж сануулсаар атал юу ч хийхгүй байсаар ФАТФ-д орсон. Дараа нь бие биеэсээ буруу хайгаад л явсан.
Одоо дараагийн олон улсын хоригт орж болзошгүй том эрсдэлүүд эдгээр тайланд байгаа шүү. Ялангуяа хүний эрх талаасаа. Хүний эрхийг хамгаалахад хийх ажил маш их байна, дуусаагүй байгаа шүү. Үүнд анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна” гэв.
0 cэтгэгдэлтэй