“И-Коммодитс Монголиа” компани  эх, нялхаст 500 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа  

2024-10-23 28 0

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр улсдаа ганц гэж хэлж болох төрөлжсөн, мэргэжлийн эмнэлэг. 1100 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд хоногт 400 орчим хүүхэд, мөн тооны эхэд эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж ажилладаг.

Өвдөж тэвдэж яваа эх хүүхдэд эмнэлгийн яаралтай тусламж, эмчилгээг цаг алдахгүй хүргэх, орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр оношлуулах, эмчлүүлэхэд нь туслах зорилгоор “И-Коммодитс Монголиа” компанийнхан салбар компаниудтайгаа хамтран ЭХЭМҮТ-д эмчилгээний тоног төхөөрөмж хандивлалаа.

Өвчтөний хяналтын монитор, судас тодруулагч гэрэл, нярайн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппрат, зүрхний эхо аппрат, эм хадгалах хөргөгч, электрон дэлгэц, яаралтай тусламжийн тэргэнцэр, тариурын автомат шахуурга зэрэг хорин нэр төрлийн 100 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийгмийн харицлагынхаа хүрээнд ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгөв.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр “И-Коммодитс Монголиа” компанийн Дэд захирал Ш.Нэргүй “Манай компани нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 500 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг эх, хүүхдийн эрүүлийг хамгаалахад зориулж хүлээлгэн өгч байна. Бид Монгол Улсын төсөвт төвлөрүүлж байгаа татвар төлөлтөөрөө ТОП-100 ААН-ийн 24-т эрэмбэлэгддэг. Манай хамт олон нийгмийн сайн сайхны төлөө тодорхой хуваарьт ажлыг шат дараатай хийсээр ирсэн. Мөн орон нутгийнхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахаас гадна Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн төлөө, тэдний эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлд тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ удаад эх, хүүхдийн эрүүл энхийн төлөө цаг наргүй ажилладаг тангараг өргөсөн эмч, сувилагчдынхаа  ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр ажил үйлчилгээгээ хүргэхэд нь анхаарлаа. Эмнэлгийн үйлчилгээ чанартай, шуурхай байвал үр дүнд нь эх, хүүхэд эрүүл, аюулгүй байна” гэв.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий Захирал,  Анагаах ухааны доктор Ш.Алтантуяа тоног төхөөрөмж хүлээн авах үеэрээ “Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө ганц тангараг өргөсөн эмч, сувилагчид санаа зовниж, цаг наргүй ажилладаггүй юм. Үндэсний томоохон аж ахуйн нэгж, компаниуд, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүх салбарт хувь нэмрээ оруулдаг болсныг манай эмнэлэгт амжилттай хэрэгжсэн энэхүү төсөл харуулж байна. Нүүрс тээврийн салбарт өөрийн гэсэн зам мөртэй, улсдаа татвараа төвлөрүүлээд, нийгмийн сайн сайхны төлөө тодорхой ажлууд санаачлаад байгаа “И-Коммодитс Монголиа” компанийн хамт олонд машид их талархаж байна. Бидний ажил, мэргэжил эмнэлэг, үйлчилгээнд нэн шаардлагатай  20 нэр төрлийн 101 ширхэг, 500 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивлаж байгааг бид арчлан өөрийн өмч болгож бүртгэж авлаа. Бид багаж, тоног төхөөрөмжүүдээ хэдийн ашиглаж эхэлсэн. Орчин үеийн, өндөр үзүүлэлт бүхий техник хэрэгсэлтэй болсноор эмч сувилагчдын ажиллах орчин сайжирч, эх, нялхсын эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт болж байна” гэлээ. Монголын үрс маш олон болтугай.

Холбоотой мэдээ