Н.Гантулга: Хамтдаа хөгжиж, хамтдаа манлайлах нь өөрийгөө таниулах боломж юм

2024-09-11 25 0

Би Монгол Улсын аварга малчин, аймгийн алдарт уяач Наваанчогдон гэдэг айлын 9 дэх хүүхэд. Дээрээ 7 эгч, нэг ахтай. Би өөрөө хоёр ихэр. Ихэр маань 10 дахь хүүхэд гэж явдаг. Гантулгынх гэдэг шинэ өрх айлыг бий болгоод явж байгаа залуу гэр бүл. Хань охин, хүүгийн хамт нутагтаа ажиллаж, амьдарч байна. Миний ээж миний сайн зөвлөгч байсан. “Боломж үргэлж байдаг. Сонголт чиний гарт” гэдэг үгийг байнга захидаг байсан. Энэ захиасын дагуу суралцсан сургууль, эзэмшсэн мэргэжил, ажиллах алба гээд бүгдийг өөрөө л сонгосон. Миний сонголт, надад олдсон боломжийн нэг нь миний алба. Ирээдүйд ч маш олон боломжууд байгаа. Ухаалаг сонголтыг хийсээр байх болно гэж боддог.

2012 онд Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2013-2017 онд Их Засаг ОУИС-ийн Хууль эрх зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр суралцан дээд боловсрол эзэмшсэн. Мөн 2021-2022 онд Глобал Удирдагч их сургуулийг Хууль эрх зүйн магистрын зэрэг хамгаалж амжилттай суралцсан. Сургуулиа төгсөөд тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Анх Онцгой алба руу тэмүүлсэн түүх их хөгжилтэй. 2019 онд манай аймгийн хууль хүчний байгууллагуудын дунд 12 километрийн алсын зайн гүйлтийн тэмцээн болж дэд байранд шалгарч байлаа. Тэмцээний үер Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтанбаганатай анх танилцаж, онцгой байдлын байгууллагын түүхэн замнал ажил албаны онцлогийг сонссон нь маш сонирхол татаж надад нэг шинэ боломж нээгдэж байна гэж бодож Онцгой алба руу тэмүүлэх болсон. Ингээд л алба руугаа урваж 2019 оны 12 сард аймгийнхаа Онцгой байдлын газарт Бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажилд орсноор одоог хүртэл ажиллаж байна. Бага байхын л хууль хүчний байгууллагад ажиллах хүсэл тэмүүлэлтэй байсан. Аавын маань ахлах түрүүч цолтой цэргийн щинелтэй авхуулсан нэг зураг миний альбомд байдаг. Маш жавхаалаг харах бүрд эрч хүч мэдрэгддэг. Тэр зургийг харах бүрд цэргийн дүрэмт хувцас өмссөн аав шигээ хүн болно гэж боддог хүүхэд насны минь мөрөөдөл ингэж биелсэн юм.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл байгууллагынхаа алба хаагчдыг хөгжүүлэх талаас олон арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний нэг нь Үндэсний шагайн харваагаар алба хаагчдыг хичээллүүлж эхэлсэн. Миний хувьд сүүлийн 3 жил энэ спортод дурлаж шимтэн хичээллэж байна. Түүнчлэн жил бүр зохион байгуулагддаг марш тусгай бэлтгэлийн тэмцээнд тогтмол амжилттай оролцдог хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор 2024 оныг Ахлагчийн жил болгон зарлаж олон онцлох арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс төр засаг, байгууллагын зүгээс бидний төлөө сэтгэл зүрх гарган нийгмийн асуудлыг үе шаттай амжилттай шийдвэрлэж байгаа удирдлагуудад талархаж байна. Саяхан ахлагч бүрэлдэхүүний цалин хөлс тодорхой хувиар нэмэгдлээ. Цаашид ч ахлагч бүрэлдэхүүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлсээр байх болно гэдэгт итгэл төгс байна. Миний хувьд даалгасан үүргийг бэрхшээл биш харин сорилт, боломж гэж хүлээж авч үлгэр жишээч хариуцлагатайгаар үүрэг даалгаврыг биелүүлэх нь бусдыгаа манлайлахын нэг хэлбэр гэж боддог. Хамтдаа хөгжиж хамтдаа манлайлах нь өөрийгөө таниулах боломж юм болов уу гэж харж байна.

“Ахлагчийн чуулга уулзалт 2024” амжилттай зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтаар ОББ болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мянга мянган ахлагч нарыг төлөөлж “Ахлагч бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар мэргэшлийн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар санал бодлоо хүргэсэн. Мөн чуулганы панелистаар ажилласан. Өмнө нь панелистаар оролцож байгаагүй миний хувь энэ нь бас нэгэн өөрийгөө илэрхийлэх боломж байсан. Албаны маань хувьд ахлагч бүрэлдэхүүний анхаарах асуудлыг нэг бол зайлшгүй сургалт боловсролын асуудал болов уу. Миний түүврийн аргаар авсан судалгаагаар 67.5 хувийг бүрэн бус дунд болон бүрэнд дунд боловсролтой алба хаагчид эзэлж байгаа нь тэдний боловсролын байдлыг дээшлүүлж, мэргэжил эзэмшүүлж, мэргэшүүлэх, техник технологи хөгжиж байгаа энэ үед ахлагч бүрэлдэхүүнээс зэвсэг техникийг мэргэжилтнүүдийг бэлтгэх шаталсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулах хэрэгцээ шаардлага байна гэж харж байна. Бидний алба бол иргэдийнхээ сайн сайхны төлөө иргэдээ гамшгийн аюулаас аврах, хамгаалах, сэргийлэхийн төлөө ажилладаг. Гэтэл алба хаагчдын сэтгэл зүйг дэмжих, тэднийг аливаа гамшиг осол, гэмт хэргээс хамгаалах, арга хэмжээ маш дутагдалтай байна уу гэж хардаг. Тиймээс би, бид алба хаагчдынхаа дунд тэдний төлөө гэсэн сайн зөвлөгч, туслагч, үнэнч анд болох нь чухал.

Холбоотой мэдээ