С.БЯМБАХОРЛОО: Төрийн өмчит компанийн менежментийг сайжруулснаар эдийн засагт яаж эерэг нөлөөлдгийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос харж болохоор байна

2025-02-03 23 0

СЭЗИС-ийн доктор, профессор С.Бямбахорлоотой ярилцлаа.


-Энэ онд Монгол Улсын эдийн засаг ямар байхаар байна вэ?

-Манай улсын хувьд ам.доллар олж байгаа гол салбар нь уул уурхайн салбар. Ялангуяа нүүрсний борлуулалт эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Нийт экспортын бараг 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс голлож байна. Валютын ханш сүүлийн саруудад 20-30 төгрөгөөр нэмэгдлээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар ам.долларын ханш өсөөд эхэллээ. Цаашид ам.долларын ханшийн өсөлт ажиглагдах байх. Гол нь бидний хувьд уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ дэлхийн зах зээл дээр яаж борлуулах вэ гэдэгт богино хугацаандаа анхаарах ёстой.

-Саяхан ураны хөрөнгө оруулалтын гэрээ батлагдлаа. Эндээс орж ирэх үр өгөөжийг та хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Ерөнхийдөө 2028 он хүртэл төслийн бэлтгэл ажил явагдах юм билээ. Тэрнээс хойш бүтээгдэхүүнээ боловсруулна гэж төлөвлөсөн байсан. Ураны гэрээ Оюу толгойн алдааг давтаагүй сайн болсон гэж шийдвэр гаргагчид сүрхий ярьцгааж байна. Яг үнэндээ гэрээний нөхцөлийг харахаар тун эргэлзээтэй. АМНАТ-ийг 5.5 хувиас өсөн нэмэгдэх байдлаар ногдуулна гэж байгаа. Энэ нь өнөөдөр 69 ам.долларын үнэтэй байгаа бүтээгдэхүүн 130 ам.доллар болбол АМНАТ-ийг үе шаттайгаар 19 хувь хүртэл өсгөнө гэсэн үг. Гэхдээ “Бухын доодхыг харж үнэг турж үхнэ” гэдэг шиг ханш нь хэзээ өсөөд АМНАТ өндөр авах нь тодорхойгүй. Нөхцөл бололцоо нь тун тааруухан. Нөгөө талаасаа ашгаас авах татвар нь тухайн байгууллагын бодлого менежментээс шууд хамаардаг ойлголт. Үндэстэн дамнасан үйлчилгээ авах, хөрөнгө оруулалтыг зээлээр хийж зээлийн хүү хэлбэрээр зардлыг өсгөх байдлаар ашиггүй ажиллуулж болно. Оюу толгой ашиглалтад орсноор бид АМНАТ-ын татвар л авсан. Түүнээс биш ашгийн татвар болон ногдол ашиг авсан юм алга. Судлаач хүний хувьд хэлэхэд, Монгол Улсын төр засгаас аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа удирдлагад битгий оролцоосой гэж боддог. Яагаад гэвэл бүх өмч төрийнх болоод хувирчих юм бол ардчилсан улс гэж яриад хэрэггүй биз дээ. Тэгэхээр хувьцаа эзэмших биш, арай өөр төрлийн гэрээ хийх нь зөв болов уу. АМНАТ өндөр тогтоох нь хэн хэндээ тодорхой. Харамсалтай нь сая ураны гэрээнд өндрөөр тогтож чадсангүй. Тодорхой ханшаас дээш гарвал гэдэг байдлаар, гэнэтийн ашгийн татвар шиг юм хийчихлээ. Ер нь АМНАТ-ийг тогтмол 10-15 хувь гэж гэрээндээ хийж чадсан бол бидэнд бариад авах юм үлдчих байсан юм болов уу. Гэхдээ гаднаас хөрөнгө оруулалт орж ирснээр Монгол Улсын эдийн засагт дам нөлөө үзүүлнэ. Татвар, Нийгмийн даатгал, ажиллах хүчин зэрэг үйл ажиллагаа болон бизнесийн нэгжүүдэд орлого байдлаар хуваарилагддаг. Тэр утгаараа дам нөлөөллүүдийг нь тооцож үзэх шаардлагатай байх. Харин шууд ногдол ашиг хүртэнэ гэдэг байдал явцуу. Мэдээж үйл ажиллагаа явуулж байгаагийн хэрээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт Монголд шингэнэ.

-Сүүлийн жилүүдэд төр улам данхайж. Хувийн хэвшлүүдийн орон зайг булааж, бизнесүүдийг хамдаг боллоо гэсэн нийгмийн шүүмжлэл бий. Ер нь төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Одоо төрийн өмчит болон орон нутгийн өмчит 100 гаруй компани байгаа. Үүнээс ердөө 14 орчим хувь нь ашигтай ажилладаг. Бусад нь бүгд алдагдалтай ажилладаг болохоор төрөөс татаас авч байна шүү дээ. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөөр тэдгээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг тэтгэж байгаатай агаар нэг. Иймд нэн түрүүнд төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах ёстой.

Яг үнэндээ төрийн өмчит хувьцаат компаниудаас эдийн засагт жин дарахуйц нөлөө үзүүлж байгаа нь “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцвемет” гээд тоотой хэдхэн компани л байна. Сүүлийн үед МИАТ-ийн үйл ажиллагаа сайжирсан харагдана лээ. Мөн “Эрдэнэс Таван толгой” компанийн борлуулалт огцом өссөн нь эдийн засагт бодитой нөлөөлж байгаа.

-“Эрдэнэс Таван толгой” компани 2024 онд түүхэндээ байгаагүй борлуулалттай ажилласан гэж байсан байх аа?

-Тус компанийн 2021 оны тайланг харахад нэг их наяд төгрөгийн борлуулалт хийгээд 100 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан байсан. Мэдээж ковидын үе таарсан болохоор борлуулалтад нь нөлөөлсөн байх. Тэгсэн хэрнээ зардал нь нийт борлуулалтын 90 орчим хувийг эзэлж 10 хувийн ашигтай ажиллаж байсан. 2023 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газраас “Эрдэнэс Таван толгой” компанид Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилоод менежментийн үйл ажиллагаанд нь өөрчлөлт оруулсан. БЭТ томилогдсоноос хойш орлого нь даруй 5-6 дахин нэмэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, БЭТ томилогдсоноос хойш яг нэг жилийн дараа буюу 2024 оны аравдугаар сарын 26 хүртэл тус компани есөн их наядын борлуулалт хийсэн байсан. БЭТ-ийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар сунгаж ажиллаж байсан. Тухайн үед борлуулсан бүтээгдэхүүний өртөг өндөр байсан юм. Ингээд БЭТ-ийн хугацаа ч дууссан байх. Харин сүүлд авсан менежментийн баг Х.Мөнхжаргал гэдэг хүнийг гүйцэтгэх удирдлагад томилсон юм билээ. Түүнийг ажлаа авснаас хойш буюу 2024 оны хагас жилийн байдлаар зургаан их наядын борлуулалттай ажилласан байна. Одоогоор жилийн эцсийн тайлан гараагүй байгаа ч улирал, улирлын үзүүлэлтийг нь харж байхад 12 их наядаас давсан борлуулалт хийсэн байх. Дээрээс нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг, гаргаж байгаа зардлууд нь ч буурсан байна лээ.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагын зардал нь өмнөхөөсөө хэрхэн буурав?

-Удирдлагын зардал өмнө гаргаж байснаас 2-3 дахин буурсан дүнтэй байна. Ингээд харахаар “Эрдэнэс Таван толгой” компани бараг хоёр тэрбум ам.долларын ашигтай байхаар харагдана лээ. Энэ бол Монгол Улсын эдийн засагт маш том үр нөлөө авчирсан дүн. Өөрөөр хэлбэл, энэ оны төсөв батлагдах, одоогийн байгаа санхүүжилт мөнгөний асуудлуудыг шийдэж байна гэсэн үг. Анх удаа Монголбанкны валютын нөөц таван тэрбум ам.доллар давлаа. Ер нь сонгуулийн дараагаар ам.долларын ханш өсч, эдийн засгийн байдал тогтворгүй болдог. Тэгвэл нүүрсний борлуулалт сайн байсан болохоор эдгээр хүндрэлүүд үүссэнгүй.

-Төрийн өмчит компанийн менежментийг сайжруулснаар дагаад дээр дурдсанаас өөр ямар үзүүлэлтүүд нь эерэг гарав?

-Хөрөнгийн эргэц нь сайжирсан. 12 их наядын борлуулалт хийнэ гэдэг бол хөрөнгийн эргэц нь нэг рүү дөхчихөж байгаа юм. Өмнө эднийх 0.1-тэй байсан компани шүү дээ. Төрийн өмчит компанийн менежментийг сайжруулснаар эдийн засагт яаж эерэг нөлөөлдгийг “Эрдэнэс Таван толгой”-оос харж болохоор байна. Ер нь аливаа төрийн өмчит компанийн засаглалд улс төрийн нөлөө ихсээд ирэхээрээ ашиггүй ажилладаг дүр зураг бий. Тэгэхээр төрийн өмчит компаниудын бүтээмжийг нэмэгдүүлэх гээд УИХ-ын Байнгын хороогоор хуулийн төсөл хэлэлцэж байх шиг байна. Энэ нь ямар үр өгөөж, ашиг авчрах вэ гэдгийг хуулиудынх нь зүйл заалтаас эргээд харах нь зөв байх. Хувийн компанитай хүн өөрийнхөө мөнгөнөөс идээд байхгүй биз дээ. Аль болохоор компаниа ашигтай ажиллуулахын төлөө тэмүүлж зүтгэнэ. Өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлэх талаас нь ажиллана. Тэгэхээр төр ч гэсэн төрийн өмчит компаниудын менежментийг нь сайжруулах үүднээс шинэ хуульдаа сайн тусгаж оруулаасай. Төрийн өмчит уул уурхайн компаниудын ашиг өсөх юм бол мэдээж Баялгийн сан дахь ард түмний хөрөнгө арвижна.

-Ингэхэд нүүрсний ойрын ирээдүй ямар байна вэ?

-Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа Парисын гэрээнээс татгалзчихлаа. Дэлхийн эдийн засгийн тэлэлтэд нүүрсний зах зээл цаашдаа тогтвортойгоор явах боломжийг нээчихэж байгаа юм болов уу гэж харж байна. Харин Хятад улс манай нүүрсийг авах уу, үгүй юу гэдэг л асуудал байгаа. Үнэхээр урд хөрштэйгөө саяынх шиг борлуулалтуудыг хийгээд явж чадвал эдийн засгаа тэлэх боломжтой. Ураны гэрээнд Хятад улс ямар реацки үзүүлэхээс нүүрсний борлуулалт хамаарах болов уу. Одоо хүртэл хил дээр гацалттай байна гэдэг чинь энэ нөлөө байхыг ч үгүйсгэхгүй. Сая гэрээ хийгдсэний дараагаар удаашраад эхэлчихлээ шүү дээ. Уранаас бид бараг дөрөв, таван жилийн дараа 1.7 тэрбум ам.доллар олох гээд байдаг. Тэгвэл нүүрснээсээ жилд гурван тэрбумын ашиг олоод байна. Харьцуулаад үзэхээр нүүрсээ борлуулсан нь бидэнд илүү ашигтай байгаа биз. Гэхдээ ураны төслийн цаана том зургаараа нэг түүхий эдийн борлуулалтаас хамаарч байгаа эрсдлийг бууруулах бодлогын асуудал байгаа болохоор явах нь зөв л дөө.

-Хувийн хэвшилд очсон стратегийн ордуудын 34 хувийг төр буцааж авна гэж байгаа. Энэ зөв үү?

-Одоохондоо хувийн өмчийг ард түмэн төдийлөн сайн ойлгохгүй байна. Үндэсний корпорациуд үүсэн бий болж байж эдийн засгийг дээш нь татдаг. Татвар их төлөгдөнө. Түүгээр нь төсөв бүрдэж, буцаад иргэддээ үйлчилгээ үзүүлдэг.

Стратегийн ордын эзэмшилтэй холбоотой асуудал бол хоёр талтай л даа. Мэдээж аль нэг стратегийн ордыг нэг хүний хувийн өмч болгочихоод эргэлтэд ч оруулахгүй хав дараад суугаад байвал хэцүү шүү дээ. Тийм болохоор төр оролцож зөв менежмент хийе гэдэг зүйл яриад л байгаа. Цагаа тулахаар яг зөв зүйтэй менежмент хийгээч үү, үгүй ч үү. Харин тухайн стартегийн ордыг эзэмшиж байгаа улсуудтайгаа тохироогоо сайн хийгээд, эргэлтэд оруулаад үр ашгийг нь хүртэх талын ажлуудыг хийвэл илүү өгөөжтэй байх болов уу. Түүнээс ашиглах гээд хөрөнгө оруулалт хийчихсэн. Тэндээ үйл ажиллагаа явуулах гээд байж байтал төр авна гэвэл бас цаад талдаа хэцүү. Магадгүй гадны хөрөнгө оруулалт босгох асуудал байж ч болно. Ийм тохиолдолд хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсч хөрөнгөө татах асуудал үүсчихнэ шүү дээ. Хэрэв тэгэх юм бол хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг алдсан үйлдэл болно. Нөгөө талд стратегийн ордуудын лицензийг хоёр, гуравхан гэр бүл гартаа оруулчихаад ашиглахгүй, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байгаа мэтээр олонхид ойлголт өгч байгаа нь асуудалтай. Цаашид олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ёстой. Тэгэхгүй болохоор баялаг бүтээгчид рүү улс төрийн зорилготой дайралтууд их явдаг боллоо. Ард түмнийг мэдэхгүйгээр нь далимдуулж тэднийг турхиран элдэв ашиг сонирхлын тоглолтууд хийж байгаа нь харамсалтай. Ардчиллын гол үндэс нь хувийн өмчийг дээдлэх, бий болгох, сахин хамгаалах шүү дээ. Хувийн өмчөөс үүссэн үр ашгийг нь нийтээрээ хүртэнэ гэдгийг ойлгох ёстой. Хамгийн энгийн жишээ аваад үзье л дээ. Иргэн Бат газар аваад бүтээн байгуулалт хийж, дэлгүүр босгожээ. Гэтэл нэг өдөр “Наад дэлгүүр чинь энд баригдсан учраас хөрөнгийн чинь 34 хувийг төр авна” гээд дайраад байвал яах вэ. Мэдээж төрийн зардлаар тогтоогдсон стратегийн орд газрыг тухайн иргэн эзэмшээд, давуу байдлыг олоод авчихсан байгаа бол тэрийг нь шударгаар шүүж тогтоогоод түүнийхээ дараа шийдвэр гаргах нь зөв байх.

-Монголчууд татварын дарамтаас өндийж чадахгүй байна. Бизнесүүд тэлж томроход НДШ, ХХОАТ асар их тушаа болж байна шүү дээ. Татварын бодлогыг яаж гаргавал зөв болох вэ?

-Хамтарсан Засгийн газрын яриад байдаг хэрнээ хийхгүй байгаа гол зүйл бол жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тэлэлт юм. Өнөөдөр Монголд жижиг, дунд бизнесүүд үнэхээр хүнд байдалтай байна. Эхнээсээ хаалгаа барьж дампуурлаа зарлаж байгаа. Тэдний хамгийн том дарамт нь НДШ байдаг. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд томорч чаддагүй, цалингаа ч өсгөж дийлдэггүй. Хэрэв цалингаа өсгөчих юм бол НДШ нэмж төлөх болдог. Эцсийн дүндээ хүн цалинжуулснаараа тухайн байгууллага НДШ-ийн өрөнд ордог. Дээрээс нь үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэх гэхээр шууд гааль дээр НӨАТ тавиад байдаг. Хөрөнгө оруулалтаа арай хийж босгоод тоног төхөөрөмж авъя гэтэл гааль дээрх НӨАТ дарамт болж байгаа. Борлуулалт хийгээд тэрнээсээ ашиг хүртээгүй байтал НӨАТ-ын өрөнд орчихож байх жишээтэй. Аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах нь битгий хэл НӨАТ, НДШ-дээ дарлуулаад л дуусдаг. НӨАТ-ын хувьд бүгд төлдөг бол асуудалгүй. Хамгийн гол нь манай НӨАТ-ын хуулинд энд тэндхийн салбар салбарын лобби орсоор байгаад маш олон хөнгөлөлт чөлөөлөлтийг өгчихсөн. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ыг алаг цоог төлүүлдөг. Би борлуулалт хийчихээд нөгөө байгууллагаасаа НӨАТ шивээд өгөөч гэхээр “Манайх НӨАТ төлдөггүй байгууллага” гэвэл би шууд дангаараа 10 хувь төлчихөөд байгаа юм. Уг нь би тэр хоёрын зөрүүний арван хувийг цаанаа НӨАТ-ын татвар болгож төлөх ёстой шүү дээ. Үүнээс болж НӨАТ дарамт болоод байгаа юм.

Сүүлд гарсан татварын багц хуулийн хөнгөлөлт, чөлөөлөлт томоохон корпорациуд руу чиглэсэн. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг анхаарсан юм байхгүй. Жишээлбэл, Татварын тухай хуулийн 22.9-д татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь жижиг дунд аж ахуйн нэгжид ямар ч нөлөөлөлгүй заалт болсон. Энэ нь томоохон байгууллагуудад л хэрэгтэй. Уг нь татвар төсөвтөө ороод, төсөв нь зөв зарцуулалтыг хийдэг механизм байвал зөв. Сүүлд гарсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг хийдэг механизм томоохон байгууллагуудын амбиц орсон л байх. Ер нь томоохон корпораци, гадны хөрөнгө оруулагчдад илүү боломж олгочихсон заалт гэж харж байгаа.

-Хаврын чуулганаар Татварын багц хуулийн шинэчлэлийг оруулж ирнэ гэж байсан…

НӨАТ-ыг зарим нь таван хувь, зарим нь арван хувь төлнө гэж байна. НӨАТ-ыг алаг цоог авах нь буруу. Засгийн газар үнэхээр жижиг, дунд бизнесүүдийг дэмжье, баялаг бүтээгчиддээ эдийн засгийн тэлэлтийг үзүүлье гэж бодож байгаа юм бол хамгийн түрүүнд НДШ-ийг барьж авх ёстой. Хоёрдугаарт, ХХОАТ байна. Эдгээр татваруудаа цэгцлэхийн зэрэгцээ хуулиудынхаа уялдаа холбоог нь хангаж явахгүй бол хэцүү.

-Америк НӨАТ-ын оронд худалдааны татвар гэж таван хувийг авдаг. Зарим нь ийм болгоё гэж яриад байх юм. Манайд хэр тохиромжтой юм бол?

-Энэ бол арга ядсан хэлбэр. Яагаад гэвэл НӨАТ-ыг алаг цоог төлөөд байгаа учраас нийтээрээ таван хувь болъё гэдэг асуудал ярих гээд байгаа юм. Үнэхээр НӨАТ нь байж байгаад л бүгдээрээ хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүйгээр төлчихдөг бол асуудал байхгүй. Дээрээс нь тоног төхөөрөмж оруулж ирэхэд нь худалдан авалт дээр нь НӨАТ-ыг шууд авдаг биш, тодорхой хэмжээний график үүсгээд төлдөг байх журмын саналууд оруулж ирвэл илүү өгөөжтэй. “Одоо НӨАТ авахгүй. Үйлдвэрийг чинь бариад, ашиглалтад ороод борлуулалт хийгээд эхлэнгүүт төлөгддөг байдлаар тооцъё” гэдэг байдлаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

М.ДӨЛГӨӨН

Холбоотой мэдээ