Улсын дээд шүүхээс Гавьяат эмч П.Батчулууны хэргийг цагаатгаж шийдвэрлэв

2025-06-04 16 0

Улсын дээд шүүхээс Гавьяат эмч П.Батчулууны хэргийг цагаатгаж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн П.Батчулуунд холбогдох хэргийн талаар зөвлөлдөж, шийдвэр гаргалаа. Хэргийн үйл баримтын хувьд анхан болон давж заалдах шатны шүүх бодитоор тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар П.Батчулуун ажиллаж байхдаа тухайн амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн авах зөвшөөрлийг авахдаа элэг болон бөөрний талаар зөвшөөрөл авсан баримт хангалттай. Харин шөрмөсийг авах зөвшөөрөл авсан талаар хоорондоо зөрүүтэй таван баримт бичиг хэрэгт авагдсан байна. Тэгэхээр шөрмөс авах зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/195 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан донороо эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах журмын дагуу зөвшөөрлийг аваагүй байна гэж үзэж байна.

Гэхдээ огт зөвшөөрөл аваагүй биш энэ журам зөрчигдсөн байна. Энэ бол эргэлзээгүй тогтоогдсон. Харин үүнд хийх эрх зүйн дүгнэлтийн хувьд шүүхэд бол алдаа гаргасан байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах гэмт хэрэгт амьгүй донорын цогцос энэ эрх зүйн хоригоор хамгаалагдана. Өмгөөлөгч нар үүд санал өөр өөр байсан. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.6.-д амьгүй донороос эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, төрсөн эцэг эх, эхнэр нөхөр, хамтран амьдрагчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй тохиолдолд энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан зохицуулалтай байгаа. Энэ хоёр заалт юугаараа ялгаатай вэ гэхээр зөрчлөөс гэмт хэрэг болох босгын хувьд сэдэл байх ёстой. Эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан арга хууран мэхлэх, заналхийлэх, хүч хэрэглэх аргаас гадна гэмт хэргийн сэдэлт байх ёстой. Аргыг бол гэмт хэргийн тусгай ангийн зүйлд заасан. Гэхдээ сэдэлтийг тэр болгон заадаггүй. Ямар ч гэмт хэрэгт сэдэлт, үйлдэл хоёр байх ёстой. Энийг тэр болгон заах албагүй. Тэгэхээр энэ хэрэг сэдэлтээр ялгагдана.

Зөрчлийн хуульд заасан бичгээр зөвшөөрөл авах эсэх асуудал тодорхой маягт дээр авч байгаа учраас амаар авах зөвшөөрөл авах асуудал яригдахгүй. Тэгэхээр зөвшөөрөл аваагүйгээр амьгүй донороос эд, эрхтэн авсан нь гэмт хэргийн сэдэлтгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Гэмт хэргийн сэдэлт гэдэг нь өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашиг хонжоо харсан, хохирогчийн цогцсыг ялгаварлан гадуурхаж, үзэн ядсан, дорд үзсэн, гэмт санааг агуулах байдлаар зөвшөөрөлгүйгээр хохирогчоор эд, эрхтэн авсан бол гэмт хэрэгт тооцогдоно. П.Батчулууны хувьд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүний үйлдэлд журмын хэрэгжилт хангалтгүй байдаг юм байна, гэхдээ энэ нь тодорхой хувийн ашиг сонирхлоор хонжоо олох зорилгоор хийгдээгүй, зөрчигдөөгүй тохиолдолд гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.5 заасан зөрчлийн шинжтэй гэж үзэж байгаа учраас хохирлыг бүрэн төлж барагдуулахаар байгаа. Цаашдаа иргэний эрх зүйн хүрээнд зөрчил гаргагчаас сэтгэл санааны хохирол нэхэмжилж, шийдэгдэх боломжтой асуудал. П.Батчулууны холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шинжээр цагаатган шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ