З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Вакцины өрсөлдөөн ба дэлхийг тусгаарлах эрсдэл

2021-03-25 1425 0

Хятад улс гадаадын иргэдэд хилээ нээж эхэллээ. Гэхдээ нэг болзолтой. Тэр нь Хятадад үйлдвэрлэсэн вакцин хийлгэсэн байх.

Энэ шинэ журмаа Элчин сайдын яамдаараа дамжуулан дэлхийн 23 улсад түгээж эхлээд байгаа бөгөөд тэдгээр орны тоонд Хятадын вакциныг зөвшөөрөөгүй байгаа нь АНУ, Их Британи улс бий.

Хятадын Гадаад хэргийн сайдын хэлснээр энэхүү шийдвэр “хуучин хэв маягаасаа салаагүй байгаа” олон улсын аялал жуулчлалыг урагшлуулах алхам бөгөөд вакцин хийлгэсэн гаднын жуулчдад тусгаарлах шаардлага хэвээр үргэлжилж буй аж.

Хятадууд вакциныхаа үр дүнг ДЭМБ-ын өгсөн үнэлгээнээс илүү дээгүүр “үнэлсэн” нь шинжээчдийг түгшээж эхэллээ. Ингэснээр зөвхөн Хятадын вакцин хийлгэх ёстой гэсэн дарамт улс орнуудад тулгарах эрсдэлтэй болж, урьд өмнө байгаагүй энэ арга барилыг сонговол вакцинаар тусгаарлагдсан дэлхий болж хувирах аюултай аж. Түүнчлэн Хятадад үйлдвэрлэсэн вакцинаар хүн амаа дархлаажуулахыг зөвшөөрөөгүй улсын иргэдэд чухамхүү ямар сонголт байгаа нь анхаарал татсан бас нэгэн асуудал болж байна. Хонконгийн их сургуулийн Эрүүл мэндийн аюулгүй байдлаар мэргэшсэн дэд профессор Никола Томас “Энэ бол вакцины дипломатизмын тун хурц илрэл. Үнэн хэрэгтээ Хятадад зорчихыг хүсвэл манай вакциныг хийлгэ гэсэн үг” гэж тайлбарлалаа.

Хятадын визний шинэ журам хэрэгжиж эхлэх хугацаа анхаарал татаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден 2022 оны эцэс гэхэд АНУ, Энэтхэг, Япон, Австрали гэсэн дөрвөн улсын түншлэл (QUAD)-ийн хүрээнд Энэтхэг болон Номхон далай дамнан нэг тэрбум вакцины санхүүжилт, үйлдвэрлэл, түгээлтийг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. АНУ-д хөгжүүлж, Энэтхэгт үйлдвэрлэсэн вакцин нь бүс нутгийг хамарсан дипломат бодлогын илрэл аж.

Зарим ажиглагчийн үзэж буйгаар уг ажиллагаа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкиний саяхны нэг өдөр шүүмжилсан Хятадын вакцины бодлоготой шууд эсрэгцэх шийдвэр юм.

Хятад улс вакцины хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй цөөн улсын нэг ба НҮБ-ын мэдээллээр 2021 оны гуравдугаар сарын 15-ны байдлаар 28 улсад вакцин нийлүүлээд байна. Турк, Индонез улс гэхэд Хятадын вакцинаар бүх хүнээ дархлаажуулж буй. Харин Хятад өөрөө дотооддоо үйлдвэрлэсэн таван төрлийн вакцинаар 65 сая хүнийг дархлаажуулсан дүн мэдээтэй байна.

Хэдий тийм ч Хятадын нэг ч вакциныг ДЭМБ жагсаалтдаа бүртгээгүй байгаа бөгөөд вакцины клиникийн гурав дахь шатны туршилтын мэдээллийг бүрэн гүйцэт ил болгоогүй нь тус улсын вакцины үр дүнд бүрэн итгэж боломжгүй болгож буй. Нийтэд ил болсон мэдээллээр Sinovac нь бусад вакцинаас үр дүн багатай байж магадгүй аж. Тухайлбал, Хятадад хийсэн туршилтаар 78 хувийн үр дүнтэй байсан вакцин Бразил улсад хийсэн туршилтаар 50.38 хувьтай гарчээ. Түүнчлэн 95 хувийн үр дүнтэй Pfizer вакцинаас дархлаажуулалтаар доогуур байгаа юм.

Нэгэнт дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаа өндөр үр дүнтэй гэдгийг баталж чадахгүй байгаа Хятад улсын хувьд визийн шинэ журам нь өөрсдийнхөө вакциныг бусад улсад хүлээн зөвшөөрүүлэх гэсэн түрэмгий оролдлого гэж профессор Никола Томас үзэж байна.

Эдинбургийн их сургуулийн Анагаах ухааны коллежийн биоэтикийн уншигч Сара Чаны хэлснээр “Хятадад очиж амьжиргаагаа залгуулдаг хүний хувьд вакцины талаар ямар ч бүрэн гүйцэт мэдээлэлгүйгээр хийлгэнэ гэсэн үг” гээд, тухайн хүний эрүүл мэндийн хувьд хориотой вакцин байж таарахыг ч үгүйсгэхгүй хэмээв.

Харин Хятадын Гадаад хэргийн сайдын төлөөлөгч Жао Лижиан “Вакцины үндэсний үзэл” гэсэн санааг няцааж байгаа юм. Тэрбээр “Аюулгүй, үр дүнтэй вакцин чухал болохоос биш хаана хийсэн нь төдий л ач холбогдолтой биш. Хятад улс бусад улс орны вакциныг харилцан хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” хэмээн мэдэгджээ.

Дэлхий даяар хүчтэй өрнөж буй “дархлаажуулалтын паспорт”-ын асуудлыг Хятадын жишээнээс улбаалан улс орнууд яаралтай шийдвэрлэх шаардлагатайг харууллаа. Халдвар авч эдгэсэн эс бөгөөс вакцин хийлгэсэн үгүйгээс үл хамааран коронавирусийн эсрэг биеттэй болсон хүмүүст “дархлаажуулалтын паспорт” олгох замаар олон улсын аялал жуулчлалын салбарыг сэргээх хэрэгцээ улс орнуудад бий.

Хэрэв Хятадын вакцин хийлгэсэн паспорттой хүнд ийн тус улсад зорчих давуу эрх олгож байгаа юм бол ДЭМБ -ын зөвлөмжийг дагах нэг сонголт байж болох. Өөрөөр хэлбэл, ДЭМБ-д Оксфордын их сургуульд хөгжүүлж, Энэтхэгт үйлдвэрлэсэн AstraZeneca вакцины хоёр хувилбар, Pfizer гээд нийт дөрвөн вакцин бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс сонголтоо хийж болно. Өөр нэг хувилбар нь ДЭМБ-ын гишүүн 194 орны саналаар хүлээн зөвшөөрөгдөх вакциныг сонгож болох юм байна. 

Гэхдээ дэлхий дахин вакцины паспортоор жигдрэх цаг хаа ч байсан юм. Одоогоор улс орнууд дөнгөж л аль вакциныг хийлгэхээ шийдэх үе дээрээ явж буй. Гэтэл Хятад шиг энэ мэт нөхцөл тавиад эхэлсэн улс орнууд вакцины бодлогоор хуваагдах эрсдэлд нэгэнт хаяанд тулсан гэсэн үг. Европын комисс тун саяхан тухайн хүнийг вакцинд хамрагдсан эсэх мэдээлэл агуулсан QR код бүхий Дижитал ногоон гарчилгээг танилцуулсан. Үүгээр гишүүн орнуудын иргэд Европын холбооны Эмийн агентлагаас зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн тохиолдолд чөлөөтэй зорчих боломжтой аж. Гэхдээ  Европын холбооны Эмийн агентлагийн бүртгэлд Хятад, ОХУ-д үйлдвэрлэсэн вакцин ороогүй байгаа юм. Энэ бол вакцины дипломат зөрчил бий болсны илрэл гэж олон улсын шинжээчид үзэж байна. 

Уг нь хүмүүс хаана зорчихоосоо шалтгаалж ямар вакцин хийлгэх сонголт олон байгаа. Нөгөөтэйгүүр, энэ нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн эрсдэлийг бууруулах авч вакцины нийлүүлэлтэд асуудал үүсгэнэ.

Улс орнууд аль вакцинаар хүн амаа дархлаажуулах нь том орнуудын тоглолтын талбар болж буйгаас гадна дархлаажуулалтын паспорттой холбоотой олон асуудал урган гарлаа.

Вакцинаар болон халдвараар дамжин бий болсон “Ковид-19”-ийн дархлаа хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй. Үүнээс гадна вакцинжуулалтын мэдээллийг агуулсан “ухаалаг дижитал гэрчилгээ” гаргахаар ДЭМБ ажиллаж байгаа нь аялал жуулчлалыг сэргээж, улс хоорондын зорчих урсгалыг нээхийг чармайж буй вакцины паспортын хэрэглээнд сөрөг нөлөө үзүүлнэ гэх мэт ёс зүйн асуудлуудыг ч шийдэх шаардлага тулгараад буй. Мөн дэлхийн бүх улс, ард түмэнд вакцин хүрэлцэхүйц хэмжээнд байхгүй байгаа нь тэгш бус байдлыг бий болгож байгааг ДЭМБ-ын эрх бүхий албан тушаалтан мэдэгджээ.

Мөн нарийн технологиор хөгжүүлж буй дархлаалжуулалтын дижитал паспорт нь хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг ч хурцаар хөндөж байгаа юм. Сара Чаны хэлж буйгаар хүн бүр вакцинд хамрагдчихвал вакцины паспорт үнэндээ хэрэггүй зүйл болж хувирна. Тиймээс мөнгөө арай үр дүнтэй зүйлд зарцуулах хэрэгтэй аж. Вакцины хүртээмж хэдий чинээ сайн байна төдий чинээ л нөхцөл байдал сайжрах учиртай.

Дэлхийн хүн амын ихэнх нь вакцинжуулалтад хамрагдчихвал улс орнуудын шилжих хөдөлгөөн хариуцдаг байгууллагууд гадаадын иргэдийг нэвтрүүлэхдээ вакцин хийлгэсэн эсэхээ сайн дураараа мэдүүлдэг асуулга боловсруулах боломжтой. Худал мэдүүлсэн ч гэсэн нэгэнт хүн амаа дархлаажуулсан тул тухайн улсад эрсдэл ч бага байх юм.

Ямар вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран хүмүүст ижил тэгш хандаж, хамгийн гол нь вакцины үр дүнгийн мэдээлэл ил тод байлгах нь улс орнуудын хувьд Хятадын санаачилгыг дуурайснаас илүү дээр гэж Никола Томас үзэж байгаа юм. Цар тахлыг вакцины өрсөлдөөн гэж харахын оронд дэлхий дахины эрүүл мэндин асуудал гэж харна гэдэгт тэр итгэж буй юм. Тэрбээр “Улс орны хил зааг, үндэстэн, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл суртал, ёс зүйгээс үл шалтгаалан вирус тархана. Вирус өсөж олширч, хувирч өөрчлөгддөг л болохоос биш бусад нь огт хамаагүй шүү дээ” гэв.

Холбоотой мэдээ