Улаанбаатар дахь хятадуудын амьдрал тийм ч сайхан биш

2020-10-30 665 0

Аялагч Жаотонг Шинхуа Жоукэгийн 2018 оны 2 дугаар сард нийтэлсэн тэмдэглэл

Би хоёр, гурав хоноод буцах төлөвлөгөөтэй байсан ч бараг долоо хонож байна. Монголд аж төрдөг хятад айлд хэд хонох зуур тэрбээр харийн нутагт хялбархан дасан зохьцсоныг олж харав. Улаанбаатарт аж төрдөг хятадуудыг гурван хэсэгт хувааж болох юм. Эхнийх нь, суурьшсан хятадууд. Тэдний зарим нь монгол паспорттой ч хятад паспортоо бас хадгалдаг байх юм. Дараагийн хэсэг нь, түр болон тогтвортой оршин суудаг өвөрмонголчууд. Ерөнхийдөө хятад болон монгол хэлийг гаргууд эзэмшсэн, хоёр улсын талаарх ойлголт сайтай, хангалттай боловсролтой хүмүүс аж. Гурав дахь хэсэг нь, бизнесмэнүүд байх ба сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаанд эрчим өгч байгаа барилгын салбарт голчлон хамааралтай, барилгын мэргэжилтэн болоод ажилчдыг зохицуулах талын үүрэгтэй хүмүүс байна.

Гэхдээ аж төрдөг хятадуудын тоо бага юм. Улаанбаатарт суурьшмал 10000 гаруй хятад аж төрдөг гэж ярих бөгөөд ихэвчлэн Жанбэй, Даатун нутгаас гарал нь тэдний аялгаас тодорхой мэдэгдэнэ.

Ар монгол тусгаар тогтносноос хойш Хятадын эсрэг зорилготой үзэл суртал хүчээ авсан учир сүүлийн жилүүдэд ердөө 1000 орчим хятад иргэн худалдаа наймааны ажлаар Улаанбаатарт түр ажиллаж байгаа юм байна.

Монгол дахь уугуул биш хятад иргэдэд тулгардаг сорилт туйлын амаргүй. ЗХУ-ын нөлөөгөөр 1980-аад оноос хүчээ авсан Хятадын эсрэг монголчуудын хандлага тэднийг үнэхээр балмагдуулжээ. “Ярихаас ч айдас хүрмээр!” гэж гэрийн эзэн надад хэлэв. Яагаад ч юм, Хятадын талаас энд суурьшсан нутаг нэгтнүүдээ харж хамгаалахад дорвитой арга хэмжээ аваагүй аж.

“Тухайн үеийн элчин сайд үнэхээр муу ажилласан! Чам шиг боловсрол мэдлэггүй хятад ажилчид маш их бий, ганц чиний зовлон биш гэсэн хариу надад өгсөн” гэж тэрбээр дурсан ярив. Эх орон нь ийм цэвдэг бөгөөд өршөөлгүй хандсан нь эндхийн хятадуудын итгэлийг эвджээ. Тайвань хүртэл тухайн үеийн асуудалд түгшиж, тэднийг хүлээж авахад бэлэн байсан. Гэтэл эх газрын Хятад хангалттай хүсэл эрмэлзэлгүй байсан гэж үздэг ажээ.

Улаанбаатар дахь хятадууд өв уламжлалаа сайн хадгалдаг юм байна. Хамт байх зуур ажигласан зүйлс гэвэл, насанд хүрэгсэд болоод хүүхдүүд бүгд Жанбэй-Даатун аялгаар түвэггүй ярьж, өөр нутгаас ирсэн бусад нь ч мандарин хэлээр маш сайн ярьдаг юм байна. Мэдээж монголоор ус цас, яриа хөрвүүлэхдээ ч гаргууд. Шаардлагатай бол Улаанбаатарын аялгаар яг л нутгийн хүн шиг ярих бөгөөд түүндээ түүртэнэ гэж огт үгүй.

Би бас түүний том эгчтэй Улаанбаатараас Эрээн рүү гал тэргээр хамт аялж билээ. Аав нь Дэлхийн II дайны үед өөрийн бус шийдвэрээр буюу Зөвлөлт Орос ба Монголын нэгдсэн цэргийнхний үйл ажиллагаагаар Монголд хүргэгджээ. Тэр тухай дурсахдаа “баадан даавууны хүмүүс” гэж ярьдаг бөгөөд тухайн үед холбоотны хүчинд оёдолчин, мужаан, засварчин гээд мэргэжлийн хүмүүс нэн хэрэгтэй байж. Аав нь оёж хатгадаг хүн байсан бөгөөд хойд зүг рүү явуулах тушаалыг зөрчих арга байсангүй.

Монголд ирсэн хятадууд нэг бус удаа шилжин суурьшиж тэнэсэн бөгөөд ерөнхийдөө нэгнээ бараадаж хамтдаа аж төрдөг газрууд байсан ч одоо тэдгээр хуучин амбаар сав байхгүй болжээ.

-Тухайн үед аж төрж байсан газруудыг хүчээр буулгаж, шахан зайлуулсан гэсэн үг үү?

-Би тухайн үед айхтар анхаараагүй. Ямартай ч Монголчууд тухайн үеийн байшин савыг нураагаад, шинээр байшин барилга босгосныг бол санаж байна. Эндэхийн хятадууд одоо нэгнээ бараадаж биш илүү бие даан, энд тэнд тарж аж төрдөг болсон. 1982 онд хятадуудыг албадан гаргасан үйл явдалд би маш их харамссан. Энд аж төрөх амаргүй ч эргээд хятадад очих хүсэл алга даа.

Эгч мөн Хятадын талаар ярьлаа. Одоо Хятадад аж амьдрал хавьгүй дээр болж байгаа тухай, ялангуяа олимпын наадмын дараа илт сайжирч байгаа талаар догдлон ярьж байв. Тэрбээр Улаанбаатарт хувиараа орчуулгын газар ажиллуулдаг, мөн сүүлийн үед Эрээн дэх өвөрмонголчуудыг мэргэжлийн хөрвүүлэг хийхэд нь зааж сургаж буй бөгөөд ажилдаа дуртай, сэтгэл өндөр яваа ажээ.

“Би ёстой жинхэнэ улаанбаатарчууд шиг монгол аялгаар ярьдаг, энэ хүн шиг элдэв дуудлага байхгүй” гээд хажууд суугаа Жи Лигүлү гэдэг хятад руу тавласан аятай зааж билээ. Улаанбаатарт автобусны кондуктор хийдэг, тэндхийн уугуул Жи Лигүлү гэх хятад бидэнтэй хамт аялж явсан бөгөөд түүнтэй ч мөн элдвийг хүүрнэж билээ, би.

Хятад суваг шагайж, шар буурцгийн жан, цуу, улаан жинчүү, нунтаг чинжүүтэй хоол зооглодог агаад гэрийн тавилгаа ч бүгдийг Хятадад хийлгэсэн байх юм. Тэд яг л Хятад маягаар аж төрөх авч  миний ойлгож мэдэхгүй монгол хэлээр ярина. Харь нутагт аж төрөх хятадууд гэж сонирхолтой хүмүүс юм. Оршин байх газар орноос болоод жаал өөрчлөгдсөн ч Улаанбаатарт олон үеэрээ аж төрж байгаа хятадууд биднээс онц ялгагдах юм алга.

Хоёр дахь бүлэг хүмүүс бол нутаг ус, хэл соёл нэгтэй өвөрмонголчууд. Тэд цөөхөн байх ч дийлэнх нь боловсролтой, залуучууд юм байна. Ихэвчлэн хэлмэрчээр ажилладаг. Баримт бичиг орчуулах ажлаар явахдаа би ганц нэгтэй нь таарч явлаа. Нутгийн иргэнтэй гэр бүл болсон нь тун цөөхөн агаад Улаанбаатарт бизнес эрхэлж аж төрж байна. Гарал угшил, соёл, хэл ус ижил болохоор тэдэнд Монголд амьдрахад бэрхшээл гэхээр зүйл тулгардаггүй бололтой.

Харин ашиг олох боломж эрэлхийлсэн, барилгын салбарт зонхилсон хятадуудын тоонд цөөн хэдэн хөрөнгө оруулагч, дарга даамал, менежер, тусгай мэргэжилтнүүдийг эс тооцвол тэр чигээрээ уул уурхай болоод барилга дээр ажилладаг ажилчид юм байна. Тооны хувьд хамгийн их нь.

Монголд тогтвортой аж ахуй эрхэлдэг хятадууд хуруу дарам цөөн. Эрхэлдэг аж ахуй нь ресторан, жижиглэн худалдаа, үйлчилгээ. Ажил хийж эхлээд, тэгээд бие даан компани байгуулж байгаа хятад хүн тун цөөхөн. Тэр аяараа уул уурхай болон барилгын салбарт төвлөрсөн байна. Тэгэхээр хятад ажилчдыг төвлөрүүлдэг Улаанбаатараас л сонирхолтой мэдээ мэдээлэл олж харж болох нь.

Ерөнхийдөө Монгол дахь барилгын бүтээн байгуулалт тэр чигээрээ хятад ажилчдыг гэрээлж хийгддэг бололтой. Ажилчид хангалттай их тоогоор орж гардаг бөгөөд дийлэнх нь Хятадын амьжиргаа муутай хөдөө нутгаас ирсэн хүмүүс байна.

Тэдний боловсрол болоод бие авч яваа байдал нь сайнгүй учир хятад хүний талаарх онцгүй төсөөллийг монголчуудад өгч байгаа нь үндсэн асуудал юм байна.

Нэг танил маань ярьж өгөв. “Урьд нь монголчууд хятадуудад их нөхөрсөг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд луйварчин болоод залилагч хятадуудын үйлдэл, хуурамч, чанаргүй бараа таваар нийлүүлдэг жижиг худалдаачдаас болоод хандлага өөрчлөгдсөн. Маш олон тооны жижиглэн худалдаа эрхлэгч хятадууд элдэв чанаргүй бараа таваарыг цутгаж эхэлсэн. Явсаар явсаар одоо хятад хүн бол худалч, луйварчин, хаа яваа газраа шүлсээ хаяж, биеэ засч явдаг бохир заваан хүмүүс гэсэн ойлголт монголчуудад суучихжээ. Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудал монголчуудын хятадуудад итгэх итгэлийг улам ч бууруулсан”.

Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүн болоод өдөр тутмын хэрэглээний зүйлсийн 80 хувь нь БНХАУ-аас хамааралтай бөгөөд Эрээн хотыг долоо хоног, эсвэл гурван хоног хаахад л монголчууд тэсэхгүй гэж эндэхийн хятадууд ярьдаг юм. Гэсэн хэдий ч би супермаркет орж үзлээ, хятад нэр шошго, эх үүсвэртэй зүйлс цөөхөн, зарим нэг зүйлийг бүр хайж явсаар арайхийж оллоо. Харин ч япон болон солонгос бүтээгдэхүүн түгээмэл байгааг хаяг шошгыг нь хараад амархан анзаарч болно.

Улаанбаатарт байх зуур нэг биш хүн анхааруулж байсан зүйлс бол “монголчууд хятадуудыг үздэггүй, япон болон солонгосчуудад их талтай, цаашлаад бүр ганц оросыг барахад 10 монгол, ганц монголыг барахад 10 хятад гэсэн хэтрүүлсэн яриа юм. Одоогийн энэ хандлага бий болсон нь учиртай.

Нэг талаас, олон арван жил зориуд тусгаарласнаас болоод монголчуудын Хятад улс болоод хятад хүмүүсийн тухай өмнөх ойлголт байхгүй болж. Оросуудын бодлоготой явуулгаар монголчууд бүр туйлширчээ. Ойр дотно байх нь хамгийн аюултай гэсэн бодол хоёр улсыг урт хугацааны туршид тасалсан байна. Дээрээс нь хятадын бүрэн боловсроогүй байдал, түүнээс улбаалж монголчуудтай элдэв булхай, луйвраар буруу харьцаж ирсэн хятадууд нөхцөл байдлыг улам даамжруулсан бололтой.

Нэгэн цагт одоогийн Улаанбаатарт хоёроос гурван зуун мянган хятад амьдарч байсан гэх бөгөөд тухайн үед 2.3 сая хүн амтай Монгол Улсад том аюул гэж үзээд хятадуудыг хязгаарлаж хориглож эхэлжээ. Миний Эрээнд виз авахаар удаан хүлээж саатсаны шалтгаан ч мөн байх.

Намайг гайхшаруулсан зүйл бол ЗХУ-ын хараа хяналтанд байсан олон арван жилд Монгол Улсын хүн ам өсөөгүй, харин ч буурсан явдал юм. Гэтэл өвөрмонголд 24 сая хүн амьдардгаас дөрвөн сая гаруй нь монголчууд байгаа нь одоогийн Монгол Улсын нийт хүн амаас илүү. Амьдралын түвшин болоод хүн амын тоон харьцаа ийм ялгаатай байгаа нь манай хөршийг болгоомжилж сандрахад хүргэж байна.

Хятад хүмүүсийн талаарх ерөнхий төсөөлөл нь барилга дээр ажилладаг цагаач барилгачид, эсвэл хуурамч болоод чанаргүй барааг хууль бусаар наймаалдаг жижиг худалдаачид, эсвэл гэнэт хөлжсөн бөгөөд биеэ авч явж чаддаггүй бүдүүлэг шинэ баячууд, цаашлаад дээгүүрээ бол шударга бус өрсөлдөөн болоод авилга өгч авалцдаг хүмүүс байгаа юм. Одоогийн ийм төсөөлөл нь сайнгүй байна.

Гэвч цаашид худалдаа наймаа, бизнес, уул уурхай, дэд бүтцийн салбарт Улаанбаатарт ажиллаж амьдардаг хятадуудын тоо өсөх хандлагатай байгаа.

Нутаг буцахын урьд өдөр би нэг хятад компаниар ороод гарсан юм. Эзэн нь Ганьсу мужийн Ланжоу хотынх, нутагтаа үл хөдлөхийн аварга гэгдэх нэгэнтэй уулзлаа. Тэрбээр Монгол Улсад ачаа тээврийн компани байгуулах, алт олборлолтод хүчээ үзэхээр иржээ. Улаанбаатар болон Ланжоу хооронд байнга аялж ажиллаж явдаг, нутгийнхаа хятад аялгаар яриа өрнүүлэх тэр эрхмийн хувьд бол ямар ч асуудалгүй, найрсаг сайхан орчинд байгаа гэх ажээ.

Эх сурвалж: https://tieba.baidu.com/p/5569418771

Холбоотой мэдээ