Аура судлаач, сэтгэлзүйч О.Соёнгоотой ярилцлаа.
-Аура оношилгооны төвүүд олноор нээгдэж байна. Аураны утга учир, түүний ойлголтын тухай яриагаа эхэлье?
-Аура нь шинжлэх ухаанаар батлагдсан хүний өөрийнх нь эзэлж буй орон зайг хэлдэг. Хүний бие дотор энергийн эх үүсвэрүүд байдаг ба үүнийг хүрд гэж орчуулдаг. Гадаад хэллэг нь чакра. Өөрөөр хэлбэл, хүний биеээс энерги буюу эрчим, эрч ялгарч, үр дүнд нь хөдөлгөөн бий болдог гэж үздэг. Номлол, шашинд 15, 18, 49 гэхчилэн олон чакра байдаг гэдэг ч яг өнөөдөр батлагдсан долоон хүрд бий.
-Чакра буюу хүрдүүд нь юуг илэрхийлдэг вэ?
-Долоон хүрд амьдралын тодорхой хэсгүүдийг хариуцдаг. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас хүрдүүд ажиллаж эхэлдэг. Тодорхой жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой болно байх. Долоон хүрд нь өөр өөрийн өнгөтэй байдаг. Хүний биеийн нэгдүгээр хүрд нь бэлгэ эрхтэн орчимд байрладаг ба энэ нь аюулгүй амьдрах, амьдрах эрхийг бий болгодог хүрд . Улаан өнгөөр тайлбарладаг уг хүрд бие мах бодь, эрүүл мэндийн гол суурь болдог. Энэ хүрдийг хөдөлгөөн, нойр болон байгаль дэлхийгээс энерги авснаар тэтгэн хөгжүүлдэг. Хүн агаар салхинд гарахаар оюун бодол сэргэж, бие мах бодь идэвхждэг шүү дээ. Эсрэгээрээ гар, хөл хүйтэн байх нь хүрд идэвхгүй байгаагийн дохио. Тэгэхээр хүн сайн унтаж, амрахгүй нойр дутуу явбал, эсвэл бие хөшиж, хэт удаан хөдөлгөөнгүй ябвал энэ хүрд дарамтанд ордог байх нь.
Хүүхэд хөлд орж, мөлхөж эхлэх цагаас хурц эрмэгтэй эсэх, халуун, хүйтэн аль нь болохыг, түүнээс өөрийгөө яаж хамгаалах вэ гэдэг анхны мэдэгдэхүүнийг авч эхэлдэг шүү дээ. Энэ нь аюулгүй амьдралын нэгдүгээр хүрдний хөгжил эхэлж буй хэрэг. Нэгдүгээр хүрд нь сайн ажилладаг хүн өөрийгөө аливаа зүйлээс хамгаалж, өөрийн гэсэн бодолтой, амьдрах ухаан, аргаа мэддэг хүн болсон байдаг. Мөн илүү буурь суурьтай, баттай, чанартай, итгэлтэй зүйлд дуртай ба хаширдуу, хэр баргийн уруу татагдахааргүй, өөрийгөө мэддэг, гадарладаг тийм хүмүүс байдаг.
-Долоон хүрд бүгдээрээ л чухал боловч хоёрдугаар хүрд илүү охид, эмэгтэйчүүдэд хамаатай гэж сонссон?
-Хоёрдугаар хүрдийг шашин талаасаа “Хувилгаан хүрд” гэж их гоё орчуулсан байдаг бол амьдрал талаасаа “Тааламжийн хүрд” гэдэг. Хүүхэд 2-3 насандаа тэрийг ч авна, энийг ч иднэ гэж зөрүүдэлж эхэлдэг шүү дээ. Эцэг, эх нь хориглохоор улам орилж, чарлан, уурлаж, эсэргүүцлээ илэрхийлдэг. Энэ нь хүүхдийн хүслийн хүрд сэргэж, юу хүсэж байгаагаа гадарлаж эхэлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, “Энэ зайрмаг амттай, энэ тоглоомыг авчихвал би баяр, хөөр, аз жаргалтай болно” гэдгээ мэддэг болж, хүслийн хүрд нь хөгжиж байгаагийн илрэл юм. Энэ хүрд хүнийг дуртай зүйлээ хийдэг, сониуч болгоход нөлөөлдөг. Амьдралыг өнгөтэй болгодог хүрд гэж би хэлэх дуртай.
Эмэгтэй хүний хувьд энэ хүрд маш чухал гэдэг нь үнэн. Учир нь уян хатан, зөөлөн, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх эмэгтэйлэг энергийг ялгаруулдаг юм. Эмэгтэй хүний энэ хүрд идэвхгүй, хаагдмал , зогсонги, эсвэл ажиллагаа муутай болчихвол эршүүд зантай болчих гээд байдаг гэмтэй. “Чи мэдэхгүй, би мэднэ. Чамаар би дутахгүй” гэх хандлага гаргах эмэгтэй хүнтэй ямар ч эрэгтэй хүн харьцаад “Энэ хүнд миний хэрэг алга. Зөрүүд юм байна” гэсэн ойлголт төрнө. Эмэгтэй хүн байгалаасаа уян хатан зан чанартай, хүний эвийг олдог өгөгдөлтэй төрсөн байдаг. Харин эрчүүдийн тухайд, энэ хүрд муу байвал юу хүсэж буйгаа мэдэхгүй болдог. Өөрийн биш хүний хүслээр амьдарч, хүний дарамтанд амархан орох гэдэг. Улбар шар өнгөтэй “Тааламжийн хүрд” яагаад хоёрдугаарт байдгийг одоо ойлгож байгаа байх. Энэ хүрд бидний амьдралын хүсэл зорилгыг бий болгодог учиртай юм.
-Маш сонирхолтой мэдээллүүд юм. Одоо Та гуравдугаар хүрдний үүргийг тайлбарлахгүй юу?
-Шар өнгөтэй гуравдугаар хүрд нь оюун ухааны бэлгэдэл учраас ухаантай хүмүүсийнх байдаг. Энэ хүрд нь илүү хөгжсөн хүмүүс нийгэмд эзлэх байр сууриа амархан олдог. Гуравдугаар хүрд 4-7 насанд хөгжиж эхэлдэг. Учир нь энэ үедээ хүүхэд цэцэрлэг, сургуульд явж, нийгмийн харилцаанд орж эхэлдэг учраас гэртээ, ангидаа, хамт олон дунд ямар байх вэ, биеээ хэрхэн авч явах вэ гэдэг эхний ойлголт, дүгнэлтүүд өөрт нь сууж эхэлдэг. Би удирдагч уу, гүйцэтгэгч үү, эсвэл дуугай нэгэн байх уу гээд аль нь надад амар байх вэ гэдгээ хүүхэд шийдэж эхэлдэг. Хамт олон болон гэр бүл дундаа нэг өөр байдаг төдийгүй олон дүрүүдийг ч бий болгодог.
Хүн өөрөө өөрийгөө үнэлж, ойлгож байж, бусад хүнд өөрийн мэдлэг чадвараа нотлон харуулж, улмаар үнэлүүлж чадна. Энэ хүрд дарагдсан үед хүн өөрийгөө бодитоор үнэлдэггүй, авьяас, чадвараа “Би чадахгүй юм чинь” гээд дарах хандлагатай байдаг. Энэ нь орлого, цалин, шагнал, урамшуулал, бүр бэлэг сэлтэн дээр хүртэл мэдрэгддэг. Гэхдээ шар хүрд хэт давцан байх үед онгироо, биеээ тоох зангаар илэрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Дөрөвдүгээр хүрд бол “Хайрынх”. Гэхдээ бараг ийм хүрдний хөгжилгүй хүн гэж хорвоо дэлхий дээр ховор байдаг байх, тийм үү?
-Хүүхэд 7-14 насанд хайр гэдгийг ойлгож эхэлдэг. Намайг хүн хайрлаж болно, би бас хүнийг хайрлана гэдэг зөөлөн энергийн хүрд орж ирдэг. Хүний биеийн доод хэсэгт байрладаг эхний гурван хүрдийг материаллаг хүрдүүд гэж үздэг бол ногоон өнгөтэй “Зүрхний хүрд”-ийг байгалаас, гэр бүлээс, нийгмээс хүртдэг зөөлөн хүрд гэнэ. Улмаар хүүхдийн өсөлт, бойжилт гүйцээд ирэхээр, эр, эм, охид, хөвгүүдийн ялгааг мэдэрч, ингээд хосын хайрыг сонирхож эхэлдэг. Улмаар аав, ээж, эмээ, өвөө, ах, дүү, авгай, нөхрийн гээд олон янзын хайр байдаг гэдгийг ойлгож эхэлнэ.
Тавдугаар хүрд буюу “Хоолойн хүрд” нь өөрийгөө илэрхийлэх, санаагаа хүнд ойлгуулах, өөрийгөө хэрэгжүүлэхэд зориулагдсан байдаг. Өмнөх зургаан хүрд хүний биед суугаад, хөгжөөд ирэхийн цагт тэдгээрийг бусдад хэрхэн илэрхийлэх, хүргэх, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт тавигдана. Өөрт буй авьяас, чадвараа үг, үйлдлээрээ харуулж, амьдралд хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг логикууд гарч ирнэ. “Хоолойн хүрд”-ийг ажил, сургалтын хүрд ч гэж үздэг. Аливаа юмыг ойлгож, өөртөө шингээгээд, үгээр, эсвэл үйлдлээр яаж цааш нь нэвтрүүлж, бусдад санаагаа ойлгуулах вэ гэдэг арга зам юм. Одоо үед энэ хүрд маш чухал. Цэнхэр өнгөтэй “Хоолойн хүрд”-ээ удирдаж чаддаг хүн тухайн харилцаж буй хүндээ тохируулж, дуу хоолойныхоо өнгө авьяаг зохицуулж чаддаг. Тухайлбал, хэнтэй чанга, зөөлөн, тод өнгөөр ярих вэ гэдгээ ойлгоцон байдаг ба хүмүүстэй нийгмийн харилцаанд орохдоо хүрдээ зөв тохируулах чадвар нь цаанаасаа өгөгдсөн байдаг. Харин хүрд нь идэвхгүй хүмүүсийн тухайд, өөртөө итгэлгүй бодлууд нь давамгайлдаг.
-Ингээд сүүлийн хоёр хүрдний тухай сонсох үлдлээ. Гэхдээ энэ хоёр хүрдийг их ойролцоо гэж аура судлаачдын зарим нь хэлдэг?
-Зургадугаар хүрдийг “Мэлмийн хүрд” гэж хэлдэг. Энэ нь алсын хараа ч гэж орчуулагддаг. Төлөвлөх, урьдчилан шийдвэр гаргах, сонголт хийх, амьдралынхаа ерөнхий нөхцөл байдлыг олж харах бүх ур чадвар нь хөгжсөн байхыг хэлнэ. Хүн мэлмийгээрээ зөвхөн материаллаг буюу бодит зүйлийг хардаггүй. Алсын хараа гэж хэлсний учир нь, хүн бүр өөрийнхөө ирээдүйг өөрсдөө бүтээдэг гэж би хувьдаа үздэг. Амьдралынхаа төлөвлөгөөг Та өдрөөр, сараар, улирлаар, жилээр нь хэр цэгцтэй бодно, тэр чинээгээр зам тань нээгдэнэ. “Тийм ч юм хийх үү, ийм ч юм руу орох уу” гэх мэт эмх замбараагүй бодлууд их байх тусам шороон замууд шинээр бий болж, шулуун зам идэгдэж, хөх өнгөтэй энэ хүрд бүдгэрдэг. Гэхдээ сүүлийн үед “Мэлмийн хүрд”-ний өнгө чернилэн ягаан өнгөтэй болоод, долдугаар хүрд буюу “Удирдах хүрд”-тэй эн зэрэгцэн ирээд байгаа. Үүнийг хүмүүсийн мэлмий нээгдэж, мэдрэмж, оюун ухааны хөгжил, сансар огторгуйтай мэдээлэл солилцох чадвартай болсонтой холбон тайлбарлаж байна.
Хамгийн дээд “Титэм хүрд” нь бүх зургаан хүрдийг чиглүүлдэг хүрд. Энэ хүрд сайн хөгжсөн үед хүн өөрөө өөрийнхөө хувь заяанд эзэн байж, өмнөх замаа олж харж чаддаг болно. Эцэст нь хэлэхэд, хүрд бүхэн дээр хүн болж төрсөн хувь тавилангийн эрх дархууд бий. Эхний хүрд нь аюулгүй амьдрах, дараах нь жаргалтай, гутгаар нь хангалуун, удаах нь хүнд хайрлуулах, хайрлах, тавдугаарт, өөрийгөө хэрэгжүүлэх, зургадугаарт, сонголт хийх, шийдвэр гаргах, долдугаарт нь, өөртөө зориулсан зөв амьдралаар амьдрах эрх, дарх эдлэхийг хэлж байгаа юм.
-Хүрдээ хөгжүүлж, тэнцвэрт байдлаа хадгалахын тулд хүн яах ёстой вэ?
-Эхлээд аль хүрд нь гацсанаа ойлгох хэрэгтэй. Үүний тулд заавал аура оношилгоо хэрэггүй. Угаас амьдралын явцад аль хэсгийн хүрд илүү, эсвэл дутуу ажиллаад байгаа нь харагддаг. Ажил төрөл нь бүтэмжтэй сайн хэрнээ хайр дурлал, гэр бүл, эсвэл эрүүл мэндийн аль нэг нь таагүй байгааг өөрөө мэдэрчихвэл үүнийгээ засах боломжтой. Энергийн нэгдүгээр хууль нь тэнцвэртэй байдал. Хүрдүүд нэг бол илүү, нөгөө бол дутуу ажилладаг. Үүний алтан дунджийг олох ёстой гэсэн санаа. Бүх зүйл дээр нэмэх, хасахын тэнцвэрийн хууль хэрэгждэг. Тэгэхээр хэт даруу, нөгөө бол хэт онгироо байж болохгүй нь. Жишээ нь, “Тааламжийн хүрд” илүүдвэл шунал ихэсдэг. Юм бүхэн гоё сайхан, амттай санагдаж бүхнийг авах гэдэг. Дээрээс нь бэлгийн хүрд гэж үздэг учраас бэлгийн хамаагүй харилцаанд орчих, эсвэл хар тамхи хэрэглэх гэх мэт гаж донгууд бий болдог. Өөрөөр хэлбэл, тааламжийг буруу аргаар олохыг хэрэглэж байгаа юм. Мөн хайр илүүдэхээр өрөвч болдог. Бүгдийг эвийлэн хайрлаж, туслах юм сан гэсэн сэтгэхүйгээр хандана. Энэ нь хэтрэхээр нөгөө хүнээ давраадаг муу талтай. Улмаар өөрөө эргээд шархална. Харин “Хоолойн хүрд” илүүдэхээр нэг л их олон санаа оноо гаргаж, яриад л байна тодорхой үр дүнд хүрдэггүй. Мэдээж дээд талын хоёр хүнд илүүднэ гэж байдаггүй.
-Аура оношилгооны аргачлалыг тайлбарлаач. Нэг гартаа төмөр атгаад л компьютер дээр гэрлэн бүрхүүл нь гараад ирдэг гэхээр бүрэн дүүрэн итгэл төрүүлэхгүй юм?
-Оросууд хүний биеийн энергийг оношлоход зориулан шинжлэх ухааны үндэслэлтэй төхөөрөмж бүтээсэн юм. Хүний биед зүү тавьдаг энергийн идэвхтэй цэгүүд байдаг. Хятадын уламжлалт ухаанаар гар, хөл, чихэнд бүх биеийн цэг байдаг ба хүрдний мэдээллүүд нь гарын цэгүүдээс ялгарч байдаг. Хэрэв хүнд харагддаг бол гар дээрх цэгүүдээс утас шиг энерги хөвөрч гарч ирээд тухайн хүний энергийн эрчимийг өндгөн хэлбэрийн бүрхүүлээр бүрдүүлж байна гэсэн үг. Нэг гарт нь төмөр атгуулаад, үзэг шиг юмаар алганы гурван талаас хүрдний долоон цэг авч байгаа нь компьютерийн 3D аргаар хүний бүтэн биеийн био энергийг харж буй үйлдэл юм. Био энерги нь багахан хэмжээний цахилгаан ялгаруулж байдаг бөгөөд тоогоор цахилгааны хэмжээг илэрхийлнэ.
-Монголд ямар замаар аура нэвтэрсэн юм бол. Оросууд яагаад үүнийг зохион бүтээх болсон бэ?
-Оросууд хүний биеийг оношлохоор анх аурагийн төхөөрөмжийг бүтээсэн юм билээ. Тэд өвчин зовлон тусаагүй хэрнээ онош нь тодорхой бус зовиурыг судлаж үзтэл гадны нөлөөтэй болохыг олж тогтоосон. Гадны нөлөө гэдэгт хар цагаан хэл ам, сэжиг, бузар, хараал, ховсдолт гэх мэт тухайн хүний аурад гаднаас орж ирсэн энергийн биетийг хэлнэ. Тэр биет үндсэн энергийг дарангуйлж, сордог учраас гэнэт ааш зан нь хувирах, бие тавгүйрэх байдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл, хүн уурлахгүй зүйлд ундуйцаж, гомдхооргүй зүйлд гоморхож, өөртөө эзэн биш болж эхэлдэг. Ийм үедээ аурагаа үзүүлчихвэл юу болохгүй байгаа нь маш тодорхой гарч ирдэг.
Нөгөөтэйгүүр, гадны нөлөөгүй хэрнээ бие сэтгэл хямарч, өөрт зовиуртай бараан бодлууд орж ирвэл үүнээс салах ёстой болдог. Тодруулбал, гомдол, гэмшил, буруутгал, уур, айдас, өөрийгөө голох гэх мэт тогтсон бодлууд өөрийнхөө энергийг “иддэг”. Энэ бүхнийг засал номын аргаар биш хүн өөрөө өөрийгөө эмчлэх замаар хийх ёстой гэж би үздэг. Лам хуваргаар ном уншуулж, бөөгөөр дом хийлгэх, эсвэл аурагийн лаа, усны засал гэх мэт арга нь доторх нөлөөлөлд тохирохгүй. Харин гаднын буюу бузар, сэжигт илүү тохирно гэж би хувьдаа үздэг. Миний баримталдаг гол зарчим нь хүн өөрөө өөртөө эзэн байж, өөрийгөө засах, үүнийг хийх аргаа мэддэг байх ёстой гэж. Үүнийг л хүмүүст хэлэхийг хичээдэг. Манай ихэнх аура оношилгооны газруудыг харахад засал хийх гээд дайраад байдаг. Яах вэ, галын энерги их хүчтэй, сайн энергийг бадрааж, мууг цэвэрлэдэг учраас тухайн үедээ засагдах боловч гамаа барихгүй, бараан бодлуудаа эргээд бодох төдийд муу бүхэн эргэн сэдэрнэ. Тиймээс гол үндсийг нь цэвэрлэж, муудсан хэсгийг нь авч хаяхын тулд тухайн хүнд өөрийгөө зовоодог бараан бодлуудаа өөрчлөх, хэрхэн өөрчлөх арга замыг нь зааж өгөх арга барилыг илүүд үздэг юм.
-Аурагаар үзэхэд яг юу нь харагддаг вэ?
-Зурагний өөдөөс харахад, одоо байгаа байдал нь харагддаг. Энэ хүн юунд шаналж байна, сэтгэл санаа нь ямар байгаа нь гардаг. Мөн чадварууд нь харагддаг. Хажуу талаас ойрын ирээдүй нь харагддаг. Зарим аура нь бүр холын буюу амьдралынх нь ирээдүйг хэлж өгдөг. Харин би аурад маш их өөрчлөлт ордог учраас өнөөдөр ямар шийдвэр гаргана, түүнээс хамаарч таны ирээдүйд хувилбарууд гарч ирнэ, тэр хувилбарыг та өөрөө сонгох ёстой гэж үздэг учраас ойрын нэг жилийнх төлөвийг тайлбарлаж өгдөг. Үнэндээ хүний насан туршийнх аураг нь тайлбарлахаас айдаг. Яагаад гэвэл, тэр хүний өмнөөс би сонголтыг нь хийгээд, тэр хүний тавиланг өөрийнхөө харснаар явуулах гээд байна шүү дээ. Түрүүнд хэлсэнчлэн, хүрдүүдээ хараад, хоолойн дээр ажлыг нь, тааламж дээр гэр бүл, сэтгэл санаа, толгойн дээр бодол санаанууд нь харагддаг учраас тайлдаг.
-Аурад бүсгүйчүүд ажил, амьдралаа үзүүлэхээс гадна заяаны ханиа асуух гэж их очдог. Та эмэгтэй хүн бүр заяаны ханьтай төрдөг гэж хэлж байсан. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Заяаны хосууд төрсөн цагаасаа алтан утсаар холбогдсон байдаг гэж үздэг. Яагаад ханьтайгаа учрахгүй, өөр хүнтэй таарч, төөрдөг вэ гэхээр, энэ нь тухайн хүн өөрийгөө ойлгоогүй, мэдээгүй, таниагүй, нэг үгээр өөрийгөө олоогүй үед нөгөө хүн нь яаж таньж, олж ирэх вэ гэдэг гаргалгаа байдаг. Сайн зөвлөгөө гэж ойлгоод өөрт тохирохгүй, хэн нэгний зөвлөгөөг дагаад явсан хүн өөрийгөө олоогүй байдаг. Тэгэхээр өөрийгөө танихын тулд “Энэ надад чухал уу, миний шийдвэр, хүсэл зорилго уу” гэдгээ тунгаах хэрэгтэй. Хүссэн зүйлээ хийгээд ирэхийн цагт харах өнцөг нь өөрчлөгдөж, гацах зүйлгүй болдог. Хань ижлээ олохын тулд нэгдүгээрт өөрөө хүсэх ёстой.
Нас нь явцан, аав, ээж хүсээд, найз нөхөд нь бүгд гэр бүлтэй болсондоо биш цэвэр өөрөө бэлэн болох ёстой. Зарим хүн ганцаараа явж байгаадаа ч илүү жаргалтай байдаг. Энэ бол өөрийгөө таньж байгаа үе нь. Гэтэл энэ үед нь эхнэр ав, нөхөрт гар гээд дарамтласаар байгаад буруу хүнтэйгээ суудаг тохиолдол олон бий. Тиймээс сайхан ханьтай болох биш, би өөрөө хүний сайн хань болмоор байна гэж хүсэх ёстой. Дараа нь зөвшөөрөх ёстой байдаг. Хүүхнүүдэд ийм саад байдаг. Тэр нь “Надтай угаасаа олиггүй хүмүүс таардаг. Нэг бол архичин, нэг бол дүү, эсвэл мөнгөгүй, эсвэл эхнэртэй” гэж бодоод яг энэ төрлийн хүмүүст хаалгаа нээгээд өгчихдөг. Иймд яг надад ямар хүн тохиромжтой вэ гэдгийг бодох ёстой. Бүр гадаад, дотоод зан чанарыг нь бичих хэрэгтэй. Өндөр, нам, бүдүүн, нарийн, хар, шар байх эсэх, дүү эсвэл ах бол хэдэн насны зөрүүтэй байх гээд бүхий л өөрт тохирох дүр төрхийг нь яг л бурханд захиалга өгч байгаа юм шиг бичнэ. Энэ нь өөрийгөө таньж мэдэж байгаа нэг хэлбэр.
Дотоод зан чанарын тухайд анхааралтай байх хэрэгтэй. Нэг бүсгүйгээс ямар эр хүн хүсэж байгааг нь асуухад “Хатуу мөртлөө зөөлөн” гэв. Гэтэл яасан, хоёр найз залуугийнх нь эхнийх нь маш хатуу буюу гар хүрэх хэмжээний, дараах нь “чи л мэд” гээд хэт зөөлөн хүн таарсан. Тэгэхээр юун дээр хатуу, юун дээр зөөлөн байх вэ гэдгийг нь нарийн бичих ёстой. Мөн мөнгөтэй, халамжтай эр хүнийг бүсгүйчүүд их хүсдэг. Энэ хоёрыг зэрэгцүүлсэн хүн тун ховор байдаг. Мөнгө хөөцөлдөж байгаа хүнд сэтгэл санаа чухал биш, илүү бодит материаллаг зүйлд дуртай байдаг бол халамжтай хүмүүс “Мөнгө төгрөг яах вэ, сэтгэл чухал” гэдэг. Эцэст нь, аль нь тохиромжтой вэ гэдгээ өөрөө л сонгох, үүнээс улбаалан өөрийгөө ухаж ойлгох ёстой гэсэн анхны цэг дээрээ очиж байгаа биз. Анхаарах зүйл гэвэл, дутагдал бичиж болохгүй. Архи уухгүй байх гэвэл архи уудаг нь, харддагүй байх гэвэл харддаг нь орж ирдэг. Үгүй гэдэг үг хэрэглэхгүй. Харин хүлээн зөвшөөрөх дутагдалаа бичиж болно. Юу гэдгийн, тамхи татдаг байж болно гэх мэт чи нэг их нервтэхгүйг бичиж болно. Ингээд төгсгөлд нь, тэр хүний өнцөгөөс өөрийгө харах. Чамайг тоохоор байна уу, эсвэл чи юугаа өөрчлөх хэрэгтэй байна вэ гэдгээ анзаарах хэрэгтэй. Ингэж чадвал, арга, билэг хосолж, зам шулуудна. Ер нь эм, эрийн харилцаанд эмэгтэй нь л орчныг бий болдог. Аливаа зүйлийг хатан ухаанаар залах ёстой. Эр хүн сэтгэл дундуур байвал асуудал эмэгтэйд л байна гэсэн үг. Тэгэхээр юу хүсэж байгаагаа эмэгтэй нь эрэгтэйдээ маш сайн ойлгуулах хэрэгтэй.
-Аура судлаад хэдэн жил болж байна вэ. Та хөзрийн мэргээр давхар үздэг. Хөзрөөр ямар мэдээллүүд гарч ирдэг вэ?
-Аура үзэх явцад зарим хүний асуудал илүү нарийн зүйл рүү ороод явчихдаг. Шийдвэр гаргах үед, эсвэл аура дээр тайлал нь сайн харагдахгүй тохиолдолд хөзөр оруулж ирдэг. Миний энэ хөзөр сэтгэлзүйнх. Намайг сэтгэлзүйгээр суралцаж байхад орос багш маань хөзрөөр сэтгэлзүйн зангилааг тайлахыг заасан. Нэр томъёо нь “Зүйрлэлийн хөзөр” гэж явдаг. Яагаад мэргийнх болсон бэ гэхээр, сэтгэлзүй ирээдүйг шийддэгтэй холбоотой. Нэг үгээр, нөхөртэй болохгүй байгаагийн шалтгааныг өөрийн чинь сэтгэлзүйгээр олж тогтооно гэсэн үг. Хөзөр сонгоход хүртэл хүний далд ухамсар нөлөөлдөг. Тиймээс л мэргийн хөзөр болгон ашиглаад байгаа хэрэг. Үйл явдал, эсвэл хүний дотоод зан чанарыг үздэг гээд орос багшийн маань зурсан хөзрүүд юм.
Аура судлаад гурав дахь жилдээ явж байна. Би 19 жил нягтлангаар ажилласан. Хүрч болох дээд хязгаартаа хүрсэн учраас ажилдаа сонирхолгүй болж, залхаж эхэлсэн. Ингээд цаашид хэрхэх талаараа бодтол нэг л зам харагдахгүй байв. Ойр тойрны хүмүүсээсээ “Та нарт миний юу таалагддаг вэ, юуг маань илүү үнэлдэг вэ” гээд асуутал “Та амьдралын гоё зөвлөгөө өгдөг. Юмыг хүнд нь тохируулаад гоё заадаг. Чамд асуудлаа ярихаар тайвширдаг” гэлээ. Ингээд насан туршийн шинэ мэргэжлээ олох эрэлд гарч, багш болох уу, хэн байх вэ гэдгээ ухсаар яваад сэтгэлзүйчтэй дөхөж очьсон. Гэхдээ сонгодог сэтгэл зүй нэг л сонирхол төрүүлэхгүй байж байтал Lifecoach буюу амьдралын хөтөч гэдэг нэр томъёо гарч ирэв. Судлаад үзвэл, хүний зорилгыг амьдралд нь яаж нэвтрүүлэх вэ гэдэг мэргэжлийг сэтгэл зүйтэй хослуулсан байв. Тэгсэн хэрнээ сүнсний энерги ярьдаг учраас классик биш юм. Ингээд сэтгэлзүйч коучийн долоон сарын ОХУ-ын онлайн сургалтад хамрагдаж, диплом хамгаалсан.
-Эмэгтэй хүний амьдралд салалт олон байх муу юу?
-Заримдаа салчихсан нь амар байдаг учраас тэр замыг сонгоод байна. Ер нь ханьтай байх, хамт амьдрах чинь хэцүү. Байнга нөгөө хүнийхээ учир, эвийг олж, дасан зохицно гэдэг хөдөлмөр. Гэтэл салчихвал үсрээд л хоёр жил шанлаж, зовно, тэгээд л ганц бие амьдралдаа дасан зохицдог. Салалт бол хамгийн зовиургүй, хямдхан арга. Салахгүйн тулд, дасан зохицохын тулд өөрийгөө болон нөхрөө өөрчилж чаддаг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн тааламжийн хоёрдугаар хүрдээ удирдаж чадвал ямар ч хүнийг хажуудаа тав тухтай байлгаж чаддаг. Өөрийн эрхгүй хажууд нь наалдаад л баймаар хүмүүс байдаг шүү дээ. Ийм тааламжийн хүрд сайтай хүмүүс өөрийгөө жаргалтай байлгаж чаддаг.
-Та хүн бүр сахиустай буюу сахиусан тэнгэртэй гэдэг. Энэ үнэн үү?
-Angel буюу сахиусан тэнгэр нь бидний удмаас ирдэг. Өвөг дээдсийн хэдэн үеэс ч байж болно, аль нэг нь биднийг тавилан, зан чанараар төстэй учраас дааж авдаг. Өвөө эмээ нар “Энэ хүүхэд миний замаар явах нь дээ” гээд хайрладаг шүү дээ. Үүн шиг хайрлаж, даадаг сахиус бий. Сахиусан тэнгэртээ итгэх тусам хамгаалалт нь мундаг болдог. Сахиусан тэнгэргүй төрнө гэж байдаггүй. Аура дээр баатар, тайж, лам хүн бол тэр толгойн дүрслэл нь гарч ирдэг юм. Тэрхүү өвгөдийн сахиусын зан чанар чамд бий гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
2 cэтгэгдэлтэй
Холбогдох дугаар бна уу
яаж холбогдох вэ