Хүчирхийлэл сүрдүүлэг дор нуугддаг

2020-11-17 590 0

Бүтэн долоон жилийн турш хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн өсвөр насны охин жирэмсэн болж, ургийн гажигтай хүүхэд төрүүлсэн гэх аймшигт хэргийг сонсоод дотор сэртхийх шиг болов. Яагаад ийм олон жил хэнд ч хэлэхгүй хүлцэв гэдэг асуулт хамгийн түрүүнд төрнө. Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүд ихэвчлэн бэлгийн хийгээд бие махбодь, сэтгэл санааны гүн дарамтан дор амьдардаг аж. “Хэрэв чи хэн нэгэнд хэлбэл та нарыг тэжээх хүнгүй болно. Би шоронд орвол тэндээс гараад хамгийн түрүүнд чамайг ална” гэж харгис хүчирхийлэгч сүрдүүлдэг учраас л хөөрхийлэлтэй охин амаа хамхиж, дотроо шаналж, бүтэн долоон жилийн амьдралаа хар дарсан зүүд мэт өнгөрүүлжээ. Энэ бол өсвөр насны охид, бүсгүйчүүд бэлгийн, бие махбодийн болон үл хайхрах гэх мэт олон хүчирхийлэлд өртөж буйн хамгийн наад захын жишээ. Монголын нийгмийн бүхэл бүтэн нэг хэсэг түнэр харанхуйд “идэгдэж”, харгислал, дарангуйлал, хүчирхийлэл, архидалтын сүүдэрт хүүхэд, эмэгтэйчүүд өдөр хоногийг ямархан өнгөрүүлж буйг бодохоос ч зарсхиймээр.

Монгол Улсын хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хандаж болох ганцхан төв байдаг нь “Хүүхдийн тусламжийн 108” юм. Тус төв нь улсын онцгой нууц объектод хамаардагийн дээр цар тахал өвчинтэй холбогдуулан хатуу хөл хорио тогтоосон учраас газар дээрээс нь сурвалжилга, мэдээлэл бэлтгэх боломж бидэнд байсангүй.  Иймд “Хүүхдийн тусламжийн 108” төвийн захирал С.Отгонсүрэнгээс нөхцөл байдал ямар байгааг утсаар тодруулан ярилцсан юм.

С.Отгонсүрэн: -Хорио цээрийн дэглэмтэй энэ үед хичээл сургуульгүй хүүхдүүд маань гэр бүлийнхээ бүрэн хамгаалалтад байна гэж бид үзэж байгаа. Энэ утгаараа хүчирхийлэл буурах ёстой гэсэн хүлээлт байв. Гэтэл ийм цаг үед буурах нь битгий хэл нэмэгдэх, ялангуяа бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл нийгэмд ихсэх хандлага ажиглагдаж байна. Үүний цаад шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд нь тодруулаад гаргах байх. Яах вэ, бид зарим тоон мэдээллийг боловсруулж өгдөгийн хувьд, гэр бүлийн эдийн засгийн санхүүгийн хямрал үүнд нөлөөлж байна уу гэсэн сэжим байна. Мөн гэр бүлүүд өглөөнөөс орой хүртэл хоногийн 24 цагт хамтдаа байхаар элдэв харилцааны зөрчил үүсгэж, улмаар хүүхэд үүнд нь өртөх хандлагатай байна уу гэж харагдаж байна. Гэхдээ энэ нь зөвхөн манайд ч биш дэлхий нийтэд ажиглагдаж буй дүр зураг шүү дээ.

Нэг сард дунджаар 300 хүүхэд хүчирхийлэлд өртдөг

                “Хүүхдийн тусламжийн 108” төв нь дэргэдээ түр хамгаалах байртай бөгөөд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх багтай. Тус төвд хүчирхийллийн тухай дуудлага ирэхээс гадна томчуудаас зөвлөгөө, мэдээлэл авах хүүхдийн дуудлага ирдэг юм байна. Тус төв дуудлагаа таван чиглэл, 58 ангиллаар ялгаж авч үздэг аж. Ингэхдээ өдөр тутмын дуудлагын ангиллаар бие махбодь, бэлгийн хүчирхийллийн дуудлага буурахгүй буюу хамгийн эхэнд  байдаг гэсэн үзүүлэлттэй. Өдөр бүр яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэхэд дунджаар 5-6 удаагийн дуудлагаар 10-15 хүүхэд тусламж авдаг гэнэ. Энэ нь өдөр бүр биш, дундаж тоо гэдгийг дахин тодотгох нь зүйтэй болов уу. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард 300 орчим хүүхэд тус төвөөс үйлчилгээ авсан дүн мэдээ байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт гэнэ.

Харин харилцуур утсаар өдөрт дунджаар 500 орчим дуудлага, сардаа 13-15 мянган дуудлага хүлээн авдаг юм байна. Эндээс харвал, сард 300 орчим хүүхэд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг бөгөөд энэ нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэсэн үг. Гэхдээ энэхүү 300 гэдэг тоонд орон нутгийн зарим хүүхдүүдийг оруулаагүй гэдгийг анхаарна биз ээ.

“Хүүхдийн тусламжийн 108” төвд есөн дүүргийн хүүхдүүд болон орон нутгаас нэн яаралтай шилжүүлэн нүүлгэх ёстой ангилалд багтсан хүүхдүүд л ирж, төрийн хамгаалалтад ордог аж. Харин сард ирдэг 15 мянган дуудлагын дийлэнх нь хүчирхийллийн шинжтэй байдаг нь анхаарал татах асуудал болж байна.

Нөгөөтэйгүүр, “Хүүхдийн тусламжийн 108” төвөөс үйлчилгээ авч буй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь мэдээлэл ил тод, нээлттэй болсонтой холбоотой юм. Хүүхдүүд маань эрх үүргээ мэдэж, зөрчигдсөн тохиолдолд хаана хандаж, хэрхэн хамгаалуулахаа мэдэж байгаагийн жишээ энэ мөн. Өмнө нь буюу 108 гэдэг хүүхдийн тусламжийн утас байдаггүй байсан цаг үед хүчирхийлэлд өртсөн бяцхан зүрхнүүд хэнд хандаж, хаана очихоо мэдэхгүй суудаг байж. Тиймдээ ч 1990-ээд онд “траншейны” гэх тодотголтой гэр орноосоо дайжсан хүүхдүүд олширсон байж ч магад.

С.Отгонсүрэн: Хүүхэд хамгааллын үйлчилгээг утасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнгөрсөн жил бид програм хангамжийн шинэчлэлтэй холбогдуулан судалгаа авахад, нийт хүүхдүүдийн 80 хувь нь 108 утсыг мэддэг бол эцэг эх, асран хамгаалагчдын 60 гаруй хувь нь мэддэг гэж хариулсан. Олон улсын утасны сүлжээ, стандартад шилжсэн манай төв Монгол Улсын хүүхэд хамгааллын чиглэлд том байр суурь эзэлж буй үүрэгтэй алба. 21 аймаг, есөн дүүрэг гээд үндэсний хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй манай төвийн утасны шугам гуравхан л байдаг. Энэ гурван шугамаараа 24 цагийн турш дөрвөн ээлжээр тасралтгүй дуудлага авч байна. Уг нь, олон улсын стандартаар дөрвөн цаг тутамд нэг ээлж ажиллах ёстой гэж заасан байдаг. Гэтэл манайд нэг ээлж, нэг зөвлөгч 24 цаг ажилладагг.

Холбоотой мэдээ