“Чимээгүй дуудлага”-ын цаадах хашгираан

2020-11-17 462 0

Нэг хэсэг хүүхдүүд үнэхээр 108 гэдэг хүүхдийн утас байдаг эсэхийг мэдэх гэж тоглоом шоглоомоор их залгадаг байж. Харин өнөөдөр ирж буй дуудлагын ихэнх нь “Чимээгүй дуудлага”-ын ангилалд ордог аж. Учир нь ямар нэг асуудалд орсон хүүхэд шууд л 108 руу залгаж, учир явдлаа хэлдэггүй аж. Эхлээд туршилтаар залгаж үзээд чимээгүйхэн чагнаж байгаад салгадаг гэнэ. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хүн авах эсэх, тэр хүн ууртай байна уу, загнах нь уу, эсвэл сайхан ааштай байх нь уу гэдгийг танддаг байна. Ингээд хоёр, гурав дахь удаагаа залгахдаа яриад үзье гэж шийддэг гэнэ. Гэхдээ шууд л өөрт тохиолдсон асуудлаа хэлэхгүйгээр “Манай найзад ийм асуудал учирлаа, одоо яах вэ” гэж асуудаг юм байна. Ингээд сэтгэлзүйчтэй ярилцаж, өөрт нь ямар асуудал тулгарсныг үнэнээр нь өгүүлдэг аж. Хүүхэд гэдэг томчууд биднээс сул дорой учраас “Чимээгүй дуудлага”-ын цаана “Надад туслаач” хэмээн хашхирч байдаг байх нь.

Бас нэгэн жишээ. 2018 онд орон нутагт таван настай хүү аавдаа нүүрээ тэгширтэл зодуулсан тохиодол бүртгэгдсэн. Хүү эмнэлгийн тусламж цаг алдалгүй авсны ачаар сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжсэн юм. Гэвч өөрт нь хумсын толион чинээ хайр энэрэлгүй хандаж, адгууснаас дор авирласан аавыгаа ээжтэйгээ эвлэрүүлэхийн тулд “Та аавд битгий уурла л даа” хэмээн эмнэлгийн орон дээр ээжийнхээ хүзүүнээс зүүг­дэн суусан өр өвдөм хүүгийн тухай сонсоод өөрийн эрхгүй хоолой зангирав. Үүн шиг хүүхдийн цэвэр ариун ертөнцийг харлуулсан жишээг өчнөөн олноор нь хэлж болохоор байна.

С.Отгонсүрэн:- Хүнд дуудлагын дараах мэргэжилтний сэтгэлзүйн байдлыг хянах, тогтвортой байлгах зорилгоор давхар ахлах сэтгэлзүйч ажилладаг. Манай 108 утас зургаа дахь жилдээ ажиллаж байна. Анх таван жилийн хугацаанд хэрэгжих төсөл байсан учраас хугацаа нь дуусаад буй. Тиймээс төрөөс програмын шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байгаа. Учир нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд утсаар ярихаас илүүтэй чатаар харилцахыг илүүд үздэг нь олон улсын судалгаагаар тогтоогдсон.

Холбоотой мэдээ