Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлж байна

2020-11-17 899 0

Саяхныг хүртэл бэлгийн хүчирхийллийг хэн нэг танихгүй этгээд харуй бүрий цагаар гудамжинд хийдэг, эсвэл унаа тэргэндээ амыг нь дараад суулгадаг гэсэн таамаг ойлголт бидэнд байсан. Кинон дээр ч ийм жишээнүүд мундахгүй олон гардаг. Мөн элдэв янзын судалгаагаар хойд эцэг нь хүчирхийлэл үйлддэг гэдэг нь тогтоогдсон. Гэтэл өнөө цагт асуудал улам ужгирсаар садан төрөл нь бэлгийн хүчирхийлэл үйлддэг болсон.

Эндээс хамгийн жигшим, эмзэглэм тоон үзүүлэлт гарсан нь төрсөн эцэг нь охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлдлэж буй дуудлага, мэдээлэл хойд эцгийнхтэй эн тэнцэх хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд хэлж байна.

Бэлгийн хүчирхийлэл дотор энэ нь хөнгөн, тэр нь хүнд гэсэн ойлголт байдаггүй. Ийм зүйлд аль ч насандаа өртсөн хүн насан туршдаа сэтгэл санааны ямар хөндүүртэй, шархтай явах бол. Бага насандаа хүчирхийлүүлж байсан хүүхэд өсч том болсон ч бие, сэтгэлийг нь эмтэлсэн явдлуудыг ор тас мартаж чад­даггүй. Хар дарж зүүдлэх, шээс задгайрах, бухимдах нь ихсэх гээд олон шинж тэмдэг аймшигт явдлын дараах эхэн үед илэрдэг. Амьдралын жигшмээр хар барааныг нялх биеэр амссан охид насанд хүрсэн хойноо эрэгтэй хүнтэй хэвийн харилцаа тогтоох чадвар муутай эсвэл донтох эмгэгт автдаг нь судалгаагаар тодорхой болсон. Өдгөө Эрээн хотод биеэ үнэлж буй охидын дийлэнх нь багадаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэж хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Харин эрэгтэй хүүхдийн хувьд хүчирхийлэгчтэй нийлэн хүчирхийлэгч болж, бага насны шархаа нуухыг хичээдэг нь юутай аймшигтай.

                С.Отгонсүрэн:-Хүүхдийн хүчирхийлэгчийг мэдээлэгч нь ээж байдаг бол, дараа нь нагац, авга эгч нар байдаг. Гэр бүлийн талдаа эмэгтэйчүүд хамгаалах зорилгоор ханддаг болох нь судалгаагаар тогтоогдсон. Мөн хүүхэд өөрөө мэдээлэгч болдог. Хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж болсон нь үнэн. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сард гэхэд, төрсөн аав нь таван настай хүүгээ хүчирхийлсэн жишээ байна. Үнэндээ нийгэмд хүчирхийллийн эсрэг мэдээлэл түгээх, сургалт явуулах ажил дутмаг байгаа нь харагдаж байна. Тиймээс цэцэрлэг, дунд сургуулийн наснаас эхлээд архидалт, донтолт, хүчирхийллийн хор уршигийн талаарх мэдлэг, мэдээллийг түлхүү өгдөг болмоор байна. Өнөөдөр хүүхдүүдийг хохирогч болсных нь дараа л яриад байна шүү дээ. Иймд урьдчилсан сэргийлэх чиглэлд заавал сургалтын хөтөлбөрт бага наснаас нь л суулгамаар байгаа юм. Өнгөрсөн зуны турш гэхэд л өсвөр насны хүүхдүүд гааз үнэрлэж, мансуурч донтож байгаа дуудлага ихээр ирсэн дээ. Ийм үед бид СЭМҮТ-тэй хамтарч ажилладаг.

Хүчирхийлэл үйлдэгчийг яллах төдийгөөр хүчирхийлэлтэй “тэмцэж” байгаа өнөөгийн эрх зүйн орчныг бүхэлд нь өөрчилж, эргэж хармаар байна. Нэгэнт болоод өнгөрсөн явдал гээд ээж, аав, асран хамгаалагч нь дуугүй өнгөрөх бус харин ч хүчирхийллээс болж шархалсан бяцхан зүрх, сэвтсэн биеийг нь илааршуулж, хүүхэд насны хэвийн амьдралд нь хөтөлж оруулах нь хамгийн чухал. Хэдийгээр бусдын уурын мунхаг, сувдаг шуналын золиос болсон ч тэдэнд сайхан амьдрах эрх бий. Энэ бол цай уух зуур яриад өнгөрдөг, мэдээнээс уншаад өнгөрөх төдий асуудал биш.

Холбоотой мэдээ