“Түр хамгаалах байрныхан” гэх үзэгдэл бий болох уу

2020-11-17 625 0

Төр засаг ч хүчир­хийллээс урьдчилан сэргийлэх баазыг нь өргөжүүлж, эрүүл мэнд, сэтгэл зүйн бүрэн үйлчил­гээг хохирогчдод үзүүлж, хүчирхийлэл дахин давтагдахгүй байх бүхий л нөхцөл боломжийг улам илүү бүрдүүлэх шаардлагатай. Хүүхдийн 108 утсыг нээсэн нь нүдээ олсон алхам болсныг та бид эндээс харлаа. Гэхдээ ийм утас, тийм төвүүдийг ахиад олныг нээж болохгүйн бас нэг зовлонг С.Отгонсүрэн захирлаас сонсоод хий дэмий л толгойгоо сэгсэрхэд хүрлээ. Тэрбээр “Одоогоор манайхаас гадна гурван дүүрэгт түр хамгаалах байр байгуулсан. Ойрын хугацаанд хоёр дүүрэг дээр нэмж байгуулна. Зургаан аймгийн хэмжээнд түр хамгаалах байртай байгаа.

Гэхдээ нэг хэсэг “траншейны хүүхдүүд” гэж байдаг байсан шиг одоо “Түр хамгаалах байрны хүүхдүүд”  гэсэн хандлага нэмэгдэх вий гэсэн болгоомж бий. Яагаад гэхээр, архины хамааралтай ээжүүд хүүхдээ нэг удаа хаяад явахад нь бөмбийтөл нь хувцаслаад, усанд оруулаад, хоололчихсон буюу ямар ч аюул эрсдэлгүй буцаагаад өгөхөөр “Аан ийм газар байдаг юм байна” гэсэн хандлага авдаг.

Нэг удаа ээжүүд хамтдаа хөдөө гарч архи уухын тулд бие биенийхээ хүүхдүүдэд дуудлага дуудаад хэдэн хоногоор алга болсон жишээ бий. Биднийг очиход ээж нь байхгүй, эсвэл ээж нь өндөр согтолттой үед авч явахаас өөр аргагүй. Ингээд 3-7 хоног, 10, бүр сараар хүүхдээ давтамжтай хаяаад явдаг ээжүүд олон байдаг” гэв.

Хүүхдийн дуудлагын утас ажиллуулж байгаа нь хүүхэд хамгааллын салбарт гарсан дэвшил. Мөн хүчирхийллийн эсрэг хуультай ч болсон. Гэлээ гээд харилцуурын цаана уйлах үрсийн тоо буурахгүй байгаа нь хууль, дүрэм журмууд “тахир дутуу” байгаагийн нотолгоо.Хүүхэд энэ хорвоод уйлж, гуниж, зовох гэж ирдэггүй. Гагц­хүү ээж, аавдаа халуун хайр, аз жаргал гээд амьдралын нандин бүхнийг мэдрүүлэх гэж анх ирэх­дээ л нэг уйлдаг. Түүнээс биш алаг нүднээсээ нулимс унагаж, атгахан зүрхэндээ зовлон хураах гэж мэндэлдэггүй.Ирээдүйд бусдын дунд биеэ авч явах чадваргүй архичин, биеэ үнэлэгч, хүчирхийлэгч бус харин эцэг, эхээс заяасан алдар нэрээ сайнаар дуудуулж, удам угсааг тань залгуулах энхрий үрсийнхээ нулимсыг арчиж, халуун элгэндээ тэврээч, хүмүүс минь.

 

Холбоотой мэдээ