З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Тэдний амьдрал эндээс дахин эхэлдэг

2021-03-12 1005 0

Хэрвээ гар урлалын эдлэлүүд өөрийг нь бүтээсэн хүний тухай ярьж чаддагсан бол эндэхийн эсгийн дээр зурсан гоёмсог зураг, уран хатгамал болоод наамлууд хамгийн түрүүнд гунигтай дурсамж хүүрнэх байсан нь эргэлзээгүй.

Хүчирхийллийн хохирогчдод нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг Дархан-Уул аймгийн хамгаалах байраар ормогц эсгийн дээр урласан нэгэн зураг “Би бол дүрслэх урлагийн сургууль төгссөн залуухан бүсгүйн бүтээл. Хань ижил нь мэргэжлийг нь дэмждэггүй учраас энд ирж анхныхаа бүтээлийг хийсэн нь БИ” хэмээн “хүүрнэх” мэт угтав. Авъяаслаг олон хүүхэд нь тойрон бүжиж, өөрсдөө хөгжим эгшиглүүлж буй залуу хосыг дүрсэлсэн тэрхүү зураг магадгүй бүтээсэн эзнийх нь мөрөөдлийн нэг хэсэг байх. Эсвэл энэ хамгаалах байрны халуун дулаан уур амьсгалыг ингэж дүрсэлсэн юм болов уу. Анх хараад төдий л анзаараагүй мөнөөх эсгий зурагны хажуугаар дахин өнгөрөхөд ийм эргэцүүлэл зурвасхан орж ирэх нь тэр.

Дархан-Уул аймгийн түр хамгаалах байрыг бид энэ удаад хүчирхийллийн хохирогчтой уулзах гэж зорьж ирээгүй. Харин улсын хэмжээнд жишиг болохуйц үйлчилгээтэй байр гэж салбарынхан дүгнэдэг учраас үйл ажиллагааг нь сурвалжлахаар ирсэн нь энэ.

НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтаар Дархан-Уул аймгийн түр хамгаалах байр одоогоос хоёр жилийн өмнө байгуулагджээ. Тус төв бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ хөл ихтэй Дархан хот хавиар дамжин өнгөрөхдөө хүчирхийлэлд өртсөн бусад аймагт харьяалалтай иргэдэд ч хамгааллын үйлчилгээ үзүүлдэг тул ачаалал ихтэй байдгийг хамгаалах байрны ахлах нийгмийн ажилтан Ж.Цэцэгмаа ярив.

Тус төвөөр сүүлийн нэг жилд 107 хохирогч үйлчилгээ авсны 82 нь хүүхэд, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол мөн нярай хүүхэдтэй дөрвөн ээж бий.

ҮЗЛЭГЭЭР ИЛЭРСЭН ХҮЧИРХИЙЛЭЛ

Биднийг очиход гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нэгэн эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ байрлаад удаагүй байлаа. Эмэгтэй хоёр ч удаа цус харвасны зэрэгцээ эрүүл мэндийн үзлэгийн явцад охин нь бага наснаасаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг мэргэжилтнүүд илрүүлжээ. Сэжигтнийг холбогдох газарт нь мэдүүлж, хэрэг үүсгэсэн гэнэ. Харин хохирогчдод эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн, хөгжлийн, амьдрах ухааны гээд хуульд заасан долоон төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Ер нь анх ирсэн хүн бүр сэтгэлийн түгшүүр, хямралтай, дээрээс нь зөөлөн эдийн болон тодорхой хэмжээний гэмтэлтэй ирдэгийг хамгаалах байрны сэтгэц, наркологийн эмч ярилаа.

Хүүхдүүдийн хувьд амьсгалын замын өвчлөлтэй, сэтгэл санааны хямралтай ирэх нь олон. Тэдэнд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ихэвчлэн эндээ үзүүлнэ, ялангуяа анхны үзлэгийг хийж бүртгэлжүүлэх нь маш чухал. Дараагийн шатанд шаардлагатай бол аймгийн нэгдсэн эмнэлэгт, нарийн мэргэжлийн эмч нарт ханддаг байна. Анхан шатны үзлэгийн явцад хүчирхийллийн өөр хэлбэрийг илрүүлэх тохиолдол олон байдгийн нэг жишээ нь ээжтэйгээ хамт байрлаж буй мөнөөх охин юм. Энэ жил ийм арга замаар хоёр ч хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг нь илрүүлээд байгаа аж. Ээжтэйгээ ирсэн охин таван долоо хоногтой жирэмсэн байсан тул хууль ёсны асран хамгаалагч, өмгөөлөгчийг нь байлцуулан эмч нарын хурлаар оруулж, ургийн хөгжлийг долоон долоо хоногтойд нь зогсоожээ. Охин одоо нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж байгаа. Харин ээжид нь групп тогтоолгохоор ажиллаж байгаа бөгөөд тус гэр бүлийг эдийн засгийн хувьд бие даалгах нь юу юунаас илүү чухал тул амьдрах ухаанд сургаж, цаашлаад амьжиргааг дэмжих бичил төсөлд хамруулах арга чарга эрэлхийж буй аж. Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын дарга А.Амгалан “Бид хохирогчдод төгс үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг” гэв.

Өнгөрсөн хугацаанд хамгаалах байрны мэргэжилтнүүд хэд хэдэн хохирогчийг оёдол эсгүүр, ногоо тариалалт, модон эдлэлийн зэрэг амьжиргаа дээшлүүлэх, өрхийн аж ахуй эрхлэх төслүүдэд хамруулжээ.

 ХОХИРОГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААС ЧУХАЛ

Түр хамгаалах байр нэг дор 16 үйлчлүүлэгч хүлээж авах багтаамжтай, хохирогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс бүрэн камержуулсан, нууцлалын зэрэгтэй обьект. “Хүчирхийлэлд өртсөн  хүн сэтгэл гутралд орсон, эмзэг байдаг тул амиа хорлочих вий гэх болгоомжлолын үүднээс бүрэн камержуулсан” гэж А.Амгалан тайлбарлалаа. Түүнийг аймгийн ГБХЗХГ-ын даргаар томилогдоод удаагүй байхад нь түр хамгаалах байр НҮБ-ын Хүн амын сангийн төслийн хүрээнд байгуулагдаж, хохирогчдод нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх болсон юм. Өмнө нь нийтийн байрны зориулалтаар ашиглагдаж байгаад бараг балгас шахуу болсон байсныг засаж тохижуулан ийнхүү хохирогчдод дахин амьдрах итгэл өгөх, аж амьдралаа тэтгэх дотоод хүч өгөхөөр 24 цагийн турш 11 мэргэжилтэн ажилладаг төв болжээ. Гадаад, дотоод тохижилт, ажлын арга барил нь хохирогчдыг тайвшруулах, сэтгэл зүйн хямралаас гаргахад чиглэдэг нь илт. Зундаа хашаандаа олон төрлийн ховор нандин цэцэг, жимс ургуулж, оёж эсгэх, урлаж шаглах зэрэг гарын нарийн хөдөлгөөн, ур дүй шаардсан сургалтууд нь хохирогчдыг сэтгэлээ тогтоон барих, бодлоо цэгцлэх нэг төрлийн хичээл болдог байна.

Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд халуун цэгт ажилладаг ажилтнуудаа дэмжиж, урамшуулах нь чухал байдгийг тэрбээр онцолсон. А.Амгалан “Ажилчид маань юу хийхийг хүсэж, юу дутагдаж байгаагаа жагсаагаад, төсөвтэй нь аваад ирвэл даргын хувьд нэг бүрчлэн шийдэхийг хичээдэг. Ингэж байж хүний төлөө цаг наргүй зүтгэдэг ажилчид маань шантралгүй, үр дүнтэй ажиллана” хэмээв.

ЕРТӨНЦИЙН НАР ГАНЦХАН БАЙДАГ Ч ХҮҮХЭД БҮР ДЭЭР ӨӨР ӨӨРИЙН НАР МАНДДАГ

Хоёрдох жилдээ үйл ажиллагаа явуулж буй хамгаалах байрны сэтгэлзүйчээр Б.Намуунаа гэх шинэхэн боловсон хүчин ажилладаг. Хүчирхийллийн хохирогчид тэр тусмаа хохирогч хүүхэдтэй ажиллана гэдэг сэтгэлзүйчээс маш их туршлага, мэдрэмж шаардахаас гадна залуу хүний хувьд шантрахаар ажил шиг санагддагийг нуух юун. Б.Намуунаад ажлын гараагаа ямар хүнд чиглэлээр эхэлснийг гайхаж бас өмнөөс нь халширч байгаагаа хэлэхэд А.Амгалан дарга хажуугаас “Бид хүний төлөө ажиллаж байгаа учраас битгий шантраарай гэж хэлдэг юм” хэмээв. Харин Б.Намуунаа “Би ажлынхаа хажуугаар их олон сургалтад суудаг. Сурч мэдэх зүйл их учраас манай дарга нар намайг их харж үздэг” хэмээв.

Урлагийн сэтгэл заслаар хохирогч хүүхдүүдтэй ажилладаг тэрбээр шүүгээнээсээ урлагийн сэтгэл заслын буддаг ном, хачин өнгөлөг чулуунууд гаргаж ирэнгээ “Би туршиж үзсэн. Чулуун дээр зуруулна гэхээр хүүхдүүд маш идэвхтэй болдог. Толгойд нь янз бүрийн бодол орж ирдэг. Тэр бүрд бодлыг нь цэгцтэй байлгахад урлагийн сэтгэл засал маш хэрэгтэй. Энд ирсэн ихэнх хүүхэд өөртөө итгэлгүй болсон байдаг. Тийм учраас аль болох тайвшруулах, ойлгох, амьдрах урам зориг, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг” гэв.

Хамгаалах байраар үйлчлүүлэгсдийн дийлэнх нь хүүхдүүд. Хүүхдүүдэд зориулсан тусгай өрөө, тоглоомын болон сургалтын кабинет тохижуулж, өмсөж зүүх хувцас хунар, эдэлж хэрэглэх ойр зуурын хэрэглэлүүд гээд яг л хүүхдээ асарч байгаа мэт анхаарал халамж тавих хэрэгцээ их. Тэр бүрд хамгаалах байрныхан дарга, цэрэггүй ухаанаа тэмтрээд сураа юу гэлтэй.

Тоглоомын өрөөг тохижуулахад олон улсын байгууллагад төсөл бичиж байж санхүүжилт авч өдий зэрэгтэй орчин бүрдүүлсэн бол амьдрах ухаанд сургахад нь зориулж хувийн хэвшлийн дэмжлэгтэй цахилгаан оёдлын машинтай болжээ. Мөн өмгөөлөгчөө ч хүүхэд хамгааллын чиглэлээр бэлдэж байгаа аж. А.Амгалан “Одоогоор хүүхэд хохирогч болсон хэрэг дээр стратегийн өмгөөлөгчтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа. Нэг хохирогчид ногдох зардлыг 500 мянган төгрөгөөр тооцож төлдөг. Тэгэхгүй бол бусад өмгөөлөгч “тэнгэрийн” үнэ хэлдэг юм. Нөгөө талаар, бага насны хүүхдийн онцлогийг мэдэхгүй хүнтэй хамтарч ажиллах маш хэцүү, бас эрсдэлтэй. Тиймээс хүүхэдтэй ажилладаг мэргэшсэн өмгөөлөгчтэй болохоор бэлдэж байгаа” гэлээ. Мөн хүүхдүүдийн хөгжлийн үйлчилгээг орхигдуулахгүй байх нь туйлын чухал тул иог, бясалгал, бүжиг, хөгжмийн дугуйланд явуулж, кино үзвэрийн үйлчилгээгээр ч хангадаг аж.

Үйлчлүүлэгчдээ эргээд хүчирхийлэлтэй орчинд очих, хүчирхийлэл давтагдахаас сэргийлэх зорилгоор ар гэртэй нь ажиллах, эргэж тойрох ажлууд ч төлөвлөгөөнийх нь нэг хэсэг. Энэ жил гэхэд хоёр ч удаа хохирогчдоо эргээд буй аж. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг ч хохирогч буцаж ирээгүй аж. Үүгээр ажлын үр дүнгээ хэмжиж байгаа аж.

Сэтгэл гутралд автаж, амьдрах хүсэлгүй болсон хүмүүсийн сэтгэлд амьдрал ингээд төгсдөггүй юм шүү, маргааш үргэлж өнөөдрийнхөөс илүү сайхан байдаг гэсэн итгэлийн галыг өрдөх нь өнөө цагт хамгаас буянтай үйл гэдэгтэй маргах юун. Ийм л сэдлээр  манай редакц энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ. 

Холбоотой мэдээ