З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Хоригдлууд ингэж “эрхэлдэг” болжээ

2020-04-15 855 0

(Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангиас бэлтгэсэн сурвалжилга)

Биеэ чангалж, тун болгоомжтой алхахгүй бол болохгүй нарийн төмөр шатаар дээшээ өгсөхөд нуруунаас хүйт даахаас наахнуур мэдрэмж төрөх аж. Нэлээд хэдэн эгнээ болж зэрэгцэн явган суусан хоригдлууд үйл хөдлөлийг минь нэгд нэгэнгүй ажиж байгаа ч юм шиг.

Хэд хэдэн шалган нэвтрүүлэхийг давсны дараа дээд хэсгийг нь тэр чигт нь эзэлсэн цэлийсэн том цонхтой энэхүү залаар орж ирмэгцээ нарны хурц гэрлийн далимаар би нүдээ халхлангаа мөнөөх хэдэн хүмүүжигч өөд эгцэлж хараагүй дэргэдүүр нь өнгөрсөн билээ. Амьдралдаа анх удаа, бас сурвалжлагчийн хувиар “хэцүү нэр”-тэй энэ газар орж ирсэн нь энэ. Шатаар өгсөх тусам нүргэлсэн хөгжим чих дэлсэж байсан тул хэтэрхий болгоомжилсон тавгүй мэдрэмж сониуч занд минь тэгсгээд дарагдав.

***

Эндэхийн хоригдлууд тун саяхнаас HD форматтай дэлгэц, тав тухтай зориулалтын суудал, дуу шингээгч хана гээд орчин үеийн тохижилттой “Cinema” танхимд соён гэгээрүүлэх үйлчилгээ авдаг болжээ.

Хоригдлуудаа нийгэмшүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг кино болон видео контентоор дамжуулан хүргэе гэсэн санаагаа ийнхүү кино театр болгон амилуулсан аж. “Хоригдох бүхий л хугацаанд нь хоригдлыг нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцоход нь дэмжлэг үзүүлэх, чадваржуулах, хөгжүүлэх сэтгэлзүйн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан, ардын уламжлалт зан үйлд сургах, тэдний хүсэл сонирхолд нийцсэн эерэг төлөвшил бий болгоход энэхүү соён гэгээрүүлэх танхим зориулагдсан” хэмээн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн Нийгэм, сэтгэл зүйн нэгжийн сэтгэлзүйч, ахмад Ц.Солонго тайлбарлав.

Тэрбээр гаднаас нь харахад л хорих ангид цоо шинэ уур амьсгал, орчин бүрдүүлсэн “Cinema” танхимд биднийг дагуулж орлоо. Гэтэл өнөөх нүргэлсэн хөгжмийн “авторууд” нь дөрвөн хоригдол болж таарав. “Хийморь” нэртэй амьд хөгжмийн хамтлаг давлага хийж байсан нь тэр аж. Ц.Солонго “Та нар түр гарч байгаарай. Сурвалжлагчид танхимаа танилцуулж, яриа өгөөдөхье” гэв.

Өмнө нь плитан шалтай, шохойн таазтай, хоригдлууд бясалгал хийхэд зориулагдсан цэлийсэн том хоосон зал байсныг ийн тохижуулахад 9.9 сая төгрөг зарцуулжээ. Харин кинотеатрын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг “Эрдэнэс плаза” ХХК-аас хандивласныг засаж сайжруулаад цоо шинэ мэт болгосон байна. “Cinema” танхим 63 хүний багтаамжтай. Бас аргил болон соль гитар, даралтат хөгжим, бөмбөртэй. “Хийморь” хамтлаг өнгөрсөн есдүгээр сард анхны тайлан тоглолтоо энэ танхимд толилуулсан гэнэ лээ.

Хоригдлууд долоо хоногийн зургаан өдөр нь энэ танхимд үйлчлүүлдэг. ШШГЕГ-аас баталсан жишиг хөтөлбөрийн дагуу шинэ хоригдлуудыг орчин нөхцөлд нь дасгах, хаалттай хорих ангиас дэглэм нь суларч ирсэн болон суллагдах дөхөж байгаа хоригдлуудад зориулсан сургалтаас гадна аймгийн өөрийгөө хөгжүүлэх, харилцааны ур чадварыг нь дэмжихэд чиглэсэн сургалтыг видео контент хэлбэрээр өгч буй аж.

Видео контентын сан нь гадаад ба дотоод кино, сургалтын гэсэн чиглэлтэй. Тухайн үед дэлгэцэнд гарч байгаагаас бусад кинонууд бий. Гэхдээ мэдээж садар самуун, хүчирхийлээл, хар тамхи, элдэв хууль бус зүйлс сурталчилсан кино, контент эрс хориотой. Харин цахим сургалтын тухайд “Миний аялсан 100 хот”, “Монгол тулгатны 100 эрхэм”, “Шарк танк” гээд энгийн амьдралтай бидний тэр бүр бүтэн үзэж чаддаггүй сүүлийн үеийн шинэлэг, чанартай контентоор арвин аж. Спортын нэвтрүүлгүүд ч төрөл бүрээр бий. Сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл нь ихэвчлэн лекторуудын сургалтад түшиглэдэг аж.

“Манай нээлттэй хорих ангийн хийдэг ажил бол хоригдлуудыг нийгэмд гарахад нь бэлтгэдэг. Дахин гэмт хэрэг үйлдэх, ял эдлэх хугацаанд нь зөрчил дутагдлаас сэргийлэх мэдээ мэдээлэл, соён гэгээрлийг видео контент хэлбэрээр хүргэж буй нь маш их нөлөөлж байгаа. Мөн үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг ойлгож танихад ихээхэн үр дүнтэй байна. Нөгөө талаар, манай байгууллага гурван л сэтгэл зүйчтэй. Тэр бүр 200 орчим хоригдол, дээрээс нь алба хаагчдадаа хүрч ажиллахад хүрэлдэггүй. Тиймээс орчин үеийн чиг хандлагаа дагаад бид энэ ажлыг хийсэн” хэмээн тодотгосон юм.

Харин биднийг энэхүү хорих ангид дагуулж ирсэн Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан “Тус байгууллага сүүлийн үед хандлагын хувьд их эерэг өөрчлөлт хийж, жишиг болохуйц ажлууд хийж байгаа” гэж байлаа.

Хоригдлуудаа “эрхлүүлэхэд” зориулсан бас нэг ажил нь МУИС-ийн номын санг жишиг болгон байгуулсан номын сан. “Номтой нөхөрлье” аяны хүрээнд нийтдээ 12 сая төгрөгөөр энэхүү уншдаг, сонсдог номын санг тохижуулжээ. Гэрэлтүүлэг, орчин нөхцөл, тохижилтоороо хэр баргийн их, дээд сургуулийн номын санг урдаа гишгүүлэхгүй гэдэг нь босгоор нь алхахад л тодорхой аж. Бас хоригдлууд өөрсдийн ялын тооцоо болон хөдөлмөрийн хөлс, гэм хохирлын нөхөн төлбөрөө компьютерээр дотоод сүлжээнд холбогдон хардаг байна.

Харин номын сангийнхаа хажууд хоригдлууд тусгай өрөөнд сэтгэлзүйчтэй ганцаарчлан уулзах боломжтой юм билээ. Мэдээж сэтгэлзүйчийн аюулгүй байдлыг хангах үүднээс дохиололтой. Тус хорих анги 2010 оноос албан ёсоор сэтгэлзүйчийн орон тоотой болсон ч сүүлийн үед аймгийнхаа ГБХЗХГ-тай хамтран нэлээд идэвхтэй ажиллаж буй аж. Амралтын өдрүүдэд алба хаагчдадаа зориулсан гэр бүл, хүүхэд хамгааллын тусгай лекц, хандлагаа сайжруулах сургалтууд зохион байгуулдаг болжээ. Мөн “Cinema” танхимд алба хаагчдадаа сэтгэл зүйн бүхий л төрлийн сургалт, байгууллагын соёл, зан төлвийн өөрчлөлттэй холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч эхэлжээ.

Дархан-Уул аймгаас бэлтгэсэн цуврал сурвалжилгын өмнөхийг http://tand.mn холбоосоор уншина уу.

Холбоотой мэдээ