М.Бадамсүрэн: Залуучуудад бизнес эрхлэх боломжийг бий болгох ажлыг эрчимжүүлнэ

2022-04-13 451 0

“Шинэ-Түүх-New Story” хөгжлийн хөтөлбөрийн арга хэмжээг Дорнод аймагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх лекц зохион байгуулснаас гадна залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах уулзалт болов. Энэхүү уулзалтын үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийнхаа залуучуудын хөгжлийг дэмжихэд хэрэгжүүлж буй томоохон ажлуудаасаа хуваалцсан юм.

Тэрбээр хэлэхдээ “Залуучуудад ажлын байр, орон сууц, тэдний хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал тулгамдсан асуудал болдог. Иймээс залуучуудад бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх ажлыг аймгийн захиргааны зүгээс эрчимжүүлнэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авна. Тухайлбал, ЖДҮ дэмжих төвтэй болно. Үйлдвэрлэлд зориулсан зээл олгох төсвийг батлуулсан. Эндээс залуучуудыг үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжинэ. Өрхийн хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжинэ. Одоогийн байдлаар хашаандаа худагтай айл бүр хүлэмжтэй болох ажлыг эхэлсэн байгаа. Үүнээс гадна бид бэлгийн замын халдвараас сэргийлэх арга хэмжээг авч ажилласны үр дүнд аймгийн хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний тоо буурсан үзүүлэлттэй байна. Цаашид ч залуусынхаа эрүүл мэндэд онцгой анхаарна. Уг ажлын хүрээнд хүүхдүүдэд нөхөн үржихүйн боловсрол олгох “Аз жаргал” төвийг байгуулаад байна” хэмээн ярьсан юм.

Холбоотой мэдээ