Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГТ ОЮУТАН ЗАЛУУСЫГ БҮРЭН ХАМРУУЛНА

2023-05-05 432 0

Яг нэг жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас иргэндээ чиглэсэн онцгой шийдвэр гаргаж байсан нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр.  Тус хөтөлбөрийн эрхэм зорилго нь хүн амыг өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн салбарын цаашдын бодлого, зорилтыг Монгол хүн давамгай өвдөж байгаа өвчин, онош руу чиглүүлэх, эмийн зохистой хэрэглээг бий болгох, эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах цогц шинэчлэл хийхээр зорьсонд байв. Бүтэн жилийн хугацаанд хэрэгжиж байгаа эрт илрүүлэх үзлэг оношилгооны ачаар “Шүд” хөтөлбөр хэрэгжихээр болсон. Энэ бол Монголын төр хүндээ анхаарч эхэлсэн таатай үзэгдлийн нэгээхэн хэсэг байв.

Тиймээс эрт илрүүлэх, үзлэг, оношилгоо, эмчилгээний хугацааг сунгаж, энэ онд иргэдээ 100 хувь хамруулахыг  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Тухайлбал, Нэгдүгээрт, Оюутан залуучуудын ЭМД-д хамрагдалт маш бага байгаа учраас Засгийн газраас тогтоол гаргаж, БШУ, Эрүүл мэндийн сайдын багцад оюутны ЭМД-ын үйлчилгээний төлбөрийг багтааж, оюутан, залуусыг эрт илрүүлэх, үзлэгт бүрэн хамруулахыг даалгав. Ингэснээр оюутнууд эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авах нь. Хоёрдугаарт, 30 хүрэхгүй хувийн хамрагдалттай байгаа эрт илрүүлэх үзлэгт иргэдийг бүрэн хамруулахын тулд хуанлийн 20 өдөр биш ажлын 20 өдөр үзлэг, оношилгоо хийхийг даалгав. Ингэснээр иргэд цаг, өдөрт баригдахгүйгээр үзүүлэх нь.  Эрт илрүүлэх үзлэгт бүтэн жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын 29.6 хувь нь буюу 122702 иргэн хамрагдсан байна. Үүний 45.1 хувь нь эрэгтэйчүүд бол 54.9 хувь нь эмэгтэйчүүд бна. 50.1 хувь нь Улаанбаатарынх байгаа бол 49 хувь нь орон нутгийнхан байгааг ЭМЯ-наас мэдээлж байна. Гуравдугаарт, Сумын эрүүл мэндийн байгууллагууд 18-30 насны иргэдийн эрт илрүүлэх, үзлэг, оношилгоог цогцоор нь хэрэгжүүлсэн бол ЭМДС-аас санхүүжилтийг нь бүрэн олгох шийдвэр гаргалаа.

Энэ мэт Монгол хүн эрүүл байх, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд төр засаг нь тусалж, Монгол Улсын Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авсаар байна. Харин алд биеэ эрүүл байгааг эрт мэдэх, ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх ёстойгоо мэдэж авах алтан боломжийг өнгөрүүлэх үү, цаг алдалгүй үйлчилгээ авах уу гэдэг нь хувь хүний асуудал боллоо.

Холбоотой мэдээ