ШИНЭ ҮЕИЙНХЭН УНАДАГ ДУГУЙ, СКҮҮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭГ МООД БОЛГОЖ БАЙНА

2023-06-07 438 0

Бямба гарагт болсон авто машингүй өдрөөр төвийн хэд хэдэн чиглэлд тодорхой хязгаарлалт хийж, зам чөлөөлж, нийтээрээ гүйв. Жил бүр уламжлал болсон автомашингүй өдрийг шинэ үеийн хүүхэд, залуус хүсэн хүлээдэг болсон нь оролцогчдын идэвхээс ихээхэн харагдлаа. Энэ өдөр нийтийн гүйлтэнд баг, хамт олноороо анх удаа оролцож байгаа хэсэг ч байна, авто машингүй зам дээр скүүтер, унадаг дугуйгаараа чөлөөтэй зорчих мэдрэмжийг авах гэсэн хүсэлтэй олонх байлаа. Тэр тусмаа хүүхэд залуус скүүтер, дугуй, роллик, роллерийг энгийн өдрүүдэд ч илүүтэй сонгож, хөдөлгөөнд оролцох моодыг дэлгэрүүлж байгаа нь нөгөө талдаа энэ төрлийн бизнес цэцэглэх, хөгжих эхлэл болж байх шиг.

Түгжрэлийг бууруулахад иргэн бүрийн оролцоо ихээхэн чухал. Залуус иргэний үүргээ биелүүлж унадаг дугуй, мопед, мотоцикл, скүүтерийн хэрэглээг дэлгэрүүлж эхэлсэн нь авто машинаас татгалзах сэдлийг олон жолоочид өгч байгаа сайн үлгэрлэл болж байна. Хурдан шуурхай, авсаархан, эдийн засагт хэмнэлттэй, эко “машин”-ыг сонгож байгаа залуусын түмэн зөв ч нөгөө талдаа зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зориулалтын хувцас хэрэглэл өмсөх, явган зорчигч, бяцхан хүүхдүүдэд эрсдэл үүсгэхгүй байхад анхаарч чадвал унадаг дугуй, скүүтер жинхэнэ утгаараа эрүүл амьдралын моод болно.

Нийгэмд үүссэн ийм хэрэгцээг мэдэрч “Jet sharing Mongolia” гэх скүүтер түрээсийн газар нээгдэж, нийслэлийн хэмжээнд 3000 скүүтерийг залуусд түрээслэх шинэ бизнес  цэцэглэж байгаа нь энэ төрлийн үйлчилгээ сонголттой болох, олшрох сайн талтай билээ.

Залуус автомашинаас татгалзаж,  яарсан сандарсан, түгжирсэн болон зугаалмаар санагдсан үедээ Jet Scooter аппликэйшний тусламжтайгаар түрээсэлж болох нь. Скүүтер түрээсийн үйлчилгээ нь цаг зав, санхүүгийн бодит хэмнэлтийг танд мэдрүүлэхээс гадна архаг түгжрэлийн аль ч цагт ажил, гэрээсээ гарсан товлосон газраа шуурхай очих унаа юм. Хамгийн гол нь аюулгүй байдлаа хангана гэдгийг мартаж үл болно.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос түгжрэлийг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлэх хэд хэдэн чухал арга хэмжээ байгаагийн тэргүүнд шинээр дугуйн зам, гүүрэн байгууламж барих юм. Одоогоор 17 байршилд 24.5 км дугуйн замын зураг төслийг боловсруулж байна. Үүнээс энэ онд барьж хэрэгжүүлэх нь 4 байршилд 3.18 км зам юм.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. Зам талбай нь чөлөөтэй, дугуй болон бусад цахилгаан тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэлгүй орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал. Тиймээс дугуйн замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлэхээс гадна аж ахуйн нэгжүүд дугуйн замаас “хулгайлж” хашаалдаг байдлыг зогсооё. Үүнээс гадна төрийн болон хувийн хэвшлүүд дугуйн зогсоолтой болох, арилжааны банкууд дугуй, скүүтерийн зээлийн үйлчилгээг идэвхжүүлэх, зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан тээврийн хэрэгсэлд хүндэтгэлтэй хандах зэрэг хандлага, үйлчилгээг соёлжуулбал түгжрэл буурах түмэн боломж байна.

Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ хэдий улирлын чанартай ч 11 дүгээр сарыг хүртэл дулаан тээврийн хэрэгслийг орлох бүрэн боломжтой. Нүсэр, байгальд хортой бүхнээс татгалзаж байгаа дэлхий нийтийн чиг хандлагад бүрэн зохицож байгаа цахилгаан тээврийн хэрэгслийг Монголдоо моод болгож буй залуусаа дэмжье.

Холбоотой мэдээ