ОРОЛЦООГООРОО ДЭМ БОЛОЁ

2023-07-06 415 0

Улаанбаатарт үерийн аюул нүүрлэж, нөхцөл байдал хүнд байна. Тасралтгүй орсон гурван өдрийн бороонд Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутгаар дайран урсдаг Сэлбэ гол үерлэж, ай сав дагуух барилга, орон сууцууд усанд автав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ийг шуурхай хуралдуулж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ үерийн аюултай бүсүүдийг тогтоож, хоёр дахь өдрөө газар дээр нь ажилласаар байна.

Энэ зун л бороо онцгой их устай орсон юм биш ээ. Жил жилийн зун хур бороо ордог оо. Тэр бүрд тодорхой байршлуудад үер бууж, үерийн далан хааж буусан айл өрхүүд зовлонгоо ярьсаар л ирсэн. Тэр бүрд хорооны Засаг дарга нар л сэтгэлээ чилээж, “ял”-ыг нь үүрдэг байв. Энэ удаа 2-3 өдрийн дараалсан усан бороонд хот “урсаж” байна.

Энэ бол байгаль дэлхий хураа хайрласны буруу яав ч биш. Харин үе үеийн хотын дарга, хотын Ерөнхий архитектороор ажиллаж байсан хүмүүс, барилга байгууламж барих зөвшөөрөл олгодог, голын ай сав, урсацыг өөрчилж дур мэддэг эрхтэн дархтнууд, бетонон ширэнгэ босгож хот байгуулсан барилгын салбарын нууц ноёд,  шат шатандаа  стандартгүй зам, барилга хүлээж авдаг мэргэжлийн хяналтгүй  авлигачдаас үүдсэн үерийн аюул нүүрлэлээ.

Сэлбийг сэтрэхэд хүргэсэн, голдиролыг нь өөрчилсөн, ай савд нь барилга, орон сууц барьж иргэдийг аюулд оруулсан, эд хөрөнгөөр нь хохирооход хүргэсэн эздийг олж тогтоон АТГ-т шалгуулах, шаардлагатай тохиолдолд стандартгүй объёктыг нураах хүртэлх арга хэмжээ авах үүрэг өглөө. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах нь туйлын зөв өө. Иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, бусад байдлаар хохирч байгаа хохирлыг үерийн аюултай нөхцөл бий болоход дам болон шууд байдлаар оролцсон авлигачдаар нөхөн төлүүлэх ёстойг бид мартаж болохгүй ээ.

Мөн хүссэн ч эс хүссэн ч бид нэг л хоттой. Дөрвөн уулынхаа дунд нийслэлийн иргэд болон амьдарцгааж байгаа. Таны эрх миний эрхээр хяззгаарлагддаг нийгэмд бид амьдарч буй. Тиймээс нэг нь нийтийнхээ төлөө байя. Тэвдэж яваадаа дэм болцгооё. Бэрх цагт биендээ тус болох шиг сайн үйл үгүй. Хүн бүр гар утасныхаа цаанаас шүүмжлээд, хэн нэгнийг шүүж суух биш оролцоогоороо дэм болоё гэдгийг залуустаа, нийт иргэдэдээ уриалж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн хүнээ гэсэн халуун сэтгэл л бэрхшээлийг гарз багатай давахад туслах буйзаа.

Холбоотой мэдээ