Эмгэнэл

2023-08-10 206 0

ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ПҮРЭВБАЯР

(1973-2023)

Монгол овогт Чойжилсүрэнгийн Пүрэвбаяр нь 2023 оны наймдугаар сарын 4-ний өдөр өвчний учир таалал төгсч гэр бүл, үр хүүхэд, ээж, ах дүү, төрөл төрөгсөд болон хамтран зүтгэгч мэргэжил нэгт нөхөд, шавь, анд найз нарт нь хүнд гарз тохиолоо.

Ч.Пүрэвбаяр нь 1973 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн II төрөхөд Чойжилсүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлж бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн бөгөөд 1981 онд Баянгол дүүргийн 77-р сургуульд элсэн орж 1991 онд 10 дугаар ангиа төгсөн 1991-1992 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан юм.

Алиа хошин зантай, зарчимч шударга, бусдад үлгэр дуурайлал болж ирсэн ах минь хэнийг ч ялгадаггүй, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, тусархаг,  дүү нартаа үргэлж санаа тавьдаг, хүүхдүүдийнхээ хайртай аав, ханийнхаа халамжит нөхөр байсан юм.

Тэрбээр бөхийн спортоор хичээллэж байх хугацаандаа: 

-Пионер сурагчдын ордны мөнгөн медаль

-1986 ба 1987 онд Ардын хувьсгалын 65, 66 жилийн ойн баяр наадмуудын өсвөр үеийн бөхчүүдийн барилдаанд шөвгийн дөрөвт 2 удаа шалгарч хүрэл медаль хүртсэн.

-1990 онд ОХУ-ын Байкальд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль

-1991 оны Дүүргийн өсвөр үеийн чөлөөт барилдаанд II байр

-1991 онд Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний хүрэл медаль

-1991 онд ОХУ-ын Байкальд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль

-2006 онд Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын үндэсний бөхийн барилдаанд барилдаж шөвгийн 4-т шалгарсан.

-2017 онд Мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

-2018 онд Мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

-2018 онд Мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

-2019 онд Мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

-2000 онд Сонгомол бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль тус тус хүртэж байсан.

Тэрбээр бөхийн спортоор хичээллэж амжилт гаргахын зэрэгцээ  сүүлийн 10 гаруй жил өсвөр үеийн тамирчдыг амжилттай дасгалжуулан ажилласан. 1997-2020 онуудад чөлөөт бөхийн “АРСЛАН” клубт, 2021-2023 онд “Төгс” дэвжээнд багш дасгалжуулагчаар ажиллаж өсвөр үеийн дотоодын болон олон улсын аварга тамирчид олныг төрүүлсэн.

Түүний шавь нараас: 

-2018 оны долдугаар сард сонгомол бөхийн барилдааны дэлхийн аваргын 5-р байр

-2018 оны арваннэгдүгээр сард МУГТ Лу.Энхбаярын нэрэмжит олон хотын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд “АРСЛАН” клуб II байр

-2019 онд Монголын хүүхдийн спортын VI наадамд багийн дүнгээр гутгаар байр

-2022 оны арван сард МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит “PUREVBAATAR CUP” тэмцээний шилдэг дасгалжуулагч

-2022 оны гурван сард Баянгол дүүргийн бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн тэмцээнд багийн дүнгээр “ТӨГС” дэвжээ III байр

-2022 оны арваннэгдүгээр сард Владивостокт болсон ОУТ-ний хамгийн техниктэй тамирчнаар

-2023 оны 02 сард Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит 44 дэх удаагийн бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн тэмцээний шилдэг дасгалжуулагчаар тус тус шалгарсан.

Түүний биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2017 онд чөлөөт бөхийн спортын мастер цолоор, 2018 онд Увс аймгийн Хүндэт тэмдэгээр, 2019 онд Биеийн тамир спортын газрын Спортын алдар тэмдэгээр тус тус шагнагдсан юм.

Ах минь Монголын чөлөөт бөхийн спортын хөгжилд оруулсан хувь нэмэр, өсвөр үеийн тамирчдыг бэлтгэх үйлсэд зориулсан нөр их хөдөлмөр, авъяас чадвар болон шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.

Түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, шавь, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье. 

Холбоотой мэдээ