Улаанбаатарын иргэд 300 гаруй гүний худагнаас газрын доорх усыг татаж хэрэглэдэг

2023-08-21 338 0

Дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 30 хувь нь газрын доорх ус юм. Бороо, цас ороход хур тунадасны хэсэг нь гол, нуур, цөөрөмд тогтон үлддэг бол, үлдсэн нь хөрс, чулуулгийн дундуур нэвчин газрын гүнд тогтдог. Өөрөөр хэлбэл, хур тунадас орох бүрд бидний уух ус газрын гүнд хуримтлагдаж байдаг гэсэн үг.

Монголын 3 сая гаруй хүн ам бүхэлдээ газрын доорх уснаас ундаалахаас гадна, аяга тавгаас эхлээд автомашинаа ч угааж, цаашлаад гүний усыг үйлдвэрлэлд ч ашиглаж байна. Усыг ажил, амьдралдаа зарцуулж буй хүмүүсийг хэрэглэгч болон ашиглагч гэж хоёр ангилдаг.

Ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хэлнэ. Жишээ нь Монгол Улсын газрын доорх усны хамгийн том орд Улаанбаатарт бий. Харин дараагийн том орд бүхий гүний хоолойг Оюутолгой компани олон жилийн эрэл хайгуулын үр дүнд Өмнөговь аймгийн Ханбогд суманд илрүүлэн, ашиглаж буй. Газрын 150-400 метрийн гүнд байдаг унд, ахуйн хэрэглээнд тохиромжгүй, эрдэсжилт өндөртэй энэхүү усны нөөцийг хайж олоод үйлдвэрлэл, үйлчилгээндээ ашиглаж буй тул тус компани нь ус ашиглагч юм.

Харин ус хэрэглэгч гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуй болон өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчныг ашигладаг хэрэглэгчийг хэлнэ. Жишээ татвал, Улаанбаатарын оршин суугчид ойролцоогоор 300 гаруй гүний худгаар газрын доорх усыг 20-120 метрийн гүнээс татаж ус хангамжийн шугам хоолойгоор дамжуулан хэрэглэдэг. Энгийнээр хэлбэл, усыг зөвхөн шүдээ угаах, цай чанаж уух, хувцсаа угаах зэрэг ахуйн хэрэгцээндээ зарцуулдаг хүмүүс бол усны хэрэглэгчид юм.

Ус ашиглагч ч, хэрэглэгч ч төлбөр төлнө. Гэхдээ харилцан адилгүй төлбөр төлдөг бөгөөд ялгааг дор тайлбарлая.

зураг

Ус ашиглагч буюу усыг ашиг олох зорилгоор ашиглагч ихэнх уул уурхайн компаниуд, бусад ус ашиглагч нар ихэвчлэн төвлөрсөн дэд бүтцээс алслагдмал байдаг. Иймд ус хангамжийн  эх үүсвэр болох газрын доорх усыг эрж хайх, усны нөөцийг батлуулах, дэд бүтцийг өөрсдийн зардлаар барьж байгуулдаг. Ингэхдээ үйл ажиллагааны зардлаа өөрсдөө хариуцна. Харин Усны тухайн хуулийн холбогдох заалтууд, Монгол улсын Засгийн газрын тогтоомжуудыг баримтлан ус ашигласны төлбөрийг харьяа орон нутагт төлдөг.

Тухайлбал, Оюутолгой компани зэсийн баяжмал боловсруулах 1 литр усанд 1.67 (1тонн ус – 1678.32) төгрөг төлж байна.  Засгийн газрын 2022 оны тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Зэсийн баяжмал боловсруулах төлбөр 959.0 байсан нь 75 хувиар нэмэгджээ. Тус компани 2022 онд ус ашигласны төлбөрт 14 тэрбум төгрөг төлсөн бол 2013-2022 онд ус ашигласны төлбөрт нийт Өмнөговь аймгийн төсөвт 141.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Харин ус хэрэглэгчдийн хувьд, хэрэв хувьдаа гүний худгаас ус гарган хэрэглэж буй бол усыг олборлож буй зардлыг төлдөг. Харин УСУГ-ын ус түгээх байруудаас ус хэрэглэж буй бол зөөвөрлөн түгээж буй зардлыг төлдөг байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар тогтоолын дагуу Ус Сувгийн Удирдах Газар 2022 оны нэгдүгээр сарын сарын 1-ний өдрөөс эхлэн усны үйлчилгээний үнэ тарифыг өөрчилсөн. Ингэснээр гэр хорооллын иргэдийн ус түгээх байруудад литр усыг 2 төгрөгөөр борлуулж байна. Дээр дурдсанаар энэ нь ус түгээх үйлчилгээний төлбөр гэсэн үг юм.

зураг

Ус ашиглагчид хамгийн өндөр хураамж төлдөг. Ус ашиглагчдыг салбараар нь ангилбал, 2022 оны байдлаар хөдөө аж ахуй хамгийн их буюу 338.6 сая, үйлдвэр ахуй үйлчилгээ болон эрчим хүчний салбар хамгийн бага буюу 42.6 сая м\3 ус ашиглажээ. Харин уул уурхайн салбарынхан жилд дунджаар 92.5 сая м\3 ус ашиглаж байна.

Ус ашиглагчийн төлбөр болон ашиглалтын хэмжээг харьцуулбал, 2021 оны статистикаас харахад 12.2 тэрбум төгрөгийн ус ашиглаад эргээд усны нөөц ашигласны төлбөрийн орлогод 50.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Холбоотой мэдээ