МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс мэргэжлийн, бизнесийн эрх ашиггүй нь эдийн засагч Б.Лакшми

2023-09-18 408 0

Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал есдүгээр сарын 20-ны өдөр болохоор товлогдсон.  Тус хурлаар МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө тодруулах билээ. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн есөн хүн байна. Тодруулбал, “Скайтел” группийн гүйцэтгэх захирал асан Д.Болор, “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Эдийн засагч Б.Лакшми, Олон нийтэд “Шарк Танк” нэвтрүүлгийн шаркаар ажилласнаасаа хойш нэлээдгүй танигдсан “MCS” группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин,  Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий, ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Мөнхсайхан нар.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч гэдэг нь танхимын өнөөгийн үйл хэргийг нээлттэй, ил тод, үр дүнтэй явуулж Монголын бизнесийн орчныг сайжруулах, нийт компани, ААН-үүдэд хүртээмжтэй, өгөөжтэй бодлого хэрэгжүүлэх, бизнес эрхлэхэд саад учирч буй хууль эрхзүйн болоод орчны нөлөөллийг засч залруулахад анхаарч ажиллах ёстой албан тушаалтан юм.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хууль дүрэм, журмыг амьдралд нийцүүлэн боловсруулж батлуулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, оролцоог хангах хэлбэрээр төр засагтай нягт хамтран ажиллах үүрэг хүлээх нэгэн байх ёстой.

Дээрх 9 нэр дэвшигчийн ажил байдлын туршлагаас харвал ихэнх нь ямар нэг компани, аж ахуйн нэгжийг төлөөлөх, өөрөөр хэлбэл, том эрх ашигтай бизнесмэн, менежерүүд байгаа юм. МҮХАҮТ гэдэг бол аль нэг бизнес, улс төрчдийн бүлэглэлээс ангид үйл ажиллагаа явуулах, нийт үйлдвэрлэгчдийн эрхийг хангах, мэргэжлийн удирдлага бүхий баг бүтэц байж гэмээнэ сая нийтийн эрх ашгийг хангаж ажиллах нь тодорхой. Мэргэжлийн удирдлагыг дагаад Монголынн эдийн засгийн орчин сайжирна. Тиймээс дээрх нэр дэвшигчдээс Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшмиг Ерөнхийлөгчийн сунгаанд тун боломжтой нэгэн гэх таамаг хэдийн яригдаж эхэлжээ.

Б.Лагшмигийн тухайд, Орос-Монголын хамтарсан 3-р сургууль, ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засаг, тенхикийн дээд сургуулийн магистр, Дрезден хотын Эдийн засаг, Техникийн дээд сургуулийн  бакалавр, ХБНГУ-ын Форст хотын мэргэжлийн боловсролын сургуулийн эдийн засгийн шинжээч мэргэжлийг тус тус дүүргэжээ. Сургууль төгссөнөөсөө хойш “Мигма” ХХК-д маркетингийн менежер, “Наран Моторс” ХХК-ийн захирал, сүүлийн 10 орчим жил Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны  төвийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа гэх намтартай. Мөн олон улсын байгууллага болон компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Герман, англи, орос хэлтэй, өндөр боловсролтой тэрбээр Монголын эдийн засгийн талаар шинжлэх ухааны үндэстэй, ул суурьтай, судалгаатай мэдээллийг өгдөг, төр засгийн бодлого, шийдвэрт анализ хийж чаддаг топ эдийн засагчдын нэг юм. Б.Лакшми МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид тохирох хамгийн зөв нэр дэвшигч ч байж мэднэ. МҮХАҮТ-ийн шинэ Ерөнхийлөгч энэ сарын 20-нд тодрох юм.

Холбоотой мэдээ