Нялх балчирхан үрс минь дээ

2023-10-04 521 0

Халаглаж барахгүй харуусалт мэдээнүүд хөвөрсөөр. Өдөр бүр шахуу хүүхэд алга болж, энддэг тамын орон боллоо, Монгол.  Хүүхэд алга боллоо, цонхноос уналаа, гарцан дээр дайрууллаа, хойд эцэгтээ зодууллаа, ээжийнхээ хамтран амьдрагчийн гарт амиа алдлаа, гэрээсээ гараад ор сураггүй алга боллоо, цогцсыг нь дэрсэн дундаас оллоо, угаартлаа, тогонд цохиуллаа, багшдаа зодууллаа, усанд живлээ, үеийнхэндээ дээрэлхүүллээ…

Өдөр бүр хүүхэд томчуудын буруугаас, үл хайхрах хүчирхийллийн золиос болж амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, бусад эрхээрээ хохирч байна. Аархидалт, янхандалт, ядуу, ажилгүй, нийгмийн гажуудлын  гол хохирогч нь ХҮҮХЭД боллоо.

Сүүлийн арав хоногт гэхэд л хүүхэд алга болж, амиа алдсан дараах тохиолдлууд гарав.

2023 оны 09 дүгээр сарын 21.

“Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт энэхүү хэрэг үйлдэгдсэн.  Хохирогч нь насанд хүрээгүй бөгөөд  12-14 насны дөрвөн хүүхэд толгой, нүүр хэсэгт нь гар ариутгагч шиг шингэн зүйл цацаж, шатаасан. Хохирогч С нь III зэргийн түлэгдэлтэй эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа юм.

2023 оны 09 дүгээр сарын 21.

Баянзүрх дүүрэгт энэхүү хэрэг болсон бөгөөд 22 настай С гэгч этгээд согтуурсан үедээ бага насны хүүхдийг байрных нь гадна дээрэлхсэн хэрэг биднийг бухимдууллаа.

2023 оны 09 дүгээр сарын 24.

“Энхтуяа” гэх цахим хаягаас нийтлэгдсэн бага насны 4 хүүхдийн ёс бус үйлдэл бүхий бичлэг цахим сүлжээнд цацагдав. Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон.

2023 оны 09 дүгээр сарын 25.

Дорнод аймгийн цагдаагийн газарт долоон настай хүү сураггүй болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан, 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан. Улмаар есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчим тус аймгийн “Хэрлэн” сумын Хөгшир гэх газрын ойролцоогоос хүүг нас барсан байдалтай олсон.

2023 оны 09 дүгээр сарын 26.

Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суух 33 настай эмэгтэй, бага насны 3 хүүхдийн хамт угаартаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч мөн л олныг цочирдууллаа.

2023 оны 09 дүгээр сарын 29.

Тохой хүрэхгүй нялх охины зургийг ээж нь цахимд байршуулж “Эцэг нь тэжээж чадахгүй үрчлүүлнэ” гэх зар түгээж олныг эгдүүцүүлэв.

2023 оны 09 дүгээр сарын 1.

Сонгинохайрхан дүүргийн нутагт дэвсгэрт 10 давхрын цонхоор таван настай хүүхэд унаж, амь хохирсон харамсалтай хэрэг гарлаа.

2023 оны 10 дугаар сарын 2

Сонгинохайрхан дүүргийн XXXIII хороо, Тахилтын дөрөвдүгээр буудал дээр 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг таван настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээлээ.

  1. 10 дугаар сарын 3.

Харгалзах хүнгүй, гэртээ цоожлуулж үлдсэн 7 болон 5 настай  эгч дүү хоёр Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах Харуул-Алтай хотхоны есөн давхраас унаж, амь насаа алдлаа.

  1. 10 дугаар сарын 03

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин хүүхэд сураггүй алга болов.

Одоо яах вэ. Хүүхдийн төлөө дуугарах ёстой, ажиллах ёстой аж ахуйн нэгж, байгууллага, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд ээ.

Хойд аав, ээжийг бүртгэе, ядаж. Хэрэв та хүүхэдтэй бол, хэн нэгнийг хамтран амьдрагчаараа, амьдралынхаа ханиар сонгосон бол хороо, дүүрэгтээ бүртгүүлж, мэдэгддэг байя.

Ингэснээр тухайн дүүрэг, хорооны нийгмийн ажилтнаас эхлээд Засаг дарга, хэсгийн цагдаа нар бүртгэлтэй өрхөө шалгаад, ам бүлийнх нь чухал гишүүн болох хүүхдээс хойд аав, ээжийнх нь талаар “шалгалт” авдаг байя. Хэрэв энэ ажил хууль, дүрэм, журмаар баталгаажаад эхэлбэл хамтын амьдралаас үүдэлтэй, хойд аав, ээжийн дарамт, харгислал, хүчирхийлэл багасахаас гадна хүүхэд, эмэгтэйчүүд хаана хандахаа төвөггүй мэддэг болно. Мөн энэхүү ажлаар дамжуулж, сэтгэл зүйчид олноор ажилтай болно. Учир нь, хүүхэд, эмэгтэйчүүдтэй харилцах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой болно. Энэ үйлчилгээг хороо, дүүрэг бүрд хэрэгжүүлж чадвал хүүхэд нэг удаад нь бус юм аа гэхэд дараагийн удаад асуудлаа дэлгэдэг болно. Үүний хажуугаар хот, хороо, дүүрэг гэлтгүй хөдөө орон нутаг, сум, аймгийг камержуулъя. Нүд, чихгүй нийгмийн золиос нь хүүхэд байх ёсгүй. Өдөр бүр хүүхэд хохирсон мэдээлэлд бид дасаж болохгүй.

ХҮҮХЭД ТАМЛАЖ, ХҮЧИРХИЛБЭЛ ТАЙГАН БОЛГОЁ

Хүүхэд, эмэгтэйчүүдийг хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон гэмт хэргийн тоо буурдаггүйн шалтгааныг энэ төрлийн цочирдом хэрэг гарах бүрд бид биенээсээ дэмий асуухаас хэтрэхгүй байна. Хууль нь хүний амины үнэгүй, хямд учраас хүүхэд, эмэгтэйчүүдийг яргалж, эцэст нь амийг нь хөнөөдөг үйлдэл гаарсаар байна. Үүний хажуугаар үл хайхрах хүчирхийлэл эрчээ авч байна. Зөвхөн ойрын 10 хоногт л гэхэд хүүхэд амиа алдсан, алга болсон, хүүхэд томчуудын буруутай үйлдлээс болж хохирч байгаа хэргийг жагсаахад л зүрх халгам, сэтгэл дэнслэм тоо гарч байна. Тиймээс хүүхэд хохирсон бүх төрлийн гэмт үйлдлийн ялын бодлогыг чангатгая. Өршөөл уучлалд хамруулдаггүй байя.  Нэгэнт манай улс гэмтнийг гэсгээж шийтгэх хуулиндаа “Цааз” хэрэглэдэггүйгээс хойш түүнтэй дүйцэх хэмжээний ялын бодлоготой болоё.

Жишээлбэл, бага насны хүүхэд хүчирхийлсэн үйлдэлд тайган болгох хүртэлх хэмжээний зэм оногдуулъя. Ял нь хөнгөн, мөнгөтэй нь завшаад, танилтай нь өршөөгдөөд байгаа учраас хүүхдийг хохироосон гэмт үйлдлүүд буурахгүй, өдөр бүр сэтгэл сэртхийх мэдээ сонссоор байна, бид.

Холбоотой мэдээ