СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна

2023-12-01 334 0

Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг, хариуцлагыг оновчтой тогтоох зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тухайн Ажлын хэсгийн зүгээс сууц өмчлөгч болон СӨХ-нд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор СӨХ-дын төлөөлөл болон холбогдох талуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байв.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор  өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ажиллаж буй бөгөөд УБЗАА, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэхчлэн холбогдох байгууллагуудын төлөөлөл багтаж байгаа юм.

Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын төлөвлөгөөг баталлаа. Тодруулбал, хуулийн төслийн үзэл баримтлалд шаардлагатай мэдээлэл, саналыг салбар бүрийн хүрээнд бэлтгэн, боловсруулах, хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авч, үр нөлөөг үнэлэх ажлыг 2023 оны арванхоёрдугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Холбогдох хуулийн заалтуудын зөрчлөөс үүдэж олон асуудал, эргэлзээ урган гарч байна. Дундын өмчлөлд хүлээх үүргийн хуваарилалтыг тодорхой болгож, хариуцлагыг сайжруулах, хяналтын менежмент хийх шаардлагатай. Нийслэлийн зүгээс ямар асуудлыг хариуцах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Өмнөх хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудад үндэслэн асуудлуудаа ангилж, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох ёстой. Мөн сайн ажиллаж байгаа СӨХ-дтой уулзаж, тэдний сайн туршлагыг судлах хэрэгтэй” гэв.

СӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй хуулийг 2003 онд баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахгүй байгаа юм. Нийслэлийн оршин суугчдын хамгийн их тулгамддаг асуудлын нэг бол орчны тохижилт, тоглоомын талбайн ашиглалт. Гэтэл Улаанбаатарт байгаа 1400 гаруй СӨХ-ны 307 нь орчныхоо газар ашиглах гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан байгаа юм.

Холбоотой мэдээ