Төсөв “залгих” хөдөө

2024-01-07 165 0

2024 он бол Монголын парламентын түүхийн шинэ хуудсыг эхлүүлэх жил яах аргагүй мөн. Томсгосон тойргоор сонгуулиа дэглэж буй. Үүний үр дүнд анх удаа УИХ-д 126 түшээ сонгогдож, орон нутаг, хөдөө рүү луу жилийн төсөв “урсана”. Энэ утгаараа улс төрийн орчинд ч эдийн засгийн хүрээнд ч өрнүүн үйл явдалтай, онцгой жил эхэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны төсвийн гол зарцуулалтыг орон нутаг руу, хөдөөгийн сэргэлтэд зориулна гэдгээ илэрхийлээд, “Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах төсөв” гээд зарлачихсан.
Төсвийн хөрөнгө оруулалт ч хөдөө рүү ахиу зарцуулагдана гэсэн үг.
Төрийн худалдан авах ажиллагаагаар нийт 692 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээс 148 нь орон нутагт, аймаг нийслэлд 300 арга хэмжээ, үлдсэн 237 нь төрийн худалдан авах ажиллагааны газарт хэрэгжинэ гээд баталчихсан.

Урд жилүүдэд УИХ-ын гишүүд тойрогтоо болсон болоогүй угтах хаалга, бие засах газар барьж төсвийг гарын салаагаар цацдаг байв. Ц.Анандбазар мэт нь айраг сүүний өргөө барина хэмээн олныг бухимдуулаад, эцэст нь хад мөргөөд дэмий л олны бухимдлыг тэнгэрт тулгасан сан. Ийм мэт үргүй зарцуулалтыг болиулаад, хөдөө хотын хөгжлийг ижил хэмжээнд авчрах Ерөнхий сайдын зорилго 2024 оны төсвөөр биелэнэ.

Тиймээс л төсөв батлах чуулганы индэр дээрээс “УИХ-ын гишүүдийн тойргоо тойглох хөрөнгө оруулалтыг хязгаарлана. ЭЗХЯ, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байна. Энэ нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог”  хэмээсэн.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүтцээ зурсан цагаасаа голчилж байгаа агуулга нь төрөөс төрсөн тэрбумтнуудтай “дайн” зарлаж, баялгийн шударга бус хуваарилалтыг таслан зогсоох, зангиатай хулгайчдын багийг хуу татаж, төрд шургалсан авлигачдын ой тоонд багтамгүй хулгайн мөрөөр орох ажиллагааг өрнүүллээ хэмээвэл дэгсдүүлсэн болохгүй биз ээ. Үүний үр дүнд 2024 оны төсөв урд хожид байгаагүйгээр “данхайна”.

Хөдөөг хөгжүүлэх агуулгаараа төсвийн бүтэц тэлэх нь гарцаагүй. Тиймээс “2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, ДНБ 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 6000 ам.доллар давна” гэв.

Шууд утгаараа, Монгол Улс хулгайчтайгаа тэмцэж чадвал үр дүнд нь улсын төсвийн орлого яаж нэмэгдэж, орхигдсон хөдөөг амилуулах боломж нөхцөл бүрддэгийг харуулах том жишээ болох нь ээ, 2024 оны төсвийн зарцуулалт. Давсалж бодвол Ерөнхий сайдын “хүсэл” биелүүлсэн төсөв задрах нь ээ.

Тэрбээр өнгөрсөн хавар, зун намаржин 21 аймгаар тойрсон. Ингэхдээ орон нутгийн иргэдийн зовлон жаргалыг сонсоод ирсэн. Ингэж явсан нь түүнд төсвийг төсөөлөх том сэдэл өгсөн нь мэдээж. Тиймээс 76 түшээд хуваарилагддаг асан төсвийг “самарч” очих ёстой, хүрэх ёстой хэсэгт ийн хуваарилснаа өнөө задална. Үгүй мөн жирийн иргэнд ээлтэй, ажиглагчдад аазгай хөдөлгөм, түшээдийг уурлуулсан төсөв оршивой.

Холбоотой мэдээ