Зам, тээврийн салбарын цахим үйлчилгээний нэгдсэн платформоо нээж, 94 үйлчилгээг бүрэн цахимжууллаа

2023-12-21 240 0

2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан.

Энэ хүрээнд Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформыг өнөөдөр /2023.12.21/ нээлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, 2023 оны зорилтоо бүрэн биелүүлэн, салбарынхаа 94 үйлчилгээг цахимжуулж, иргэд, аж ахуй нэгжүүддээ төрийн үйлчилгээг түгжрэлгүй,шуурхай, нээлттэй, ил тод, хүнд сурталгүй хүргэдэг боллоо.

Цаашид үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажиллан, цахим шилжилтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн бүрд талархал илэрхийлье хэмээн онцоллоо. Зам, тээврийн хөгжлийн яам нь 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулсан байна. Салбарын нэгдсэн платформыг хөгжүүлэгч Интерактив ХХК-ийн Ерөнхий архитектор Б.Ууганбаяр, төслийн менежер Х.Отгон-Эрдэнэ платформыг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Тухайлбал, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, дахин олгох, шинэчлэх, лавлагаа авах, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар захиалах, хот хоорондын авто замын хураамж төлөх, салбарт олгогдож буй 21 тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах зэрэг үйлчилгээг зам, тээврийн салбарын цахим платформыг орон зай, цаг хугацаанаас хамаарахгүй авах боломжийг бүрдүүллээ.

Нэгдсэн платформтой болсноос цаасаар солилцдог байсан статистик тоон мэдээллийг цахимаар, бодит цагийн (real-time) байдлаар нэгдсэн платформоос  ашиглах боломжтой боллоо. Мөн авто зам, автотээвэр, иргэний нисэх, төмөр зам, далайн тээврийн салбарын 18 системтэй интеграци хийж, нийт 156 датасет буюу цахим өгөгдлийн бүрдлийг үүсгэн, 850 төрлийн өгөгдлийг real-time-аар бүртгэж, салбарын статистик мэдээ цуглуулах, боловсруулах, нийтлэх, тайлагнах процессыг цахимжуулаад байна.

Цаашдаа тасралтгүй сайжруулалт, хөгжүүлэлт хийнэ гэдгийг Интерактив ХХК-ийн төлөөллүүд онцоллоо. Үйл ажиллагааны үеэр

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын МТХ-ын дарга Д.Гэрэлням Салбарын дижитал шилжилтийн хүрээнд хийгдсэн ажлыг,

Бодлого, төлөвлөлтийн газрын СССХ-ийн дарга Ц.Мядагмаа “Зам, тээврийн салбарын статистик мэдээ” нэгтгэл сэдвээр илтгэл танилцуулав. Мөн арга хэмжээний үеэр Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ цахим билет, тээврийн нэгдсэн систем, Auto box аппликейшн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үэнэмлэх,  Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ цахим төлбөр авах цэг,  Улаанбаатар төмөр зам ХНН зорчигчийн билет захиалга, Далайн захиргаа нь Усан тээврийн хэрэгсэл болон хөлөг онгоцны бүртгэл, тусгай зөвшөөрөл зэрэг цахимаар олгож буй үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй сурталчилж ажиллалаа.

Холбоотой мэдээ