АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсад 16 мэргэжилтэн бэлтгэнэ

2023-12-21 222 0
Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Ричард Буангантай уулзалт хийж, тус улс руу үйлдэх шууд нислэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр / 2023.12.21/ санал солилцлоо.
Эргэн сануулбал,
Талууд өнгөрсөн 11 дүгээр сарын 22-ны өдөр уулзаж, Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд санал солилцож, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцсон юм. Энэ хүрээнд өнөөдөр дахин уулзалт хийж, АНУ руу шууд нислэг үйлдэхтэй холбоотой бэлтгэл ажлын явц хийгээд, ирэх онд Холбооны нисэхийн захиргаанаас хийх аудит шалгалт, түүний бэлтгэл ажлыг хангах зарим асуудлаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган хэлэхдээ,
Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгт бэлтгэл хангахтай холбоотойгоор хоёр талын ажлын хэсэг хүчин чармайлт гаргаж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллаж байгааг онцлоод, шууд нислэг үйлдэхтэй холбоотой асуудалд АНУ-ын талын байр суурь “бэлэн” байгаа гэдгийг илэрхийллээ. Түүнчлэн тус ажлын хүрээнд боловсон хүчин бэлтгэх ажлыг ирэх 2024 оны эхний улиралд багтаан зохион байгуулж, нийт 16 хүнийг АНУ-д сургалтад хамруулахаар талууд энэ удаагийн уулзалтаар тохирлоо.
Түүнээс гадна уулзалтын үр дүнд Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэхтэй холбоотой, тэр дундаа тус улсын Холбооны нисэхийн захиргаанаас явуулах аудит шалгалтын цаг хугацаа, баг бүрэлдэхүүн зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард багтаан тохиролцож, санамж бичиг байгуулахаар боллоо.
Ингэснээр шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдаж, дараа дараагийн үе шатыг богино хугацаанд амжилттай төлөвлөх боломж бүрдэж байгаа юм.

Холбоотой мэдээ