Э.МӨНХНАСАН: Цахилгаан авто машин 100 км-т 2600 төгрөг зарцуулдаг тул эдийн засгийн хэмнэлттэй

2024-01-12 55 0

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай цахилгаан авто машины хэрэглээтэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-Цахилгаан тээврийн хэрэгсэл ямар давуу талтай вэ?

-Сүүлийн жилүүдэд олон улсад цахилгаан, эко тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдүүлэх байна. Үүнтэй холбоотойгоор цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл ч эрчимтэй хөгжиж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой байна.
Жишээлбэл, иргэдийн нийтлэг хэрэглээний Pruis авто машин 100 км-т 17 мянган төгрөг зарцууулж байгаа бол цахилгаан машин 100 км-т 2600 төгрөг зарцуулдаг. Ингэхээр эдийн засгийн хувьд 2.6-3.9 дахин хямд байгаа юм.

-Одоогоор манай улсад хэчнээн цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна?

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой төлөвлөгөөг танилцуулсан нь дэмжигдсэн.

Монгол Улсад 2023 оны эхэнд 700 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл байсан бол 2023 оны 12 сарын байдлаар 1000 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. 2030 он гэхэд цахилгаан авто машины хэрэглээг 30 мянгад хүргэх зорилт тавьсан.

-Цахилгаан авто машины хэрэглээ нэмэгдэхээр дагаад цэнэглэх цэгүүдийг нэмэгдүүлэх шаардлага гарна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-Улсын хэмжээнд 1000  цахилгаан цэнэглэгч төхөөрөмжийг бий болгоно. Томоохон хотхон, хороолол, худалдааны төвүүд, төлбөртэй зогсоолуудад цахилгаан цэнэглэгчтэй болгох үйл ажиллагааг төлөвлөсөн.

Одоогоор манай улсад 70 орчим цахилгаан цэнэглэх төв байгаа. Үүний 15 нь орон нутагт байна. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд баруун, зүүн, төвийн бүсдээ цахилгаан машин цэнэглэх цэг байгуулахаар ажиллаж байна. Мөн авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудтай хамтран 150-200 км тутамд байгуулна. Аймаг бүрт жил бүр 2-3 цахилгаан авто машин цэнэглэх цэг байгуулахаар орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

-Иргэд цахилгаан автомашин худалдаж авахдаа ямар нэг хөнгөлөлт эдлэх үү?

Сангийн яамтай хамтран Гаалийн албан татвараас чөлөөлөх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад оруулахгүй, татвараас чөлөөлөх, төлбөртэй авто зогсоолоор төлбөргүй үйлчлүүлэх зэрэг төр засгийн байгууллагуудаас дэмжлэг үзүүлэх хөнгөлөлтийн хэлбэрүүдийг үе шаттайгаар бий болгоно.

Холбоотой мэдээ