Ховд аймгийн Цэцэг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Бадрах Өглөө” ХХК, “Дрем агчисгаз” ХХК, “Шилдэг зам” ХХК, “Их Богд” дэвжээний бөх, улсын начин Ө.Батзул, Увс аймгийн Давст сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Наймд улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Н.Дашдаваа, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Б.Даваадалай нар үлдэв.
Барилдаан зохион байгуулагчид үзэгчдийн дундаас 10 азтан тодруулж, тус бүр 500.000 төгрөг гардуулсан юм. Энэ барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая төгрөг гардлаа.
Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан улсын начин Д.Ганболд агсны ээж болон хүү нарт нутгийн олон, ахан дүүс нь хүндэтгэл үзүүлж байлаа.
0 cэтгэгдэлтэй