Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ойн хүрээнд албаны үйл ажиллагааны онцлогийг иргэдэд таниулах, алба хаагчдын хувцас хэрэглэл, аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тусгай тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай бааз суурийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд гал унтраах шинэ төрлийн дрон, робот зэрэг техник хэрэгслүүдийг татан авсныг олон нийтэд танилцууллаа.
Гал унтраах дрон нь 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт, 5-10 км радиуст нисэх, -40 хэмээс +70 хэмд, мөн 17-20 м/секундын хүчтэй салхинд ч ажиллахаас гадна ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг 3 төрлөөр гал унтраах үүрэг гүйцэтгэх зориулалттай.
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчлөхөөрөө онцлог бөгөөд 1 секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай.
0 cэтгэгдэлтэй