Л.ДАШЦЭНГЭЛ: Төрийн ажлыг иргэнд ойртуулж, таны өмнөөс гүйе

2024-10-03 452 0

Манай монголчууд нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хэмээн алив нэг эрч хүч, энерги дүүрэн хүмүүнийг олноос онцолдог. Ийм нэг онцгой дүүрэн эрч хүчтэй, хийе бүтээе гэх дэврүүн хүсэл эрмэлзэлтэй, өөрийн гэсэн тов тодорхой зорилго, төлөвлөгөөтэй, холын бодол, алсын хараатай цэл залуухан улс төрчийг  онцолж байна. Түүний зорилго, амьдралаа өөрийн хөдөлмөр зүтгэлээр босгосон зам мөр, шантарч няцахгүй үнэн халуун сэтгэлийн яриаг уншигч танаа өргөн барья. Тэрбээр, Сонгинохайрхан дүүргийн IV хорооны Засаг даргын үүрэгт албанд зүтгэж, өөрийн юу чаддагаа, юуг бий болгож чадахаа хорооныхоо иргэдэд “шалгуулчихсан” гэж хэлж болно. Тиймээс түүнийг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр итгэл хүлээлгэн сонгох нь эрхэм сонгогч таны хэрэг ээ. Залуу хүн иргэдийнхээ өмнөөс гүйг, бодлого, шийдвэр гаргах түвшинд ачаа үүрэг.  

 

 -Лхагважавын Дашцэнгэл гэж хэн бэ гээд сураглах төдийд “Манай хорооны Засаг дарга гав, шавхийсэн залуу бий. Хэнтэй ч үг хэлээ ололцдог, хүнийг дарга, цэрэг гэж ялгахгүй харилцана, сайн муу бүхний өмнө гүйж л явдаг хүү бий дээ…” гэж ярих өвгөн ахтай таарлаа. Хорооныхонтойгоо нэлээд ойр ажиллажээ дээ?

-Алдар нэрийг нь асуув уу. Миний л найзуудын нэгтэй нь таарчээ дээ. Би чинь хорооныхоо ахмадуудтай их найзална. Эвлэж хамтарч ажиллана. Хүү нь юм шиг, заримдаа найз нь юм шиг л ойр. Чадсан, мэдсэнээ иргэдтэйгээ хуваалцах дуртай. Энэ зангаасаа болоод сүүлийн үед “Зөвлөгөө Цэнгэл”, “Лайв Цэнгэл” гэх мэт нэртэй болчихоод байна. (Инээв) Хорооны ажил гэдэг бол төрийн бодлогыг иргэдэд хүргэж, ойлгуулахад чиглэдэг ажил. Төр, иргэн хоёрын хооронд гүүр болно гэсэн үг. Бидний ажлын чанар, хүртээмж, шуурхай байдлаас шалтгаалж иргэн, олон нийт төрдөө итгэдэг, төрөө хүндэтгэдэг болов уу гэж би боддог.

-Сум, дүүрэг, хороодод улс төржилт, нутгархах үзэл их. Түүнийгээ дагаад төрийн үйлчилгээний хүртээмж ялгавартай байдаг шиг санагддаг. Энэ бол миний хувийн бодол. Дөрвөн жил иргэдийнхээ дунд, асуудлын гүнд ажилласан туршлагатай хүнээс энэ тухай асууя. Танд тиймэрхүү зүйл анзаарагддаг уу?

-Манай IV хороо 2087 өрхийн 8012 хүн амтай. Хүнийг улс төрийн үзэл санаагаар нь ялгаварлаж төрийн үйлчилгээг ялгамжтай хүргэнэ гэдэг байж боломжгүй асуудал. Миний хувьд  Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Чи, би гэж хүнийг ялгахгүй сайхан харилцаад, ойлголцоод явахыг чухалчилдаг. Энгийн нэг хөдөлмөрч айл Лхагважавын дөрвөн хүүхдийн бага хүү болж мэндэлсэн. 1995-2005 онд аймгийнхаа Нэгдүгээр 10 жилийн сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2005 онд МУИС-ийн харьяа Эдийн засгийн салбар сургуульд нягтлан бодох, бизнесийн удирдлага чиглэлээр давхар мэргэжил эзэмшиж, баклавр зэрэгтэй төгссөн. 2021 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүйн ангид сурч төгссөн. Энэ бүх ажил, амьдралын зам мөрөөс хүнийг хүн ёсоор нь харилцахын сайхныг олонтаа мэдэрсэн. Мэдээж хүн бүр нэг ижил бодол санаатай байх боломжгүй. Олон ургалч байх тусмаа хүний харилцаа, ажлын орчин, харилцааны хэл, аливаа төрийн ажлын засаглал сайжирдаг.

            -Дүүргийнхээ ИТХ-д нэрээ дэвшүүлж байгаагийн гол шалтгаан нь юу вэ?

-Их сургуулиа төгсөөд залуусын жишгээр амьдрал ахуйгаа өөд нь татах гэж 2009 онд БНСУ руу гэрээт ажилчин болоод явсан. Тэнд яг дөрвөн жил ажилласан. 2013 онд эх орондоо ирээд, гэр бүлийн жижиг бизнес эхлүүлэхэд төр нь залуусаа дэмждэггүй, элдэв дарамт их мэдэрсэн. Тэр үеэс л асуудлыг гаднаас нь хөндөөд, бухимдах биш дотор нь орж засъя гэж зорьсон.  Ингээд 2017 оны нэгдүгээр сарын 8-нд СХД-ийн IV хорооныхоо Иргэдийн нийтийн хурлын даргаар сонгогдож ажилласан. 2020 онд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын бие төлөөлөгчөөр сонгогдож, 2021 оны 2 сарын 16-нд хорооныхоо Засаг даргын үүрэгт ажлыг хүлээж авсан. Одоо дүүргийн ИТХ-д нэрээ дэвшүүлж байна. Дүүргийн ИТХ-д нэрээ дэвшүүлж байгаагийн хамгийн том шалтгаан бол иргэдийнхээ зөв дуу хоолой болно. Хороонд, гудамжин, иргэн А-д юу хэрэгтэй байгааг, тэнд ямар ажил хийвэл нийтээрээ ая тухтай, сайхан амьдрах вэ гэдгийг мэдэх учраас иргэдэд илүү их боломжийг нээж өгөхийг хүсэж байна.

-Хотын хөгжил хорооноос эхлэх нь дамжиггүй. СХД зам, дэд бүтэц, соёлын хүртээмжит байдлаараа нийслэлдээ дээгүүрт орно. Олон сайхан ажил хийгджээ. Хийж, бүтээсэн онцлох ажлаасаа дурдаач?

-Сонгинохайрхан дүүргийн 43 хорооноос манай IV хороонд бүтээн байгуулалт, хүүхэд залуусын сурч боловсрох, соён гэгээрэх эрхийг хангасан олон чухал бүтээн байгуулалт хийгдсэн. Жишээ нь, Ерөнхий боловсролын162 дугаар сургууль буюу бидний  ярьж заншсанаар Орос-IV сургууль баригдсан. Энэ сургуулийг барих төсвийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дарга зардлыг нь 2019 онд улсын төсвөөс шийдүүлсэн. 2021 оноос Монгол, Орос хоёр улсын Засгийн газрын гэрээний түвшинд асуудлыг хөндөж, хөөцөлдсөөр 2023 онд батламжлаад, анхны суралцагчдаа элсүүлсэн. Одоо 300 гаруй сурагчтай. Орос III сургууль гэхэд л Буриад, Монгол Улс хоорондын гэрээгээр байгуулагдсан, төлбөртэй сургалттай. Манай 162 дугаар сургууль ОХУ-ын Гэгээрлийн яам, Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр батламжлагдсан, Монгол-Оросын хамтарсан цорын ганц сургууль. Орос багш нар хичээл заадаг. Хамрах тойргийн тухайд, манай хорооны хүүхдүүд л суралцдаг.

-Дэд бүтэц, бүтээн байгуулалтын тухайд?

-Манай дүүрэг гэрэлтүүлгээ 100 хувь шийдсэн. Мөн л Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлогын чухал ажил “20 минутын хот” төсөлд манай дүүрэг манлайлж бэлдсэн. Хорин минутын хоттой холбоотой “Толгойт хөгжлийн төв” буюу залуучууд, ахмадууддаа зориулсан спорт заал, уламжлалт анагаах ухааны тасаг гаргасан.

Одоогийн байдлаар Их нарангийн авто замын шинэчлэл эд хийгдэж байна. Ногоон байгууламж, явган хүний замтай сайхан ажил өрнөж байна. Далангийн зам буюу МТ ШТС-аас Баянхошуу явах чиглэлийн авто замын ажлыг мөн шинэчилж байна. Энэ мэт манай хорооны авто замууд бүрэн шинэчлэгдлээ. Хүүхэд залуус болон ахмадууд айл өрх, иргэдийнхээ амьдрах орчны тохижилтыг бүрэн хийлээ.

Одоо бидний дараагийн түвшний ажил бол дэд бүтэц, хүний хөгжлийн асуудлууд. 3х3 сагсан бөмбөгийн талбай хийхээр ажиллаж байна. Бас нэг онцлох ажил бол Улаанчулуутын хогийн цэгтэй ойр учраас хоёр дахь түүхий эд буюу төмөр тушаадаг цэгүүд манай хороонд их бий. Энэ нь агаар, хөрсний бохирдол, эрүүл ахуй талаасаа санаа зовоодог байсан учраас мөн хүүхдийн аюулгүй зорчих эрхэд нөлөөлөх хэмжээний эрсдэлтэй байсан. Наймдугаар сараас эхлэн Улаанчулуут руу төмрийн цэгүүдийг нүүлье гэж уриалаад, тодорхой ажлууд зохион байгуулсан. Энэ санаачилга үр дүнгээ өгөөд нийт зургаан газрын дөрөв нь нүүлээ.

-Таны хувийн амьдрал, удам судрыг сонирхож болох уу?

-Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тээврийн жолооч аавын хүү. Ээжийнхээ баруун гарын туслах нь байлаа. Ээж минь зах худалдааны төвийн лангуун дээр мах зардаг байсан. Аав тээвэрт явсны ард би гэрийн эр хүний хийх ёстой бүхий л ажлыг хийж, ээждээ дэм болдог байлаа. Ямар сайндаа л зургаадугаар ангийн жаахан хүү байхаасаа бог, бод мал төхөөрөөд сурчихсан байхав. Долоодугаар ангид ордог жилээ Улаанбаатарт анх удаа хөл тавьсан. Шар хаданд амьдардаг ахындаа сууж, барилгын туслахаас эхлээд “Нарантуул” зах дээр тэрэг түрэх, хажуугаар нь хүнсний ногооны лангуу ажиллуулах, үүрэн телефоны G-Mobail компанид хөдөө кабель булах, зам гүүрийн чулуу уулнаас бэлтгэх зэрэг хийж үзээгүй ажил байсангүй. Хамгийн сүүлд, 2015 онд хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанид Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүрийг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Тэндээс би бизнесийн алтан зарчим болоод хурд, цагийн юмыг цагт нь амжуулахын давуу тал, хувийн зохион байгуулалт гээд ихийг сурсан.  Борлуулагчаас бүс хариуцсан менежер хүртэл дэвшиж ажилласан байдаг. Жаахан хүү байхаасаа хөдөлмөрлөлөө гээд муудсангүй. Харин ч хороо, дүүрэг, олон нийтийн дунд ажиллах сайхан туршлага болсон. 2009 онд Их сургуулиа төгсөөд, Солонгос улс руу гэрээт ажилчнаар явсан.

            -Таны өөртөө таалагддаг зан чанар, давуу тал юу вэ?

-Аливаа ажлыг бариад авсан бол заавал ард нь гардаг. Эхлүүлсэн ажлынхаа гүнд нь өөрөө орж ажиллаж чаддаг. Түүнээс хэн нэгэнд үүрэг өгчихөөд хэзээ дуусахыг нь хүлээгээд сууж чаддаггүй. Тэгэхээр миний давуу тал бол амласан ажлынхаа ард нь гарахыг, өөрийн санаа, хөлс хүчээ тэнд шингээхийг хичээдэг. “Манайхаан, үүнийг хэдүүлээ хийе, эхлүүлье, манлайлал үзүүлье” гэж уриалдаг зан чанартай.  Мөн иргэдэд ойлгомжгүй саатчихсан төрийн ажлыг олон нийтийн сүлжээг ашиглаад дор дор нь тайлбарлаж, иргэдийг мэдээлэлд ойр байлгах гэж хичээдэг. Энэ зан байдлаас минь ч болдог байх, манай хорооны пэйж хуудас шиг идэвхтэй, байнгын ажиллагаатай суваг тун ховор.

-Орчин цагт залуусын хандлага харилцааг чухалчлахыг олон нийт хүсдэг болжээ. Улс төрд ч ялгаагүй сэтгэл сайхантай, хүний төлөө гэсэн зөв бодолтой хүнийг дэмжихийг чухалчилдаг болж. Энэ шалгуурт та нийцэх үү?

-Солонгост дөрвөн жил ээж аав, нутаг ус, найз охин, хайртай бүхнээсээ хол ажиллаж байхдаа нэг л том үнэт зүйлийг өөртөө дадал болгож хэвшүүлсэн. Өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийхийг сурсан. Энэ жилийн сонгуулийн ерөнхий өнгийг харахад 1980, 1990-ээд оны төлөөлөл их байна. МАН-ын үзэл санаа бол хороо, дүүрэг, иргэдийнхээ амьжиргааг мэддэг, хорооны Засаг дарга нараа дүүргийн болоод Нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлэх зорилт тавьсан нь залуусын улс төрийн оролцоо, манлайлал, залгамж халааг бэлтгэж байгаа зөв үзэл л дээ. СХД-ийн хувьд ИТХ-д нэр дэвшиж байгаа горилогчдыг харахаар 40 гаруй хувь нь шинэ үеийн залуус байна. МАН-аас Залуусын улс төрийн манлайллыг дэмжиж байгаа нь иргэдийн хүсдэг шинэчлэл мөн гэж харж байна. Иргэдийнхээ итгэлийг алдахгүй, таны өмнөөс гүйх болно.

Холбоотой мэдээ