Тэтгэврийн санг дампууруулах эрх түшээдэд л олддог гунигт мөлжлөг

2021-02-19 856 0

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэж хөдөлмөрийн мөлжлөг ч юм шиг, хөгширсөн хойно жаргалаа эдэлж хэвтэхэд хэрэгтэй төрөөс өгч буй хайр хишиг ч юм шиг ойлгогддог цалингийн “хуримтлал” байна.

Хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг энэ татварын нарийн учрыг мэддэг хүн тэр бүр үгүй. “Нийгмийн даатгал төлөх ёстой” гэсэн хуульд захирагдаж буй болохоос яг хэзээ, юунд бүрэн ашиглах вэ, хэдэн төгрөгийн нийт хуримтлалыг нийгмийн даатгалын гэх дансанд төвлөрүүлснээ нарийн тооцож үздэг хүн бараг үгүй болов уу.

Яг өнөөдрийн байдлаар Монголд нийгмийн даатгалын шимтгэл төлж буйн өгөөжийг тун бага хүртэж байна. Арилжааны болон ББСБ-аас зээл хүсэхэд, гаднын улс руу зорчихдоо виз хүсэхэд, эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний тэтгэмж авахаас өөрөөр бүрэн ашигладаггүй. Хэрэггүй гэж үзвэл, төр болон хувийн хэвшлийн бүхий л салбарт бие хайргүй, цаг наргүй зүтгэж зүтгэчихээд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хэмээн цалингийнхаа 26 хувийг хуулийн дагуу хураалгаад, эцэст нь тэтгэврээ ч авч чадахгүй, татвар төлснийхөө үр шимийг ч үзэж чадахгүй тэнгэрийн орон руу явах олон хүнийг харж л байлаа. Уншигч танд ч ийм харамсалтай жишээ олон бий байх.

Манай улс хөдөлмөрийн насны иргэдээсээ 1995-2006 оныг дуустал Тэтгэврийн даатгалын шимтгэлд ажил олгогч 13.5 хувь, даатгуулагч 5.5 хувь нийлээд 19 хувийн шимтгэл авдаг байсныг тухайн үеийн бодлого яригчид улс төрийн амлалтынхаа хүрээнд  даатгуулагчийн шимтгэлийг 10, 10 хувь болгож байв. Хожим нь, 2017 онд Монгол Улс ОУВС-ийн Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулж, 2018 оноос ХОЁР хувиар, 2019 онд НЭГ хувиар нэмсэн. Энэ бол Нийгмийн даатгалын сангийн алдагдал жил ирэх тусам нэмэгдэж, түүнээс үүдсэн хагас их наяд орчим төгрөгийн дарамт төсөвт ирж байгаа нь төсвийн алдагдлын нэг шалтгаан болж байна гэж тодотгоод тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын оройлон гаргасан шийдвэрийн үр дүн юм. Тэд гурван жилийн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийг нийт таван хувиар үе шаттай нэмэхээр болсон юм. Улмаар 2020 онд ХОЁР хувиар нэмэх байсныг Ерөнхийлөгч хориг тавьснаар 2021 онд нэмэгдүүлэхээр хойшлуулсан. Ингэснээр монголчууд цалингийнхаа 26 хувийн НДШ-д хураалгадаг болсон гэсэн үг юм.

Хамгийн утгагүй нь, НДШ төлөлтийг жил бүр үе шаттай нэмж байгаа шигээ тэтгэврийн насыг ч мөн нэмсэн нь иргэдээ туйлдуулсан сохор шийдвэр болсон юм. Тэгэхээр тэтгэврийг өвлүүлдэг болгох эсвэл НДШ төлөлтөөсөө иргэн ашиг хүртдэг байх системийн өөрчлөлт хиймээр байна. Тэгэхгүй бол хамгийн дампуу, хаалттай, үр ашиггүй тэтгэврийн эв хамтын тогтолцоог хуримтлалын тогтолцоонд яаралтай шилжүүлэхгүй бол монгол хүний үнэлэмж буурсаар, уруудсаар, туйлдуулсаар байна.

1.2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛ  312 МЯНГАН  ТӨГРӨГИЙГ НДШ-Д ХУРААЛГАНА

ҮСХ 2020 оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд дундаж цалин 1 сая 269.1 мянган төгрөг байгааг мэдээлсэн. Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 44.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 697.6 мянган ажилчин байгааг дурджээ. Тэгэхээр албан журмаар төлж буй НДШ-д 1.26 сая төгрөгийн цалинтай иргэн та 12.5 хувийн шимтгэл буюу 158.6 мянган төгрөгийг улсдаа сар бүр тушаана. Харин ААН, байгууллага 13.5 хувийг буюу 171.3 мянган төгрөгийг ажилтан нэг бүрийнхээ өмнөөс мөн сар бүр улсдаа төлнө.

Үүнийг нийлүүлж тооцвол, 1.2 сая төгрөгийн цалинтай иргэн 26 хувийг буюу 330 мянган төгрөгийг НДШ төлөлтөд зарцуулж байна. Харин шимтгэл төлөөд үлдсэн цалингаасаа дахиан хувь хүний орлогын албан татвар болох 10 хувийг төлнө. Ингээд гар дээрээ 999.4 мянган төгрөг авна гэсэн үг.

Б.УНДАРМАА ГЭХ “ТҮШЭЭ” ГЭХЭД Л 240 ТЭРБУМЫН НДШ-ИЙН МӨНГИЙГ САЛХИНД ХИЙСГЭЖ, БАНК ДАМПУУРУУЛСАН

Эд хөдөлмөрийн насныхан өнөөдөр НДШ гээчийг төлөх, төлөхгүйн маргаан өрнүүлж байна. Мэдээж улс иргэн бүрээсээ авсан татвараар урагшилдаг. Гэвч монголчуудын тэтгэвэртээ хадгалсан мөнгийг банк дампууруулах байдлаар салхинд хийсгэдэг башир арга залуусын НДШ төлөх идэвхийг бууруулсаар л. Үүний нэг баримт нь “Капитал” банкны хэрэг буюу УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох ял зэм. Мэдээж энэ хэрэг Б.Ундармаа гэх эмэгтэйн нэрээр шүүхийн өмнө хавтаст хэрэг болж яваа ч ард нь улстөрчдийн увайгүй, хомхой, гар хөл яваа нь илт. Учир нь тус банкаар дамжуулан тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгийг хаашаа ч юм үрэн таран хийчихсэн. Энэ бүхэн та бидний сар бүр цалингаасаа НДШ-д хураалгадаг өнөөх 26 хувийн шимтгэл юм.

Б.Ундармаа гэгч 240 тэрбум төгрөгийн тэтгэврийн сангаар тоглочихсон эрхэм “түшээ” юм. Тэрбээр зүгээр ч нэг банкаа дампууруулчихаагүй 200 гаруй иргэний 260 орчим тэрбум төгрөгийн хадгаламжийг шамшигдуулж, ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл авсан гэмтэй.

ОРШУУЛГЫН ЗАРДЛААР ЭЦЭСЛЭГДДЭГ НДШ МОНГОЛЧУУДЫГ ТУЙЛДУУЛЖ БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танд бодлогын шинэчлэл хийх шаардлагатай асуудал байгаа чухал сэдвийг хөндөн хүргэж байна. Оршуулгын зардлаар эцэслэгддэг НДШ-ийг шинэ түвшинд гаргаж тавиач. Асуудлыг арай хүнлэг, хүртээмжтэй, ардчилсан, өгөөжтэй байдлаар шийдэх бодлого боловсруулаач.

Өнөөдрийн Монголд тэтгэврийн насжилт болон тэтгэврийн хувь тэнцүүлсэн байдал, тэтгэвэр тооцох аргачлал хэтэрхий бүдүүлэг, дээрэнгүй, халгаатай, хаалттай байдлаар явж ирлээ. Ямар сайндаа л   оршуулгын тэтгэмжийг нэмэгдүүлээч хэмээн арга ядсан иргэд ярих вэ дээ. Улсад 20-30 жил ажиллаж нийгмийн даатгал төлчихөөд, нас эцэслэхдээ оршуулгын зардалд нэг сая төгрөг улсаас шийдвэрлүүлдэг. Энэ бол Монголын төр хүнээ хэрхэн үнэлж байгааг харуулсан сонгодог жишээ.  Гэтэл жил бүр амьдралын өртөг нэмэгдсээр байгаа энэ үед оршуулгын дундаж зардалд 15-20 сая төгрөг зарцуулж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Ажилласан он жилүүддээ НДШ-д сарынхаа цалингийн 26 хувийг төлж төлчихөөд, тэтгэврээ ч авахгүй одох талийгаачдын өмнөөс гомдол төрөөд байна. Тэдний үнэ цэн ердөө л нас барсны гэх сая төгрөгийн тэтгэмжээр хэмжигдэх нь хэр шударга вэ.

 

Холбоотой мэдээ