Хүжийн галаас хөгжлийн эрчим хүч рүү

2024-11-12 50 0

Шашны ном сурахаас татгалзан, лам багштайгаа тэмцсээр эцэст нь амиа алдаж буй Ундрах хүүгийн эрдэм ном сурахын төлөөх зориг, төлөөсийг харуулсан “Хүжийн гал” өгүүллэгийг энд хэргээр сануулъя. Зохиолч Л.Бадарчийн 1947 онд бичиж байсан “Хүжийн гал ”-д тухайн цаг үеийнхээ харанхуй, мунхаг байдлыг харуулсан бол нөгөө талдаа эрдэм ном сурахын төлөө хүжийн галын өчүүхэн гэрлийг ч болов ашиглаж буй Ундрах хүүгийн дүрийг тод дүрсэлсэн.

Хүжийн гэрэл гэдэг ямар өчүүхэн билээ. Тэр гэрэлд ном уншина гэдэг асар их идэвхи зүтгэл, дур хүсэл мөн биз. Ийм харанхуй, буруунгуй нийгэм, цаг үе дөнгөж өчигдөрхөн бидний амьдралд байсны баримт нь энэ өгүүллэг. Хүжийн гэрлээс дэн, лаа, чийдэн хэмээн ахиж явсаар өдгөө бид УЦС-аас эрчим хүчээ гаргана, аймаг, орон нутгаа хангана, эрчим хүчний эх үүсвэрээ олшруулна, чадлыг нь сайжруулна, хямд өртөгтэй цахилгаан хэрэглэнэ хэмээн амбийцалж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-нд БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийг хэрэгжүүлэх 253 сая ам.долларын санхүүжилтийг шийдчихэв.  Одоо 14 мега төслүүдээ хэрэгжүүлэх л ажил үлдэв. Түүээс ярьж, хэлэлцэж, олон нийтэд хүртээн таниулах ажлаа бол хангалттай хийж байна.

Дэлхийн улс орнууд эрчим хүчний эх үүсвэрээ ухаалаг, байгальд ээлтэй, ногоон болгох гэж, хиймэл оюун ухааныг эрчим хүчний салбарт оруулж ирэхээр эрчимтэй судалж гол тоглогчид нь хэлэлцүүлэг өрнүүлж, санаагаа уралдуулж байна. Дэлхий нийтэд ч эрчим хүчний эх үүсвэрүүд, өндөр чадалтай цахилгаан, дулааны хэрэгцээ асар их байна. Ганц Монгол Улс эрчим хүчний реформыг эрчимжүүлье гээд хаана ч байхгүй шинэ, мундаг санаачилга гаргаад байгаа юм биш. Хүссэн ч эс хүссэн ч дэлхийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчид асуудлаа бүгд нийлээд хэлэлцээд эхэлчихсэн.

“Эрчим хүчний шилжилт бол ирээдүйн зорилго биш, харин хүн төрөлхтөн, эдийн засаг, бизнесийнхэн, улс орнуудын Засгийн газруудын үйл ажиллагааг өөрчилж, алсын харааг нь шинжлэх ухаан, инновац, байгальд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтөд хөтөлж  буй өнөөгийн бодит байдал юм” гэж үзээд байна. Тэгэхээр бид эрчим хүчний реформ гэх хамтарсан Засгийн газрын санал санаачилгыг үнэ нэмэх тухай яриа хэмээн мушгин гуйвуулах нь хэт өрөөсгөл. Тэгснээс эх үүсвэр буюу станцуудын чадлыг хэрхэн сайжруулах вэ, өндөр хүчдлийн дамжуулах шугамуудаа төр, хувийн хэвшил үү, хэн нь хариуцах вэ, түгээлтийн зарчмаа хэрхэн эрүүл, иргэндээ ээлтэй нөхцөлөөр тохирох вэ, эрчим хүчний системийг сайжруулахад хиймэл оюун ухаанд суурилсан чадамжийг нутагшуулах, залуу инженерүүдийнхээ мэдлэгийг эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц, цөмийн болон нарны эрчим хүч зэргэд шингээхийн давуу талыг олж харвал жинхэнэ утгаараа эрчим хүчний реформыг эрчимжүүлэх ажил болно.

Энэ салбарт ухаалаг шийдэл, хамтын ажиллагаа, инженерүүдийн мэдлэг оролцоо чухал болохоос хийрхсэн улс төрчдийн үнэ ханш, өрхийн орлого нэмэгдэх буурахыг ярьж иргэдийг төөрөгдүүлсэн жалгын бяцхан улс төр, хов жив хэрэггүй ээ.

 

 

Холбоотой мэдээ