Санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх, сэндбокс зохицуулалтын орчинг бүрдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг боловсруулсан.
Журамд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны зохицуулалт дор хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчинд тодорхой цаг хугацаанд турших боломж олгох, оролцогчдод тавигдах шаардлагыг тодорхойлох, холбогдох харилцааг зохицуулахаар тусгагдсан. Журмыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлээд зөвлөлийн гишүүн байгууллагууд буюу Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр А-63/64/32/А/27 тушаалаар баталлаа.
“Сэндбокс”-ыг хэрэгжүүлснээр зохицуулагч байгууллагууд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх нөхцөл бий болно.
Харин зах зээлд оролцогчдод хууль эрх зүйн зохицуулалтад нийцүүлсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, турших боломжийг нээж өгдөг тул финтекийн хөгжлөөр тэргүүлж буй улс орнууд сэндбокс орчныг зохицуулалтын оновчтой арга хэрэгсэл гэж үздэг. Сонирхуулахад, 2016 оноос зах зээлд нэвтэрсэн зохицуулалтын энэхүү арга хэрэгслийг өнөөдөр дэлхийн 50 орчим улс идэвхитэй судалж, хэрэгжүүлж байна.
0 cэтгэгдэлтэй