Өнөөдөр хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ёслолын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд И.К.Азизов Ерөнхийлөгч Путины зарлигийг уншиж, Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонг гардууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ж.Гүррагчааг Чингис хаан одонгоор шагнасан.
ЗХУ, БНМАУ-ын баатар, Чингис хаан одонт, сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Би өнөөдөр одоогоос 40 жилийн өмнөх шигээ сандарч байна. Ийм өндөр шагналуудыг зэрэг зэрэг авна гэдэг миний хувьд асар их хүндэтгэл. Монгол Улсын төрөөс, Монголын ард түмэн, ОХУ-ын төр засаг, Оросын ард түмний зүгээс үзүүлж байгаа гүн хүндэтгэл гэж хүлээж авч байна. Энэ хоёр шагнал зэрэгцсэн нь өнөөдөр бидний тэмдэглэж байгаа энэ үйл явдал бидний хамтын баяр гэдгийг хэлж байгаа юм. Миний сансарт ниссэн хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн Монгол болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарт гүн талархлаа илэрхийлж байна. Энэ зөвхөн намайг шагнасан шагнал биш. Энэ үйлсийг бүтээхэд оролцсон бүх хүмүүс, бүх байгууллага, тэр тусмаа миний дотнын нөхөр Ганзоригийн маань хийсэн их хөдөлмөрийг үнэлсэн шагнал гэж хүлээж авч байна” гэлээ.
Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хамтарсан нислэгийн хөлгийн ахлагч В.А.Жанибеков цахимаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Зөвлөлтийн хамтарсан нислэг нь манай улсын сансар судлал, сансрын технологийн хөгжлийн эх үндсийг тавьсан. Энэ үйл хэргийг өнөөдөр Монголын залуу эрдэмтэд үргэлжлүүлж байна. Үүнийг төрийн бодлогоор дэмжинэ гэж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцоллоо. Тэрбээр “Сансрын хамтарсан нислэгийг зохион байгуулахад манай хоёр улсын төр засгийн удирдлага эрдэмтэн мэргэд, зохион бүтээгчид хамтран ажиллаж, нислэгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн түүхэн үйл явдал нь манай хоёр орны ахан дүүсийн найрамдалт, найрсаг хамтын ажиллагааны тод томруун жишээ болж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхэнд мөнхрөн үлдсэн үйл явдал болсон” гэв.
0 cэтгэгдэлтэй