С.Сайнцог: Сансрын нислэг бол амь дүйсэн алхам учраас сансрын нисэгчдийг “Баатар” цолоор шагнадаг

2021-03-23 778 0

Манай улс одоогоос 40 жилийн өмнө сансарт хүнээс нисгэхийн тулд 1976 оноос эхлэн сансрын нисэгчдээ сонгон шалгаруулж эхэлсэн түүхтэй. 1976-1978 онд үргэлжилсэн хоёр удаагийн сонгон шалгаруулалтаар М.Ганзориг, Д.Сүрэнхорлоо, С.Сайнцог, Ж.Гүррагчаа нарын дөрвөн хүнийг сонгосон байдаг. Харин өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, сансрын нисэгч М.Ганзориг болон Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, сансрын багийн гишүүн, хурандаа С.Сайнцог нарыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа.

Сансрын багийн гишүүн, хурандаа С.СайнцогОдоогоос 40 жилийн өмнө Монгол хүн сансарт ниссэн энэ үйл явдал бол Монгол түүхийн алтан хуудас юм. Энэ үйл явдалд оролцож явснаараа би баярлаж, бахархаж явдаг. Үүнд олон монгол залуу эрүүл бие, саруул ухаан, хүч чадал, авхаалж самбаагаа сорин оролцож явсан. Бид дөрвүүлээ үлдэж, тэндээс Ганзориг, Гүррагчаа хоёр маань Монгол түмнийхээ захиа даалгаварыг амжилттай биелүүлж 1981 онд сансарт ниссэнээр эрхэм хүндтэй, түүхэнд дурсагдах гавъяат үйлсийг бүтээсэн юм. Тэр үед сансрын технологи өнөөгийнх шиг төгс төгөлдөр болж чадаагүй байсан үе. Зөвлөлтийн шинжлэх ухааны ололт амжилт өндөр байсан ч гэсэн эвдрэл гэмтэл гарах эрсдэл асар их байсан. Зөвлөлтийн инженерүүд сансрын хөлгийг 99.99 хувийн магадлалтай төгс хийлээ гэхэд нислэгийн үед 1.5 сая эвдрэл гарах боломжтой гэж ярьж байсан. Тийм болохоор сансрын нислэг гэдэг бол амь дүйсэн, эрсдэлтэй алхам байсан юм. Ийм ч болохоор сансрын нисэгчдийг “Баатар” гэх эрхэм хүндтэй цолоор шагнадаг” гэлээ.

 

Холбоотой мэдээ