З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Т.Лхагвасүмбэрэл агсных шиг гашуун түүхийг давтахгүйн төлөөх бодлогын нүүдэл

2021-04-05 1009 0

Манай улсад хүний эрхийг хамгаалагчид, үүн дотор бэлгийн цөөнх, хүүхдийн эрхийг хамгаалдаг хүүхдүүд хүртэл ялгаварлан гадуурхагдаж, гутаан доромжлогддог, мөн гүтгэгдаж, шахалт дарамтад ордог талаар НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Мишель Форст 2020 оны гуравдугаар сард Швейцарын Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд мэдээлсэн байдаг. Мөн байгаль хамгаалагчид, авлигын хэргүүд дээр ажилладаг эрэн сурвалжлах сэтгүүлчид айлган сүрдүүлэгт өртөж, шахалт дарамтад ордог ба ийм тэмцэгчдийн зарим нь амь насаа алдсан ч хууль хяналтын байгууллагад үхлийн шалтгааныг нарийвчлан судалж эцэслэн тогтоогоогүй тэгсхийгээд замхардаг талаар тэрбээр манай улсад хийсэн ажиглалтынхаа талаарх тайланд дурджээ. Нэг ёсондоо хүний эрхийг хамгаалагчдаа Монгол Улс хамгаалж чаддаггүй талаар олон улсад дэлгэрэнгүй бүртгэгджээ.

Тиймээс манай улс дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүний эрхийг хамгаалагчдаа хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх талаар улс төрийн амлалт авсан юм. Харин тэрхүү амлалт өнгөрсөн баасан гарагт биелэлээ олох нь тэр. Өнгөрсөн парламентын үед буюу 2020 оны тавдугаар сард УИХ-д өргөн барьсан Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг эрх баригчид хэлэлцэн батлав.

Хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын хүний эрхийг хамгаалах механизм нэг алхам урагшилж, эрх зүйн тогтолцоо нэг шинэ ойлголтоор цар хүрээгээ тэллээ” хэмээн тодорхойлов.
Хүний эрхийг хамгаалагчид өөрийн эрүүл мэнд, амь нас, тэр ч байтугай гэр бүлээ аюулд оруулан байж бусдын эрхийг хамгаалахын төлөө явдаг. Тиймээс олон улсын хүний эрхийн хэм хэмжээний дагуу төр нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг хүлээдэг.

Манай улс уг хуулийг баталснаар бүс нутагтаа хүн эрхийг хамгаалагчдын үйл хэргийг эрх зүйн тогтолцоогоороо хөхиүлэн дэмжсэн анхны улс болсныг хуулийг боловсруулах Ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцолсон юм.

Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн, нийгмийн оюун сэтгэлгээнд өөрчлөлт авчирч, засаглалыг сайжруулж чадсан үйл хэргүүдийн авторууд нь хүний эрхийн төлөө тэмцэгчид байх нь түгээмэл. Хэрэв Махатма Ганди байгаагүй бол Британичууд хэзээ Энэтхэгийг орхих байсан бол, тийнхүү дэлхийн колоничлолын задралыг эхлүүлж чадах байсан болов уу. Гэтэл энэ үйл хэргийнхээ төлөө Махатма Ганди бүх л амьдралынхаа турш халдлага, заналхийлэлд өртөж, эцсийн мөчид бусдын гарт амиа алдсан түүхтэй.

Хэрэв Мартин Лютер Кинг байгаагүй байсан бол АНУ-ын Африк гаралтай америкчууд хэдий болтол сонгууль өгч чадахгүй, хэдэн хар арьст сурагч охид автобусанд цагаан арьстай залууд суудал тавьж өгөөгүйнхээ төлөө баривчлагдах байсан бол. Ялгаварлан гадуурхалтын улмаас олон сая хүний эрх зөрчигдөхөөс сэргийлж чадсан ялгуусан алдарынх нь золиос мөн л Мартин Лютер Кингийн амь нас байсан билээ.

Харин бидний мэдэх хамгийн ойрын жишээ бол одоог хүртэл үхлийн шалтгаан нь учир битүүлэг байгаа нэрт байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсан. Өмнөговь аймгийн Гурван тэс сум дахь Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулах гэж байсан уул уурхайн компаниудын эсрэг тэмцэж, Тостын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулахын төлөө зүтгэж байсан тэрбээр 2015 онд зуурдаар нас барсан түүхтэй. Хүний эрхийн төлөө хэдий чинээ эрчтэй, цогтой тэмцэнэ хариуд нь ирэх эрсдэл төдий чинээ аюултай байдгийн жишээ бол тэр.

Тиймээс ардчилсан нийгмийн амин сүнс болсон иргэний эрхийг хангахын төлөө дуу хоолойгоо хүргэж, үйл хэргээ чиглүүлдэг хүний эрхийн төлөө тэмцэгчдийг Т.Лхагвасүмбэрэл агсных шиг гашуун түүхээс сэргийлэхийн тулд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжих учиртай.

Өдгөө дэлхийн 40 улс хүний эрхийг хамгаалагчдынхаа дуу хоолой, үйл хэргийг хуулиар хамгаалжээ. Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжих уг хуулиар хүний эрхийг хамгаалагчдад бусдын зүгээс учруулсан дарамт шахалт, заналхийлэл, төрийн эрх мэдэлтний үл тоомсорлол, ялгаварлан гадуурхалд зохих ёсоор хуулийн хариуцлага хүлээлгэх юм. Хүний эрхийн хамгаалагчид ийм төрлийн гомдлоо Хүний эрхийн Үндэсний комиссын дэргэдэх Хүний эрхийг хамгаалагчийн хороонд мэдэгдэх бөгөөд тэр дагуу эрсдэлхийн нөхцөл байдлыг үнэлж, хариу арга хэмжээг авах аж.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Үндсэн хуулиар хүний эрхийг хамгаалах нь манай нийгмийн заяамал эрх. Тиймээс ч иргэн бүр эрхээ эдэлдэг. Харамсалтай нь бодит байдал дээр хүний эрхийг хамгаалдаг хүмүүс дэндүү цөөхөн учраас төр тэднийг хамгаалах, урамшуулах тогтолцоог нь бүрдүүлэх учиртай. Ингэж байж нийгэм өөрөө өөрийгөө хамгаална” гэлээ.

Холбоотой мэдээ