Ж.Баяржаргал: СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫНХАА АРСЛАН-БАРУУДАД ЗОРИУЛАФФФ

2021-04-28 1113 3
Эдэлж байгаа нэрийг нь, элээж ирсэн насыг нь, эсвэл хэдэн юм эвлүүлээд биччихдэгийг нь, хэдэн үг цуглуулаад ярьчихдагийг нь бодоод хүндэтгэн хандаж, хүлээцтэй байх тусам хамраа сөхөөд дээрээс шээчих гээд байдаг улсын тоо толгой жилээс жилд олшроод байх шинжтэй шүү, МАНАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД.
Эднүүс үнэхээр лаг нь юм бол гаргаж байгаа үйлдлээрээ хүндлүүлж, хэлж байгаа үгээрээ бишрүүлэх учиртай сан. Гэтэл өөрсдөө тэгж чадаагүй, чадахгүй байж бусдаас хүндлэл, бас дээдлэл хүсч агсамнаад байгаа бол ЗҮГЭЭР Л МАЙ !!! Сэлэнгийнхээ хулигаануудад гөлөг болтлоо зодуулж өсчихөөд энэ мэтийн өлөн бөөснүүдэд дээрэлхүүллээ юү, хараад зүгээр байлаа юу.
Нэг, хоёр ширхэг хүний тухай хэлсэнгүй. Өнөөдөр зориулж ч өгүүлсэнгүй. Гагцхүү МЭДЛЭГГҮЙ, ЧАДВАРГҮЙ, МЭДРЭМЖГҮЙ дээд, дунд, залуу үеийн ХЭСЭГ БУСАГ улсуудын “Тогоо руугаа нулимдаг, тогоон доторхуудаа өшгичдөг” зэвүүн үйлдэлүүд нь мэр сэр үзэгддэг байсан чинь одоо БҮХЭЛ БҮТЭН ҮЗЭГДЭЛ болон тэлж байгаад л асуудлын учиг бий. Шинэ үеийнхэндээ ингэж үлгэрлэх юм уу тээ?
Арслан-баруудынхаа нүүрний арьсыг нь өвчиж хуулаад, хурууны ясыг нь тарааж бутаргаад томруулдаг шилээр нягталж харсан чинь нүүрэн дээрээ л БОСС мэт харагддаг болохоос нидэр дээрээ БӨӨС байх юм, наанаа ОД мэт үзэгддэгээс биш цаанаа ӨД шиг ямх улс байх аж.
Тархины хэмжээ нь төсөөлснөөс ч жижигхэн, мэдлэгийн цар нь бодсоноос бичигхэн, боловсролын түвшин нь санаснаас бяцхан юм байна шүү. Үүнийгээ хэлж буй үг, хийж буй үйлдлээрээ бэлхэнээ харуулаад өгөх юм даа тэднүүс, хөөрхий. Хүн гэдэг мэдэрдэг амьтан учраас энэ бүгдийг хэнээр ч заалгуулалгүй угаасаа харцгааж л байгаа, мэдчихсэн ч буй.
Ингэж бусдынхаа дээрээс увайгүй нулимж, салбарынхаа оройгоос ичгүүргүй шээх эрхэмсэг тэднийг суурь бааз талаас нь:
-Сэтгүүл зүйн маань яг мундагууд нь уу,
-Салбарын минь яс лидерүүд нь үү гээд шигшээд үзэхээр үнэхээр таг юм.
Дэлхийн түүх ярихаар таг, орчлонгийн газарзүй хэлэлцээр таг, онолын ойлголт мэтгэлцэхээр бас таг. Товчхондоо бол тов тодорхой чиглэлээр овь ойлгомжтой өгөгдөл ярих болохоороо тагларчихдаг улс аж.
Тиймээс л замбараагүй донгосч, захгүй дэмийрч болдгоор нь улс төр, эдийн засаг, нийгэм гэсэн юуг ч донгосч болох ерөнхий ойлголт дор еэвэн шиг эргүүлж тойруулан бөөрөнхий ярьж, бусад улсад мундаг болж харагддаг ажаам. “Худлаа хуц муу сда аа аа…” гээд бөглөрчихөө шахах нөхөр гараад ирнэ л дээ, мэдээж. Тэр дуракт хандаж хэлэхэд, Тийм л сүрхий юм бол:
-Анархизм-Монорхизмын онолыг улс төр талаас нь үнэн тодорхойлчих,
-Credit-Debt-ийн ялгааг эдийн засаг зүгээс нь зөв тайлчих,
-Би-Бидийн үзлийг нийгэм өнцгөөс нь яг таг тайлбарлачих аа! гэж хичээнгүйлэн хэлье дээ. Улс төр, эдийн засаг, нийгэм чинь та нарын мэргэшил юм гээд биз дээ. ИЙМХЭН ЗЭРЭГХЭНИЙ МЭДЛЭГХЭН манай сэтгүүл зүйн маадгаруудад байдаг л байлгүй дээ, тээ?
Мартсанаас, түрүүн арьсыг нь хуулаад, ясыг нь тараачихлуу яалаа? Нэгэнт тэгсэнийх мэргэжил, мэргэшил талаас нь ухаад нэг харьчихъя даа тээ. Логикийн онол утгаар нь хөөвөөс; бяртай бядтай үг, үйлдэлтэй хампаануудын ур чадвар болоод ур хийц үнэн лүүнз байдаг байж таараа. Бид нь бишрээд, бусад нь шүтээд алдагийн байгаа биз дээ. Гэтэл үнэн хэрэгтээ залууст үлгэрлүүлчихээр, сургуульд жишээлүүлчихээр бүтээл гэж алга юм, бусдад гайхуулчихаар, бүгдэд зөвшөөрөгдчихөөр чадвар гэж үгүй юм. Үг үсэг холбохдоо бүр ч дорой аж.
Ийм улсууд сул талаа дуулиан шуугианаар далдалдаг гэнэм, хэл амаараа нууцалдаг ажаам. Тиймээс л өөрт тохирох орон зайг, яаж тодрох нүх сүвийг хайхдаа:
-Онол ярьж худлаа баахан номчирхдог юм байна.
-Гадаадыг дурдаж хоосон баахан мэдэмхийрдэг юм байна.
Гэтэл… Яс юман дээр, ярьж байгаа онол терменээ өөрсдөө мэдэхгүй, жишээлээд байгаа гадаадынхаа хэлийг бас мэдэхгүй.
Хэл усгүй хүнүүс ертөнцийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагыг яаж ч мэдэх юм, онол практикийн шинэчлэлийг яаж ухаж ойлгох билээ.
Энэ бүгд гагцхүү номон дээр л бичигдсэн байдгийншт угаасаа. Тийм ч учраас Левиний Unfreedom of the Press, Карогийн Working, Фэгерийн Fifty Years of 60 Minutes тэргүүтэй бестселлерүүдээс манай салбарын жинхэнэ мундагууд дээрх бүгдийг УХАЖ ОЙЛГОЖ, УХААРЧ СЭНХЭРЧ, УРАА БАЯЖУУЛЖ авдгийншт. Харин манай хуурамч мундагууд хүн бүрийн үздэг Youtube бичлэг, гадаад сувгуудаас харсан үзсэнээ л заан шиг томруулж дүрслэн онолын хэмжээнд ярьдаг юм билээ л, көөркий.
Хуучин бүхэн хаягдаж ахуй өнөө цагт НОМ яагаад ХОЦРОГДОХГҮЙ байгаа юм? “Мэдлэг болон ухааныг гагцхүү цаасан дээр буулгасан бичвэр л олгодог учраас” гэж. Гүй ээ мөн айхтар онож хэлсэн ухаантны үг байна шүү, тээ. Тэр ухаантан нь мань мэт нь биш ээ. Эрхэм Вүдфорд гуай юм байгаашт.
Иймийн учир, бусдад томрох гээд азаартдаг, бусдыг бишрүүлэх гээд гардуулдаг үе, үеийн төлөөлөл бүхий хэсэг бусаг хампаанууд нэгэн нартай өдөр үнэнд гүйцэгдэхээс хойш ядаж л “БИ – БИД”-ийнхээ байрыг солих гээд нэг оролдчихгүй юү тээ. Оролдлого чинь өөрөө мэдлэг болно шөө.
Гэж аугаа Бенжамин Фрэнклин хэлжээ. Бен ахын сэтгүүлч байсныг эрх биш мэдэх байлгүй дээ, тээ. Pennsylvania Gazette сонингоороо бутархай Америк оронд их нэгдлийг авчирсан хүн юм шүү дээ. Нэг судалчихгүй юу тээ, Google.translate-аад ч болтугай.
Сэтгүүл зүйн нэг муу боол: Жалсрайн БАЯРЖАРГАЛ

Холбоотой мэдээ