Б.Баярцэнгэл

Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач, Нийгмийн сэтгэлзүйн активист. Гэр бүл төлөвлөлт, Гэрлэлт, Салалт, Хүүхдийн сэтгэлзүй, Сэтгэлзүйн бэлтгэжилт бэлэн байдал, Нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн.

Г.Гарьд Ginjin: Z үеийнхэн чинь бид нараас илүү ухаантай

2021-05-24 1061 1

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Урилга хүлээн авч, өсвөр үеийн хүүхэд залуучуудад зориулсан сэтгүүлд ярилцлага өгч байгаад баярлалаа.

-Тантай хийх ярилцлага ахлах сургуулиа төгсөж буй Z үеийн залууст маш их тэмүүлэл өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Ярилцлагаа таны бага нас, дурсамжаас эхлэе гэж бодлоо. Та хаана төрсөн бэ? багадаа ямар хүүхэд байв? Дурсамжаасаа хуваалцвал?

-Би 1992 онд Герман улсын Лэйпциг хотод төрсөн. Багадаа Монголд ирсэн. Ердийн даруухан, хөгжимд их дуртай хүүхэд байсан. Бусад хүүхэд шиг нэг их гүйж харайгаад сагс, хөлбөмбөг тоглож байсангүй. Орцныхоо үүдэнд хүүхдүүдтэй юм яриад л сууж байдаг байж билээ. Сүүлд Асашёорюү сумогийн аварга болдог үеэр сумод их дуртай болж хэсэг барилдах дуртай болсон. /инээв/

-Дуулж эхлэхэд хамгийн их нөлөөлөл үзүүлсэн хүн хэн байсан бэ? Яг одоо таны бүтээсэн амжилтад хүрэх хүртэл та ямар төлөвлөгөө зорилт тавин ажилласан бэ? Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?

-Дуулж эхлэхэд нэг их нөлөө болохуйц хүн байгаагүй ээ. Хөгжимд их дурласан. Оролдоод үзье л гэж эхлэсэн. Зорилт, төлөвлөгөө гэх мэт зүйлс ч гаргаагүй юм байна. Их дуртай, үр дүн нь ямар байх хамаагүй зүгээр л хийе гэж бодсон.

Хөгжимтэй ажаиллаж байхдаа би хэзээ ч ажил гэж ханддаггүй. Тийм болохоор хэзээ ч уйдаагүй бас залхуураагүй. Нэг зүйлдээ тууштай бөгөөд ДУРТАЙ зүтгэхэд л аяндаа амьдрал урамшуулдаг байх гэж бодож байна.

Манай гэр бүл, хамаатан садангууд дунд ер нь бараг урлагтай холбоотой хүн байхгүй. Ганц үеэл эгч маань л Хөгжим бүжгийн коллежид мундаг төгөлдөр хуурын багшаар ажилладаг.

-Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн цөөн реппэрүүдийн нэг гэж таныг ярьдаг. Ямар мэргэжил эзэмшсэн бэ? Тэр үед таны зорилго хаашаа явж байсан бэ?

-Тайвань улсад аялал жуулчлал, зочид буудлын менежментийн удирдлагаар төгссөн. Аав ээж маань аялал жуулчлалын жижигхэн бизнестэй учраас энэ мэргэжлийг сонгож суралцсан. Мэргэжлээрээ олон жил ажиллаагүй. Багаасаа ресторантай болохыг мөрөөддөг байсан учраас энэ мэргэжил дөхөм гэж сонгож байсан. Суралцаж байхдаа ресторанаа л төсөөлж явсандаа. Гэхдээ л хөгжмөө хэзээ ч хаяна гэж бодоогүй, тэр үедээ ч хийж л байсан.

-Гадаадад болон Монголд суралцахын давуу, сул талыг та юу гэж дүгнэх вэ. Суралцаж эхэлсэн суралцах үеийнхээ туршлагыг хуваалцаач?

-Монголд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 1 жил хагас орчим Англи хэлний орчуулагчийн ангид сурч байгаад Тайвань улсыг зорьж байсан. Анзаарсан зүйл гэвэл гадаадад сургуулийн орчин, суралцах орчин, амьдрах байр оюутанд ээлтэй бүтээн байгуулалт хөтөлбөр гээд бүх зүйлээрээ илүү сайн. Сурах орчинг нь маш сайн бэлдэж өгсөн байдаг. Монголд бүх зүйлс дутмаг байдаг гэх үү дээ. Гэхдээ Монголд удаан хугацаагаар сураагүй учраас бас ийм тийм байдаг гэж хэлэхэд хэцүү юм. Тухайн үедээ бол тийм байсан. Ямартай ч Гадаадад сурвал шинэ зүйл үзэж, шинэ зүйл сурч, шинэ хүмүүстэй танилцаж, өөрийгөө нээхэд илүү амар байх нь ойлгомжтой. Ядаж л гадаад хэл илүү сайжирна. Мөн харь улсад гэр бүлээсээ хол байж биеэ дааж сурна.

-Гадаадад амьдарч суралцахад өөрийгөө хэрхэн бэлтгэх хэрэгтэй вэ?

-За сайн хэлж мэдэхгүй юм аа, яах гэж ирсэн гэдгээ өөрөөсөө асуу тэгээд л хичээлээ л анхнаас нь сайн хийх хэрэгтэй байх даа. /инээв/

-Залуус өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө нээхийн тулд юуг чухалчлах хэрэгтэй вэ? Таны үнэт зүйл юу вэ? Хүн үнэт зүйлээ хэрхэн олдог гэж боддог вэ?

-Хүний хамгийн үнэт зүйл бол Чи өөрөө юм. Өөртөө үнэнч, үргэлж өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Өөрийнхөө юу хүсэж байна вэ, өөрөө ер нь ямар хүн болох ёстой вэ гэдгээ мэдэх тэр зүйлдээ тууштай байх чухал. Тэгж чадахгүй бол ирээдүйд ямар ч ажил хийсэн ч дургүй, ажиллаж идэвхи чармайлт гаргахгүй зөвхөн цалингийн төлөө л ажилладаг болно. Харин хүн өөрийнхөө хүссэн ажлыг хийж байгаа цагт тэрийг хэзээ ч ажил гэж хардаггүй, харин хобби мэт л санагддаг байх болно.

Чиний үнэт зүйл бол чи өөрөө чи өөрийнхөө ирээдүйг ажил гэж харах уу? өөрийн салшгүй нэг хэсэг болгон харах уу?. Сайн бод.

-Таны гаргасан уран бүтээл бүр хит болдог. Танаас хүлээх хүлээлт өндөр Ginjin fam, fan хэдийнэ үүсчихлээ. Уран бүтээл гаргах шинэ санаагаа хаанаас яаж мэдэрдэг вэ?

-Янз янз. Зарим үед миний дотор байгаа зүйлээ бусдад хэлмээр санагдаад дуу хийх үе байна. Бас цаг үетэйгээ зохицсон дуу хийх үе гарна. Ерөнхийдөө бол тэгээд л би тухайн үедээ ямархуу дуу хиймээр санагдаж байна, тэрийгээ л хийдэг дээ. Хүнээс нээх зөвлөгөө эсвэл санаа оноо аваад байдаггүй гэхүү дээ. Өөрийнхөө яг тухайн үед юуг мэдрэнэ түүнийг олж харах их чухал байдаг.

-Уран бүтээлээрээ та нөлөөлөгч байж чадаж байна. Энэ нөлөөллөө хаашаа чиглүүлж авч явъя гэж боддог вэ?

-Миний ихэнх дуу хүмүүсийг юу ч үгүй байсан ч шантралгүй зүтгэсээр байхад амжилтад чи хүрнэ гэдгийг л мэдрүүлэхийг зорьдог.

Зарим дуундаа би зүгээр л онгирох дуртай, миний гинж ийм миний мөнгө тийм гэх мэтчилэн. Зарим хүмүүст тэр нь таалагддаггүй, гэхдээ цаагуураа бас л би хэн нэгэнд цагаан атаархал төрүүлж тэр хүнийг атаархсандаа хөдөлмөрлөж адилхан болохын төлөө зүтгэх байх гэж итгэж тиймэрхүү дуу хийдэг.

-Өсвөр үеийнхний хувьд мэргэжил сонголттой нүүр тулж байдаг. Энэ тал дээр та бодож явдаг зүйлээ хуваалцаач? Мэргэжлээ хэрхэн сонгох хэрэгтэй вэ? Өөрийгөө хэрхэн олох вэ?

-Юунд дуртай байна тэрнийхээ л араас нь яв. Тэр ажил цалин өндөртэй, тэр ажлыг л хийе гэж бодоод хэрэггүй.

Ямар ч ажлыг чи өөрөө дуртай хийвэл, чи маш гаргууд сайн нэгэн болно. Шилдэг нь байхад чамд ирэх урамшуулал чинь угаасаа л ирнэ.

Z үеийнхэн аливаад шийдвэр гаргахдаа юунд анхаарах ёстой вэ. Тухайн зүйлдээ шатаж стресстэх тохиолдол гараад байдаг. Ийм үед та юу хийдэг талаараа зөвлөөч?

-Z үеийнхэн гайгүй дээ алзахгүй байхаа. Z үеийнхэн чинь биднээс  илүү ухаантай /хаха/. Би аливаа зүйлд стресствэл түрхэн зуур стрессдүүлсэн асуудлаа, хүнээ бодохоо болиод өөр зүйлд анхаарлаа хандуулдаг. Тэр нь гоё дуу сонсоод суух, кофе уугаад суух, хүн амьтантай уулзаж буу халах ч юмуу, юу ч байж болно. Хэсэг хугацаанд тэр стресстүүлж байгаа зүйлсээ хаясны дараа эргээд нэг харахад шийдэл нь олддог.

-Ярилцлагын төгсгөлд Та хүсэл мөрөөдлөө тодорхойлж буй шинэ үеийнхэнд хандаж баримтлах зарчим зорилгодоо хүрэх алтан дүрмээ хуваалцана уу?

Хэзээ ч бүү шантар,

Хэзээ ч бүү зогс.

Хийсээр бай!

-Баярлалаа

Холбоотой мэдээ