Ээжүүдийн архидалтаас үүдэж хүүхдүүд хохирч байна

2020-11-17 562 0

108 утасны дуудлагын 80 орчим хувийг өсвөр насны охид эзэлдэг байсан бол сүүлийн үед эрэгтэй хүүхдүүд хандаж буй учраас тус төвийнхэн хүний нөөцийнхөө 30 хувийг эрэгтэй зөвлөгчөөр бүрдүүлсэн гэнэ. Эрэгтэй хүүхдүүд хүйс ижил хүнээс зөвлөгөө авах, тэр хүнтэй дахин ярилцлах хүсэлтэй байдаг хандлага ажиглагдсан байна. “Хүүхдийн тусламжийн 108” төвд гол төлөв шилжилтийн 11-16 насныхан хамрагддаг бөгөөд насны хязгаарын тухайд 3-18 насны бүх хүүхдийг хүлээн авдаг гэнэ. Амьдралын түвшингийн тухайд, зөвлөгөө мэдээлэл дээр бүх түвшин хамаардаг бол хүчирхийлэлд өртөж, түр хамгаалах байраар үйлчилгээ авдаг хүүхдүүд нь эрсдэлтэй болон зорилтот бүлэгт хамаардаг аж. Тухайлбал, хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нийт үйлчилгээ үзүүлдэг хүүхдүүдийн 60-70 хувь нь байдаг гэнэ.  Тус төв заавал цагдаагийн байгууллагатай хамтран үйлчилгээ үзүүлдэг аж.

С.Отгонсүрэн: -Эцэг эх нь гэртээ байхгүй, гадаа даарсан байдалтай хараа хяналтгүй орхигдсон, эсвэл айлд үлдээсэн гэхчилэн нийт хүчирхийллийн дуудлагын 90 орчим хувь нь архины хамаарлаас үүүдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, 108-ын түр хамгаалах байранд хүчирхийлэлт өртөн ирж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь архинаас, ялангуяа, ээжүүд архи ууснаас үүдэлтэй байдаг. Түүнээс биш аав нь архи уугаад байгаа учраас хүүхдээ өгч байна гэсэн ээж байдаггүй. Эмэгтэйчүүдийн архидалт эрс өссөн нь манай төвд ирэх хүүхдүүдийн жишээнээс бэлхнээ харж болно. Өнгөрсөн жил түр хамгаалах байраар бид 1000 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл эдгээрийн 80 гаруй хувь нь архинаас үүдэлтэй байсан. Бэлгийн, бие махбодийн, сэтгэл санааны гээд бүх хүчирхийлэл согтуугаар үйлдсэн харилцаанаас үүдэлтэй байдаг.

“Түр” хамгаалах байранд түрхэн зууртаа байж байгаад л буцдаг. Ингэхдээ өндөр эрсдэлд орсон, яаралтай хамгаалалтад авах ёстой хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулдаг аж. Журманд зааснаар 168 цаг буюу нэг долоо хоног түрдээ байлгах ёстой гэнэ. Гэлээ гээд цаг нь гүйцсэн гээд очих газаргүй хүүхдийг хөөгөөд байх боломжгүй. Тус төв нь 22 ортой ба зөөврийн 10 ор нэмэгдээд хоногт 32 хүүхдэд л үйлчлэх хүчин чадалтай.  Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийг гэр бүлийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, харьяа дүүргийнх нь хамтарсан багт шилжүүлэн, улмаар үнэлгээ хийн ар гэртэй нь эргэн нийлүүлдэг юм байна. Харин ар гэрт нь эргэн нэгтгэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд асрамж, халамжийн төвүүд рүү шилжүүлдэг юм байна. Мөн насны ангиллаас хамаарч, тухайн хүүхдийн санал, нөхцөл байдлыг харгалзан үзээд, өөрөө гэртээ очихгүй байх хүсэлт гаргасан нөхцөлд асрамж руу шилжүүлдэг юм байна.

Холбоотой мэдээ