Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна

2021-09-20 747 3

Урин дулааны улиралд амжиж хийх ажлын нэг нь халтиргаа, гулгаанаас сэргийлэх өнгөт хучилт байдаг. Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэх үед тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг жил бүр хийж заншсан. Өнгөт керамик хучилтыг  цас орсны дараа байнга мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсдэг авто замын уулзвар, өгсүүр хэсэг, нийтийн тээврийн автобусны буудлуудад хийдэг.

2017-2020 онд нийт 10926.5 ам метр талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудлыг халтиргаанаас хамгаалах хучилттай болгосон. Харин энэ жилийн хувьд 6570 ам метр талбайд буюу авто замын дөрвөн уулзвар,  16 автобусны буудалд хийхээр төлөвлөсөн юм.

Төлөвлөгөөт ажлын ихэнхийг хийж гүйцэтгэжээ. Халтиргаанаас хамгаалах хучилт хийх  байршлыг сонгохдоо  Тээврийн цагдаагийн газар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын  саналыг харгалзан үздэг аж.  Энэ жилийн хувьд “Тод амгалан” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 5-наас эхлэн автобусны 16 буудал, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гранд плазагийн хойд уулзвар, Сансарын туннел  зэрэг дөрвөн уулзварт  халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна.

Ойрын өдрүүдэд Баянхошуу Жанцангийн уулзвар болон Гранд плазагийн авто замын  зүүн талын  уулзварт өнгөт хучилт хийснээр энэ жилийн ажил дуусна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Өвлийн улиралд авто замд элс, давс цацаж халтиргаанаас хамгаалдаг ч -20 хэмээс дээш хүйтэнд  элс давс нь цас, мөстэй барьцалдан  дагтаршиж, үр дүн муутай байдаг. Тиймээс энэхүү өнгөт керамик хучилт цэвэрхэн бөгөөд үр дүн сайтай хамгаалалт болдгийг мэргэжилтнүүд тодотгож байна.

Холбоотой мэдээ