АМГТГ: Замын-Үүд, Сүхбаатар боомтоор шатахуун буугаад, тээвэрлэлт хийж байна

2021-10-06 609 2

АМГТГ-аас шатахууны асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр шатахуун импортлогч компаниудын төлөөллүүд мөн мэдээлэл өглөө.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Шатахууны татан авалт хэвийн байгаа. Хомстол үүсээгүй тул иргэдийг тайван байхыг анхааруулж байна. Энгийн үед шатахуун түгээх станцууд 24 цагт 10 тонн шатахуун борлуулдаг бол хомстол үүсэх сураг, дараалал үүсүүт л 10 тонн шатахуун хагас өдрийн дотор дуусах зэрэг хүндрэл үүсэж байна. Замын-Үүд, Сүхбаатар боомтоор шатахуун буугаад, тээвэрлэлт хийж байна. Бид сүүлийн өдрүүдэд 30 цагт 50 вагон буулгаж байна. Учир нь БНХАУ-аас авчирсан шатахууныг шилжүүлэн ачдаг. Дараа нь ШТС-ууд руу машинаар тээвэрлэхэд цаг орж байна. Дахин хомстол үүсэхгүй. Өнөөдөр брент маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 80 ам.доллар байна. Сарын өмнө 60 ам.доллар байсан” гэв.

“Шунхлай” ШТС-ын Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран “Шатахуун импортлогч компаниудын нөөц хэвийн хэмжээнд байгаа. Тасрах хүртлээ тасарсан асуудал байхгүй. “Шунхлай” компанийн тухайд өчигдөр 31 шатахуун түгээх станцаараа АИ-92 шатахууныг хэвийн борлуулж байсан. Өчигдөр 16:00 цагаас хойш ачаалал нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан шатахуун түгээх станцуудын үлдэгдэл багассан. Оройны 20:00 цагт дөрвөн станц шатахуунгүй болсон байсан. Иргэд шөнө дугаарлаж, бензинээ авсан тул ихэнх ШТС-уудын шатахуун зарагдаж дууссан. Агуулахын нөөц хэвийн. Шатахуунаа станцууддаа түгээж байна. Шатахууны хомстол үүсэхгүй.  Үнийн тухайд АИ-92-ын үнийг нэмэх шийдвэр гараагүй байна. Бид алдагдал хүлээж байгаа нь үнэн. Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлөөр үнийг шийднэ. АИ-92-ын улсын долоон хоногийн, нийслэлийн тав хоногийн нөөцтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ