“НАР УГТСАН ӨГЛӨӨ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2021-08-25 555 1

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1921 онд их жанжин Д.Сүхбаатарын тэргүүлсэн залуучууд Нийслэл хүрээнд хуран цугларч, “Бошгыг халах Залуучуудын эвлэл”-ийг байгуулсан түүхтэй. Тус ойг тохиолдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Нар угтсан өглөө” арга хэмжээг Өглөөний гудамжинд зохион байгууллаа.

Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд болон үе үеийн ахмадуудын төлөөлөл, мөн залуусын төлөөлөл оролцсон юм. Залуучуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлэхээр “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн 116 салбарыг нийслэл, дүүрэгт төр, хувийн хэвшлийн байгууллагуудад байгуулж, олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн эрхэм залуучууд, залуучуудын байгууллагад өөрийн залуу насаа зориулсан хүндэт ахмадууд, их хотын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан хүн бүрд талархал илэрхийлье. Манай улсын нийт хүн амын 36 хувь нь залуучууд, тэдгээрийн 60 орчим хувь нь нийслэл хотдоо амьдарч байгаа нь Монгол Улс залуучуудын орон, нийслэл хот маань залуусын хот байхын тод илэрхийлэл юм. Бид төрийн бодлогоор залуучуудаа дэмжих олон талт цогц хөтөлбөр, зорилтуудыг дэвшүүлж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр, Нийслэлийн залуучууд дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна” гэсэн юм.

Хүүхэд, залуучуудын байгууллагад ажиллаж байсан ахмадуудын төлөөлөл Л.Цасчихэр “Өнөөдөр Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэ 100 жил бол монголчуудын бахархал, хамгийн оргил цэг болж байгаа. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 36 хувь нь залуучууд байгаа бол бидний ажиллаж байсан үед 76 хувь нь хүүхэд, залуучууд байсан. Үйлдвэржүүлсэн, хөдөө аж ахуйн, атар газрыг эзэмшсэн бүх хөдөлмөрийн баатрууд бидний үед байсан юм. Хүүхэд, залуучуудын байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагнуулахад хувь нэмрээ оруулсан хүмүүс бол ахмадууд” гэдгийг онцоллоо.

“Нар угтсан өглөө” арга хэмжээний үеэр үеийнхнээ манлайлж, үлгэр жишээ үзүүлж байгаа залуусыг “Тэргүүний залуу” алтан медалиар шагнасан юм.

Холбоотой мэдээ