БШУ-ны Сайд болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар МГТИС-д албан айлчлал хийлээ

2022-02-08 663 3

Боловсрол, шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхонд зочилж, албан уулзалт хийлээ. Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Германы Сэргээн босголт, зээлийн банкны (KfW) төлөөллүүд мөн оролцлоо.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Монголын ашигт малтмалын салбарт бий болоод буй өндөр мэргэшлийн инженерийн эрэлтийг нөхөхөд дөхөм болж ажилладаг. МГТИС нь Герман дахь түншлэгч дээд сургуулиудтай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаандаа тулгуурлан олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг Монголд нэвтрүүлж байгаа билээ. Мөн нэгэн зэрэг уг сургууль нь дадлагад чиглэсэн инженерийн сургалтаараа боловсролын салбар болон эдийн засгийг хооронд нь илүү холбох нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн зохион байгуулалтынхаа хувьд ч МГТИС нь Монголын дээд сургуулийн тогтолцоонд үлгэр жишээ болохуйц байж, удирдлагын бүтцээ орчин үеийн дээд сургуулийн менежментийн зарчимд нийцүүлэн, байгууллагын бие даасан байдлыг ханган ажилладаг.

Уулзалтын үеэр МГТИС-ийн Захирал Проф. Б.Батцэнгэл хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй тус сургуулийн өнгөрсөн болон өнөөгийн ололт амжилтын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр Дээд боловсролын тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МГТИС-ийн одоо байгаа төрийн өмчийн их сургуулийн статусыг хадгалах шаардлагатай талаар онцлон дурдлаа.

Сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Ё. Розенберг нар тус сургуулийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс Монголын аж үйлдвэртэй нягт хамтран ажиллаж, МГТИС-ийн судалгааны үзэл баримтлалыг боловсруулах, судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй их сургуулийн оюутны хотхоны өргөтгөл нь их сургуулийн академик түвшнийг дээшлүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх юм.

 

Холбоотой мэдээ