Хүүхдэд ээлгүй албатууд

2021-01-19 717 0

явдал юм. Энэ аятай жишиг цар тахлын хүнд энэ үед ч үргэлжилж байгаа. Засгийн газар үр хойчийнхоо хөгжил, хамгааллыг сайжруулахад гар татахгүй байна. Ерөнхий сайдад “Браво” гэж хэлээд алгаа ташмаар сайхан зүйл.

Мөн 2017 оноос эхлэн хараа хяналтгүй болон эрх нь ноцтой зөрчигдөж, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд онцгой анхаарах тогтолцоог бүрдүүлэхээр төрийн аппарат ажиллаж эхэлсэн байдаг. Энэ мөн л Засгийн газарт нуруугаа бөхийлгөн талархах учиртай үйл явдал. Эдгээрийн илрэл нь Багахангай дүүрэг дэх “Нарт хангай” болон “Үжин” төв юм. “Нарт хангай” бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй болсон хүүхдүүдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлдэг төв байсан билээ. Төр ирээдүйн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй үр дүнтэй, гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц бодитой ажил байсан юм.

Харамсалтай нь татвар төлөгчдийн өчнөөн сая төгрөгөөр засвар тохижилт хийж, нэлээд олон хүүхдийн очих гэр, оочих хаяг болж байсан “Нарт хангай”-н хэдхэн сар амьдрах настай байжээ. Тус төвийн үйл ажиллагааг төрийн аймар албатууд зогсоосон нь нэг шат ахисан хүүхэд хамгааллын үйл ажиллагааг 20 алхам ухраасан шийдвэр болсон юм.

Шилэн дансны мэдээллийг шүүхэд, “Нарт хангай”-г ашиглалтад оруулахад зөвхөн байрных нь засвар үйлчилгээнд 107.9 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс 2017 оны намар байшингийн засварт зориулан  “Эрсү” ХХК-д 69.9 сая төгрөгийг шилжүүлсэн бол үлдсэн 38 сая төгрөгийг 2018 оны хавар дээврийн засварт гэх зориулалтаар “Эм Би Эф” ХХК-ийн дансанд шилжүүлжээ.

Харин “Нарт хангай” төвийн доторх тавилга, эд хогшлын худалдан авалт, зарцуулалтын талаарх мэдээлэл шилэн дансанд тусгайлан бүртгэгдээгүй байна. Бидэнд өгсөн мэдээллээр тухайн үед ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, геологич мэргэжилтэй Ц.Алтанзаяа “Нарт хангай”-н доторх тохижилтын ажлыг зохион байгуулж удирдсан гэх.

Монгол Улсын төр 2018 оноос бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдээ урт хугацаанд нөхөн сэргээж, сэтгэцэд нь гарсан эмгэгийг илаарьшуулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах арга замыг иргэний нийгэмтэйгээ түншлэх замаар хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө үйл ажиллагаа явуулж буй “Үжин” төв. ГБХЗХГ-аас тус төвд 2018 онд 49 сая төгрөг, 2019 онд 43 сая төгрөгийн санхүүжилтийг тендэрээр олгосон бөгөөд 200 орчим хохирогч хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Харин өнгөрсөн онд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер цуцлагдсан нь шилэн дансанд бүртгэлтэй байна.

Эрх баригчид анхнаасаа судалгаа, шинжилгээтэй хүүхэд хамгааллын бодлогоо явуулсан бол “Нарт хангай” төв хаагдахгүй л байсан. Хүүхдүүд оргоод, хол учраас өвлийн улиралд замдаа хөлдөж эндэж магадгүй тул татан буулгахад хүрсэн гэх тайлбарыг төрийн аймар албатууд  хэлж, хөөрхий хүүхдүүд рүү хамаг буруугаа “чихсэн”. Уг нь Баяраа өөрөө л эхэлсэн юм билээ гэдэг шиг хүүхдүүд оргосон гэх тайлбарын цаад шалтгаан нь огт өөр л дөө. Тухайн үед “Нарт хангай”-н хүүхдүүдтэй ойр ажиллаж байсан багшийн хэлснээр ганц хоёр цаг PC тоглочхоод л буцаад ирэх гэж байсан юм билээ. Тэнэмэл хүүхдүүд ихэнхдээ PC тоглоомын газруудаар хоног төөрүүлдэг. Тэр хэрээр тоглоомонд донтох магадлал өндөр.

Гэтэл тийм эрсдэлтэй хүүхдийг тээр хол зурагт ч үгүй газар гэнэт цөлчихөөр ямар хариу үйлдэл үзүүлэх нь ойлгомжтой. Хүүхдийн байгууллагаас цалинждаг атлаа өөрсдөө гэртээ утсаа шагайж, зурагтаа үзэж, гэдсээ цатгаж суугаа дарга нар энэ бүхнийг ойлгохгүй.

Нэг өдөр ч болтугай ийм эрсдэлтэй хүүхдүүдтэй хамт хонож, сэтгэл зүрх рүү нь өнгийж үзээгүй. Тийм атлаа ганц, хоёрхон удаагийн асуудал гармагц анхны зорилгоосоо няцаж, хамгийн амраар нь төвийг татан буулгана гээд шийдчихсэн. Уг нь өмнөх ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх энэ төвийн үйл ажиллагааг зөв голдиролд нь оруулаад, цааш нь үргэлжлүүлэх гэж үйл тамаа цайтал үзсэн юм билээ. Даанч ганцаараа хүчрээгүй, зарим нэг нялхамсаг дуракуудын айдсаас болж “Нарт хангай”-г хаасан. Хамгийн гол нь үүнээс болж хүүхдүүдийн хувь заяа болон татвар төлөгчдийн хөлс, хүчээ урсган байж олсон хөрөнгө мөнгө зүгээр л салхинд хийсчихэж байгаад гомдолтой байгаа юм.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн ахалсан Засгийн газрын хамгийн их тордож, сэтгэл гаргаж, анхаарал тавьж хийх ёстой ажил нь хүүхэд хамгаалал. Ингэж ажиллах боломж санхүүгийн хувьд ч, хууль эрх зүйн орчны хувьд ч сайхан бүрдсэн. Гэвч энэ салбарыг сэмбийтэл нь аваад явчих чадал мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэнд биш гагцхүү сэтгэлтэй хүмүүст л байдаг бололтой. Сүүлийн үед энэ салбарт өрнөж буй үйл явдлууд ийм л дүгнэлт хийхэд хүргэж байна.

ХНХ-ын өмнөх сайдын үед дөнгөж хөл дээрээ өндийх гэж байсан хүүхэд хамгааллын салбарт төрийн албаны халаа сэлгээг хайр найргүй хийгдсэн. 2016-2020 онд ГБХЗХГ-ын дарга хоёр удаа, тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргаар зургаан хүн солигдлоо. Мөн Хүүхдийн тусламжийн 108 утасны төв, түүний дэргэдэх хамгаалах байрны дарга тус бүр хоёр удаа, “Нарт хангай”-н удирдлага хоёр удаа, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн дарга мөн хоёр удаа өөрчлөгдлөө. Томилгоо бүр дордсон уу гэхээс биш дээрдээгүй.

Одоо ч гэсэн төрийн албаны шалгалт өгөөгүй, мэргэжлийн бус геологич хүн ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжлийн асуудал эрхлэн ажиллаж сууна. Угтаа бүх аймаг, дүүргийнхээ удирдлагыг мэргэжил, арга зүйгээр хангах учиртай хүүхдийн газрын даргын орон тоо, албан тушаал ийм тогтворгүй, чадваргүй байхад, дээр нь бөгс улаймаар мэргэжлийн бус байхад Монголын үрс юунд итгэж маргаашийг угтах билээ.

Жилд 8-9 тэрбум төгрөг төсөвлөдөг хүүхэд хамгааллын салбарт хүүхдийн эндэгдэл, хүчирхийлэл буурсангүй. Хариу үйлчилгээ хэр зэрэг үр дүнтэй байгааг хэмжих хэмжүүр ч алга. Тэр их төсөвлөсөн мөнгө хаашаа хэний салаагаар юунд зарцуулагдаад байна вэ!

2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад гэр бүл, цэцэрлэг сургууль, эрүүл мэндийн байгууллага, цахим орчны аюулгүй байдлыг хангах ёстой. Эдгээр салбарын уялдаа холбоог хангах учиртай газар нь ХНХЯ-ны харьяа ГБХЗХГ, түүний орон нутаг дахь нэгжүүд. Бас харьяалалд нь байдаг тусгай үйлчилгээний болон хамтарч ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд. Энэ бүхнийг зангидаж, нэг ч гэсэн хүүхдийг хамгаалахын төлөө зүтгэх ёстой төрийн аппаратад албан тушаалын халаа сэлгээ, эрх мэдлийн төлөөх тэмцэл дунд, жалга дов тойрсон шийдвэрийн үр дүнд Монгол орны өнцөг булан бүрт хүүхэд эндсэн, эрүүл мэндээрээ хохирсон, балмад үйлдлийн золиос болохгүй яах юм бэ!

Ирээдүйдээ ээлгүй, хоноцын сэтгэлтэй, аймар албатыг хүүхэд хамгаалал, төрийн аппаратаас зайлуулах хангалттай үндэслэл байна.

Холбоотой мэдээ