Инженер болохоор шийдсэн ч, ямар чиглэлээр мэргэшин суралцахаа хараахан сонгоогүй байгаа хүүхэд залууст Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн зургаан цуврал анимэйшн киног хүргэж байна. Дондог инженер мэргэжилтэй хэрхэн танилцаж, мөн чанарыг нь ойлгож буйг энэхүү цувралаас үзэж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Цуврал 1 – Механик инженер гэж хэн бэ?
Механик инженерийн салбарыг “инженерчлэлийн хатан хаан” хэмээн өргөмжилдөг. Хүн төрөлхтөн чулуун зэвсэг, шавар аяга хийж эхэлснээр энэ салбар “ESTM” буюу Хүн ба Энергийг холбодог орон зайн гүүр нь болсон түүхтэй. Товчоор хэлбэл, энэ салбарыг “ESTM” буюу Хүн ба Энергийг орон зайгаар холбогч багажуудыг бүтээх үүрэгтэй гэж дүгнэж болно. Чухамдаа хүн төрөлхтөн аль балар эртний үеэс л чулуун зэвсэг, шавар аяга хийх зэргээр Механик инженерчлэлийг амьдрал ахуйдаа ашиглаж иржээ. Хүний нийгэм хөгжихийн хэрээр багаж хэрэгсэл нь нийгэм эдийн засгийн хувьслын чухал хүчин зүйл болсон. Түүхээс харахад хүн багаж хэрэгслийг зохион бүтээснээр сэтгэлгээ, хүний амьдрал, ертөнц асар ихээр өөрчлөгджээ. Эдгээр өөрчлөлтийг авчрахад механик инженерийн салбар чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоо ч, ирээдүйд ч хувьсгалт шинэ эринийг энэ салбар л тэргүүлсээр байх болно.
Цуврал 2 – Уул уурхайн боловсруулалтын инженер гэж хэн бэ?
“Уул уурхайн боловсруулах инженер”-ийн бакалаврын хөтөлбөр нь Уул уурхай, боловсруулах салбар болон холбогдох аж үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй гадаад мэргэжилтнүүдийг орлохуйц бүхий л ур чадварыг танд олгоно. Таны МГТИС-д эзэмшсэн мэдлэг ур чадварт үндэслэн Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. МГТИС-ийн ирээдүйн төгсөгч та анхдагч түүхий эдийн олборлолт, боловсруулалтын салбарт ажиллахын зэрэгцээ байгалийн нөөцийг тогтвортой ашиглах ур чадварт суралцана.
Уул уурхайн боловсруулах инженер хөтөлбөрийн бас нэгэн чухал хэсэг нь хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах үйл ажиллагаа юм. Ийнхүү хог хаягдлыг шууд булах, шатаах асуудлыг шийдвэрлэснээр эдийн засгийг эргэлтэд оруулж, дэмждэг сайн талтай.
Сургалтын явцад та түүхий эд, технологийн инженерчлэлийн мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшихийн зэрэгцээ машин, техник, технологийн хэлхээ холбоо, боловсруулалт, боловсруулах үйлдвэр зэрэг ил болон далд уурхайг төлөвлөх, хянах, удирдах боломжийг олгоно. Мөн байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй түүхий эд, боловсруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг судлах чадварыг эзэмшинэ.
Цуврал 3 – Хүрээлэн буй орчны инженер гэж хэн бэ?
Хэрэглээнд тулгуурласан Хүрээлэн буй орчны инженерийн бакалавр хөтөлбөр нь уг мэргэжлийн оюутнуудад ирээдүйн ажлын байрны шаардлагад нийцсэн Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Инженерийн чиглэлийн зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэг чадварыг олгодог. Хүрээлэн буй орчны инженерийн бусад инженерүүдээс ялгагдах шинж чанар нь аливааг зөвхөн техник талаас нь буюу нэг талаас хардаггүйд оршино. Хэдийгээр техникийн туршлага нь чухал боловч хүрээлэн буй орчны инженерүүд нь аливаа технологийг нэвтрүүлэхэд түүний хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг тооцож, олон талыг харсан нэгдсэн шийдлийг хөгжүүлдэг.
МГТИС-ийн Хүрээлэн буй орчны Инженерийн сургалтын хөтөлбөр нь өргөн цар хүрээг хамардаг. Тухайлбал, газар зүй ба хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежмент, үүнд ус, хөрс ба агаар (бохирдлыг хянах аливаа технологид онцгой ач холбогдол өгдөг), хатуу хог, хаягдал дахин боловсруулах менежмент, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх зэрэг болно.
Хүрээлэн буй орчны инженерүүд нь бид бүхний өмнө болон ирээдүйд тулгамдсан хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх цогц шийдлийг гаргах, хөгжүүлэхэд бэлтгэгддэг. Тус бакалаврын хөтөлбөрийг төгсөгчид нь ирээдүйн мэргэжлийн ажил болон эрдэм шинжилгээ, судалгаа хийх мэдлэг, чадварыг бүрэн эзэмшинэ. Төгсөгчид Монгол орны болон бусад аль ч орны хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх технологийн мэдлэгтэй болохоос гадна мөн техник-төвтэй аргуудын хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг үр дагавруудын талаар мэдлэг эзэмшинэ. Түүнчлэн шинжлэх ухаан, инженерийн салбарын өргөн мэдлэгтээ тулгуурлан мэргэжлийн инженерүүд, судлаачид, дадлага туршлагатай мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах түвшний мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой юм. Ингэж хамтран ажилласнаар салбарын хамтын ажиллагаа амжилтад хүрэх нөхцөл бүрдэнэ.
Цуврал 4 – Эдийн засагч инженер гэж хэн бэ?
Эдийн засагч инженерийг бэлтгэх бакалаврын хөтөлбөрийн зорилго нь хүн, материал, эрчим хүчийг бүтээлчээр нэгтгэн систем удирдах чадварыг оюутанд олгох зорилгоор инженер, эдийн засаг болон бизнес удирдлагын мэдлэг, ур чадвар, чадавхыг хөгжүүлэхэд оршино. Энэ хөтөлбөрт процессын инженерчлэл, үйл ажиллагаа буюу үйлдлийн судалгаа, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага, инженерчлэлийн дизайн, маркетинг, төслийн менежмент зэрэг сэдэв хамаарна. МГТИС-д энэ мэргэжлээр суралцахдаа Та инженерийн болон бизнесийн үндсэн үйл ажиллагааг явуулах ур чадварыг эзэмших болно. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Та Монголдоо болон олон улсад амжилттай ажиллахад бэлтгэгдэх боломжтой.
Цуврал 5 – Эрчим хүч, цахилгааны инженер гэж хэн бэ?
Эрчим хүч, цахилгааны инженерийн бакалавр хөтөлбөрөөр эрчим хүч, цахилгаан, автоматжуулалтын бүрэн мэдлэг, ахисан түвшний технологийг бүрэн эзэмшүүлэн, цахилгаан эрчим хүчийг хэмнэх, нөөцийг үнэлэх, төлөвлөх, зарцуулах, үйлдвэрлэлийн технологийн процессыг автоматжуулах, үйлдвэр дэд бүтцийг цахилгаанжуулах дадал чадварт суралцуулна.
Эрчим хүч, цахилгаан систем, цахилгаан автоматжуулалтын чиглэлээр гадаад ба дотоодын, төрийн ба хувийн хэвшлийн, эрдэм шинжилгээний ба үйлдвэрлэлийн аль ч салбарт хөрвөн ажиллах чадвартай цахилгааны инженер, эрчим зүйч, автоматжуулалтын инженерийн хосолсон мэргэжилтэн болж төгсөнө.
Дээд боловсролын суурь, цахилгаан, механик, эрчим хүч, автоматжуулалтын мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдээр дамжуулан олгогдох мэдлэг, чадвар, дадал нь эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй, эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй байдлыг хангасан ахисан түвшний эрчим хүч цахилгаан системийг ашиглах, зохион бүтээх, хөгжүүлэх, судалгаа явуулах, завсар үйлчилгээг гүйцэтгэх чадвартай болгоно.
Цуврал 6 – Мехатроник инженер гэж хэн бэ?
Өнөөдөр үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, эрчим хүчний хэрэглээг багасгах нь маш чухал асуудал болж байна. Энэ шаардлагыг хангахын тулд машин тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн дамжлага, үйлдвэрийг бүхэлд нь электрон удирдлага, хяналтын системтэй болгож, тэнд явагдаж буй бүх процессыг хүссэн газраасаа нарийн хянаж, автоматаар ажиллуулдаг боллоо.
Бидний өдөр тутам амьдрал ахуйдаа хэрэглэдэг автомашин, принтер, угаалгын автомат машин, талхны болон гоймонгийн машин, автомат шарагчууд, тоос сорогч робот, барилга байшингийн халаалт ба салхижуулалт зэрэг нь бүхэлдээ мехатроникын систем бөгөөд автоматаар программын дагуу ажиллаж байдаг. Үйлдвэрт CNC (программын удирдлагатай) машинууд эд анги зорж, хэвлэж, төрөл бүрийн роботууд эд зүйлсийг зөөж, будаж, гагнаж, савлах зэргээр хоногт 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Хоолны газар робот зөөгч хүнд үйлчилж, тун удахгүй зорчигч тээврийн үйлчилгээнд робот такси нэвтрэх гэж байна.
Компьютер, интернэт, гар утасгүйгээр бидний амьдрал төсөөлөгдөшгүй болсон бол робот, автоматжуулалтгүйгээр бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагдахгүй, хүргэлт ч хийхгүй болох тийм цаг үе ойрхон ирлээ. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгал хаяанд ирсэн энэ үед та бид бэлэн байх шаардлага тавигдаж байна.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн бакалавр хөтөлбөрийн Элсэлтийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2022-2023 оны хичээлийн жилд Механик инженер, Уул уурхайн боловсруулах инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер, Эрчим хүч, цахилгааны инженер, Мехатроник инженерийн бакалавр болон Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн (Нэг жил) элсэлт авч байна.
Элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлэх бол энд дарна уу.
https://www.gmit.edu.mn/registration.html
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/gmit.edu
Вэбсайт: www.gmit.edu.mn
Утас: 70232090, 70232086
1 сэтгэгдэлтэй
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!