-Т.Мөнхсайханаар туг тахиж болох уу, Д.Сарангэрэл сайд аа –
Ард түмний эрүүл мэнд эрх баригчдад, тэр тусмаа улс төрийн нэг ангийнханд хамаагүй бололтой. Эрх ашгийнхаа төлөө хэнээр ч туг тахиж, золионд гаргаж, бас хэн бишийг ч тохоон томилж чаддагийг харуулсан үйл явдал болж байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь яг үнэндээ эрх баригч намын урьдчилан бэлдсэн жүжгийн эхлэл байлаа. Эрх баригчдын энэ хар технологи цар тахлын өөдөөс нүцгэн гараараа үзэлцэж буй эрүүл мэндийн салбарынхан төдийгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа иргэд, айдаст автсан ард түмэнд төсөөлөөгүй цохилт боллоо.
Цар тахал дэгдсэнээс хойш эрүүл мэндийн салбарт өрнөсөн үйл явдлыг эндээс хоолоо олж иддэг, салбарынхаа төлөө мэдлэг, туршлагаа зориулж яваа ажилчдаас илүү мэдэх хэнбэгуай ч үгүй. Тэд Т.Мөнхсайханыг резидэнт эмч нарыг цалинтай болгосонд нь баярлаж, хавдраар зовсон иргэдийн хагалгааг үнэ төлбөргүй болгосон гэж талархаж байгаа. Ковид-19 гараад жил болж байхад ямар ч бэлтгэлгүй эмнэлгүүдийг молекулийн биологийн лабораторитой болгож, өдөр бүр эрсдэл дунд амьдардаг эмнэлгийн ажилтнуудыг эрүүл мэндийн даатгалтай болгосон, мэргэжлийн сайд хэмээн үнэлж байна.
Харин салбарын бус нэгний нүдээр харвал УИХ-ын танхимд “том ах” нартаа загнуулж, мяалуулсаар өнөөдрийг хүрсэн нь Т.Мөнхсайханыг сайдын суудлаас нь амархан буулгав. Мэргэшсэн, мэргэжлийн залуу боловсон хүчнийг ийн замыг нь зааж байгаа нь хэд хэдэн хардлага төрүүлэхээс гадна өмнөх сайдын ажлаа явуулж ирсэн зарчмын асуудлыг сөхөх үндэс боллоо.
Өөрөөр хэлбэл, Д.Сарангэрэл сайд эрүүл мэндийн салбарыг удирдаж байхдаа салбарынхандаа таалагдсан уу, иргэнд ээлтэй, далайцтай, үр бүтээлтэй ажил хийсэн үү, коронаг дотооддоо алдлаа гэхэд эрсдэлд бэлэн байх бэлтгэл базаасан уу гэдгийг асууж байгаа юм. Мөн Т.Мөнхсайхан гэх залуу боловсон хүчнээр өмнөх сайдын балагийг баллуурдаад, эцэст нь нясалчихлаа гэцгээж байгаа юм.
Д.Сарангэрэл хатагтай У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдаар ажиллаж байхдаа нэр хүндэд сэв суулгахгүйгээр, хамгийн цэвэрхэн, хамгийн өндөр рейтингтэй эрүүл мэндийн салбарыг удирдсан гэх магтаалд бялуурсан. Тийм ч учраас БОАЖ-ын сайд болж, “шагналын” албан тушаалдаа очсон. Гэтэл одоо өнөөх “мундаг” нэр хүндтэй сайд нарын бодлогоор коронаг илаарьшуулах их үйлс өрнөж буй эрүүл мэндийн салбар эзгүйрчихлээ. Мэргэжлийн сайд гэх гоёхон шошготой Т.Мөнхсайханыг балбаж, баалсаар энэ эгзэгтэй цаг үед эрүүл мэндийн салбарыг толгойгүй болгож, дараа дараагийн чадалтай залуусын нурууг нь авчихлаа.
Өнөөдрийн үйл явдлаас харвал нэгэнтээ манай улс төрд хариуцлагын салхи сэвэлзлээ гэцгээж байгаа бол хотын дарга Д.Сумъяабазар, эрүүл мэндийн салбарыг элгээр нь мөлхүүлээд буусан Д.Сарангэрэл нар хариуцлагаа хүлээх ёстой.
Тэд энэ үед уснаас хуурай гарчихаад, бялууны томыг тамшаалаад сууж болохгүй ээ. Тэд иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлсэн гэхээсээ илүүтэй хоосон сурталчилгаанд анхаарлаа хандуулж, бодит асуудлыг монголчуудаас нуусан нь улс төрийн нөхцөл байдлыг, эрүүл мэндийн салбарыг, цаашлаад коронагийн тархалтыг өндрөө авахад хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Тэд элдэв ганган гоё, сурталчилгаа, олонд таалагдах өнцгөөс л асуудалд хандсанаас иргэнд ээлтэй, чухал ач холбогдолтой, үр ашгийг нь олон хүн хүртэх бодит ажил хийж чадаагүйг өнгөрсөн хоёр сарын хугацаанд үргэлжилсэн хөл хорионы үеийн нөхцөл байдал харуулав. Гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж буй бодлого нь мэргэжлийн бус, эргэж буцсан, хүний эрхийн мэдрэмжгүй гээд тоочвол овоо урт жагсаалт хөвөрнө. Үнэндээ Д.Сарангэрэл хатагтайн Эрүүл мэндийн салбарыг сэхээнд оруулчихаад явсны горыг түүний дараагийн сайд амсаж, хэлмэгдлээ. Тэгэхээр “Улс төрийн хариуцлага” гэх хоршоо үг хэн бүхний амнаас унаж байгаа энэ үед олон арван аж ахуйн нэгжийн хаалгыг бариулчихаад таг чиг суугаа хотын дарга Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл нараас хариуцлага нэхье ээ.
0 cэтгэгдэлтэй