“Шилэн нам”-аар эхэлсэн долоо хоног “Шувуу” ажиллагаагаар шувтарч байна

2023-03-03 486 1

Өнгөрсөн долоон хоногт манай улс төрийн хүрээнд хэд хэдэн анхаарал татсан үйл явдал өрнөлөө. Дээрээ намтай, дэргэдээ гишүүнтэй, өвөртөө батлахтай хүн бүрийн анхаарлыг татсан асуудал хэлэлцэгдсэн нь намуудыг шилэн болгох байлаа.

Монголын улс төрийн орчинд өнөөдрийн байдлаар Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байна. Эдгээр намуудын тэргүүнд МАН, АН эрэмбэлэгдэнэ. Улс төрийн өнгөнд хураасан нэр нь тарни шиг уншигддаг МАН, АН-ын араас Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөний нам, ХҮН нам, Эх орончдын нэгдсэн нам, Ард түмнээ хайрлая нам, Үнэн ба зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гээд нэр нь хаа нэг, бүдэг бадагхан сонсогддог намыг нэрлэж болно.

Намынх нь нэр бүү хэл, эзэн холбогдогчийг нь ч сонсож байгаагүй, гишүүнчлэл, туг далбаа, үзэл баримтлал, санхүүжилт зэрэг нь хаанаас, хэнээс эх улбаатайг нь гарцаагүй тодруулмаар намууд ч байна.

Монголын хүний төлөө нам, Монголын либерал ардчилсан нам, Эх орон нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Ард түмний нам, Монгол Үндэсний ардчилсан нам, Монгол консерватив нам,  Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний олонхийн засаглал нам, Их эв нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Монгол шинэчлэлт нам, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Зүй Ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Иргэдийн Оролцооны Нэгдэл нам жагсаалтыг удаална.

Гэхдээ энэ олон намууд “Санхүүжилт шилэн үү,  дотоод ардчилалтай юү, засаглалаа сайжруулахын тулд ажилладаг уу, гишүүдэдээ нээлттэй байж чадах уу” гэх наад захын цөөн хэдэн асуултад л нийтээрээ шахуу бүдэрнэ. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг олон намын тогтолцоо нь манай улс төрийн орчинд яг цав таарахгүй байна гэчихвэл нэг их буруудахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, намуудын санаачилга, мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал нь тодорхой биш, бүлэглэлээс халихгүй байгаа тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “ШИЛЭН НАМ”-ыг бэхжүүлье хэмээн дуугарсан нь нүдээ олсон “шүгэл” боллоо.

Монгол дахь намуудын нийтлэг дүр байдал бол дэнчингийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, гишүүдээсээ татвар авах, төрөөс дэмжлэг авах, бизнесменүүдээс хандив авах замаар намын санхүүжилтээ босгодог гажуудал нэгэнт тогтчихсон. Гэтэл энэ нь эргээд нам нь хандив өгсөн гишүүн, төр, бизнесмэнд өр төлөх барьцаанд оруулчихдаг. Ингээд л эх захгүй авлига, эрх ашиг, албан тушаалын бялуу хуваах наймаа эхэлдэг. Яг үүнийг Ерөнхий сайд “ШИЛ” ажиллагааны хүрээнд тов тодорхой онцолж, шүүрдэхээ хэлнэ билээ. Тэрбээр  “Уул уурхай, нүүрс, зэс дагасан хулгайг ил болгоно. Төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэнэ. Улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудлыг үгүй хийнэ. Мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчилнө” гэсэн.

Энэ төрлийн амлалт, элдэв тэмцлийг өмнөх Засгийн газрын тэргүүнүүдээс эхлээд парламентынхаа төвшинд ярьдаг байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шиг шуурхайлж, тухайлж анхаарсан нь үгүй.

Өнөөдрөөс намын гажуудлаас үүдэлтэй авлига,албан тушаалаа урвуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн дүрвэгчдийг эх оронд нь авчрах “ШУВУУ” ажиллагаа эрчимжлээ.

Энэ хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдүүдийг зарлан чихдэж авчирна. Өөрөөр хэлбэл, гадаад оронд “Намайг барьж чадахгүй дээ” хэмээн тарвалзаж суугаа хулгайчдыг нам харгалзахгүйгээр барьж авчирна гэж байгаа юм.

Эхний байдлаар нүүрсний хэргийн гол дүр гэгддэг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Н.Удаанжаргал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг,  УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч асан С.Төмөрбат, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Энэбиш нарын бүгэгчийг чихдэж авчрах шувуу нисэв ээ. Юутай ч Монгол Улсын Ерөнхий сайдын автораар овоглогдох “ШҮГЭЛ”, “ШҮҮР”, “ШИЛ”, “ШУВУУ” ажиллагаа гэрлийн хурдаар эрчимжиж байна. Одоо “ШИЛЖҮҮЛЭН АВАХ” ажиллагаа эхэлчихвэл “ТАВАН Ш” бүрдэнэ.

Манай нийгмийн давхарга бүрд дагтаршиж, дошсон авлигыг үндэс хөрсөөр нь хуулах, энэхүү системийн өөрчлөлт үр дүнгээ өгвөл монголчууд гавьяаг нь хүртэх нь гарцаагүй.

Холбоотой мэдээ