Р.ОТГОНЖАРГАЛ : Монгол Улсаас анх удаа БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авлаа

2023-03-20 335 1
Монголын Гаалийн Ерөнхий газарт “Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага ILAC-н гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS -аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 6 жилийн хугацаатай итгэмжиллээ.
ГЕГ-ын төв лабораторийг итгэмлэн баталсан тухайгаа БНХАУ-аас өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээллийг түгээж, Монгол Улс албан ёсоор нэгдсэнийг зарласан байна. БНХАУ-аас МГЕГ-т өнөөдөр буюу 03 дугаар сарын 20-ны өдөр албан ёсны итгэмжлэл, гэрчилгээ, тамга, тэмдгийг гардуулан өглөө.
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал энэ үеэр “Гаалийн төв лаборатори нь Монгол Улсаас анх удаа БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авлаа. Энэ бол онцгой үйл явдал.  Бид цаашид олон бараа, бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр БНХАУ-ын итгэмжлэлийн хүрээг өргөтгөх, салбар лабораториудыг үндэсний болон олон улсын итгэмжлэлд хамруулах их ажлыг үргэлжлүүлнэ. Иймээс Гаалийн төв болон салбар лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улсын итгэмжлэлд хамруулах их ажилд олон улсын зөвлөх үйлчилгээний төслийн баг гаалийн байгууллагатай хамтран ажиллана гэдэгт итгэлттэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ